ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын сонгуулийг зургаадугаар сарын 26-нд товлоно

O.Admin
2023-12-21

УИХ-ын ээлжит сонгуулийг тов, тойрог мандатын хуваарилалтыг сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-нээс өмнө тогтоох хуулийн заалттай. Тэгвэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив.

Сонгуулийн санал хураалтыг гадаадад байгаа иргэдээс зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд буюу пүрэв гарагт эхлээд даваа гарагт хуульд заасны дагуу дөрвөн өдөр үргэжлээд дуусахаар, УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 26-ны өдөр байхаар төсөл боловсруулжээ. Зургаадугаар сарын 26 буюу лхагва гараг гэж тооцсоны учир нь баасан гарагт сонгуулийн санал авахаар бүх нийтийн амралтын өдөр болговол сонгуулийн санал өгөх өдрийг аялал зугаалгын өдөр болгох вий гэж болгоомжилсных хэмээн СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран тайлбарлажээ. 

Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог мандат хуваарилах төслийг хэлэлцэн дэмжив. УИХ-ын сонгуулийг орон нутагт бүсчилсэн долоо, нийслэл Улаанбаатарт зургаа, нийт 13 тойргоор явуулахаар төсөлд тусгасан байна.

Үүнд:

  • Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
  • Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
  • Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
  • Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
  • Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
  • Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
  • Баянгол дүүрэг 9-р тойрог;
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
  • Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
  • Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
  • Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог байхаар тооцсон байна.

Тогтоолын төслүүдийг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.