ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СУРВАЛЖИЛГА: Түүхэнд байгаагүй том төсвөөрөө өмнөговьчууд юу хийхээр төлөвлөв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-12-06

Монгол Улсын эдийн засгийн гол ноён нурууг авч явж, ачааны хүндээс үүрэлцэхээс гадна улсын төсөвт орлого төвлөрүүлдэг гуравхан аймгийн нэг болох Өмнөговь аймагт өнгөрөгч долоо хоногт томилолтоор ажиллаад ирэв. Учир нь, өмнөговьчууд энэ өдрүүдэд аймгийнхаа төсвийг хэлэлцсэн бөгөөд түүхэндээ анх удаа их наяд давсан төсөв хэлэлцэж буй учраас олны нүд чих говийг чиглээд байлаа.

Сонгуулийн жилийн хөөсрөл байв уу, юуны учир энэ их мөнгийг тэд босгохоор хэлэлцэв гэх мэтээр шуугиж байсан хэрэг. Арга ч үгүй. Хэдхэн жилийн өмнө Монгол Улсын төсөв л 1-2 их наядад эргэлдэж байтал нэг аймаг энэ өдрүүдэд, цар тахлын дараахан их наяд давсан төсөв хэлэлцээд сууна гэхээр эдийн засгийн шоконд орж, туйлдаж байсан улс оронд тунчиг сонин содон мэдээ байх нь дамжиггүй билээ.

Тэгвэл шинэчлэн батлагдсан Татварын тухай хуулиар аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд тухайн аймагтаа ААНОАТ-ын 40 хувиа, суманд харин ХХОАТ-аа төлдөг болсноор төсөв нь өссөн үзүүлэлттэй гарчээ. Тиймээс нийт газар нутгийнхаа найман хувьд ашиглалтын томоохон лиценз эзэмшүүлж буй аймаг 2024 онд 1.5 их наядын орлого бүрдүүлж чадна хэмээн итгэл бардам мэдэгдсэн хэрэг л дээ. Тэрхүү орлогоосоо өмнөговьчууд Монгол Улсын төсөвт 720 тэрбумыг өгөөд, үлдсэнээр нь аймгаа хөгжүүлэх буюу Р.Сэддорж даргатай баг хамт олны “Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн, дуусгахаар төлөвлөжээ. Өнгөрөгч онд тэд 940 тэрбумаар төсвөө баталж байв.   

Тухайлбал, 2024 оны аймгийн батлагдсан төсвөөр

-Сургууль, дотуур байрны “Үдийн цай” хөтөлбөрт нэг хүүхдэд 3475 төгрөгөөр тооцож санхүүжилт тавьж байсныг нэмэгдүүлэн 6950 төгрөг болгосон. “Үдийн цай” хөтөлбөрийг 1-6 ангид хэрэгжүүлэхээр 2.3 тэрбумыг зарцуулах

-Цэцэрлэгийн хүүхдийн хоолны төсвийг 2475-аас 3715 төгрөг болгож нэмжээ. -Ирэх онд шинээр 6000 гаруй ажлын байр нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулах

-Өрхийн жижиг үйлдвэрлэлийг 12 суманд эхлүүлэх, “Буянт” зусланг бүрэн шинэчлэх

-Туул голын хөвөөнд 8.5 тэрбумаар баригдаж буй Өмнөговь аймгийн оюутнуудын “Оюутны байр”-ыг бүрэн дуусгах

-“Нутгийн дэм” хөтөлбөрт 6000 гаруй төрийн албан хаагчийг хамруулж, цалин нэмэхээс гадна 400-600 мянган төгрөгийн урамшуулал олгох

-“Бэлчээр, усжуулалт” аяныг үргэлжүүлэх

-Дутуу шаталтад зуухыг гэр хороололд нэвтрүүлэх, Дулааны станцын шинэчлэл, өргөтгөлийг дуусгах

-Аялал жуулчлалын болон уул уурхайн томоохон замуудыг дуусгах. Тэр тусмаа сумдыг холбосон замуудын ажлыг эхлүүлэх

-Өмнөговь аймгийн 1600-1700 оюутан суралцаж буйгаас 450 нь тэтгэлгээр сурдаг. Тэрхүү тоог нэмэгдүүлэх, тэтгэлгийг үргэлжлүүлэн олгох

-Төрийн албан хаагчийн 160 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлээд явах гэх мэтээр хөгжлийн томоохон ажлууд хийх юм. Үүнээс гадна нийгмийн халамж, үйлчилгээ, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх чиглэлд ямар, ямар ажлууд хийхээр болсон талаарх аймгийн ИТХ-ын төлөөлөгч болон албан тушаалтнуудын байр суурийг уншигч танд хүргэе.

Н.Хүрлээ: 10 тэрбумаар сумаа хөгжүүлэхээр төсөв батлуулж чадлаа

/Өмнөговь аймгийн Булган сумын Аймгийн ИТХ-ын төлөөлөгч/

-Сумаа төлөөлж, аймгийн ИТХ-д 2016 оноос хойш сууж байна. Аймгийн ИТХ-д суух хугацаандаа чамгүй олон ажлыг хийж хэрэгжүүлжээ. Өнөө жил аймаг маань нэлээд өндөр төсөв баталж байна. 2024 оны төсөв батлагдахтай зэрэгцээд сумандаа 10 гаруй тэрбумын төсөв батлуулж чадсан. Тухайлбал, Булган-Мандал-Овоо-Өвөрхангай гэсэн хөндлөн чиглэлийн замыг барих төсвөө батлуулж авлаа. Дан ганц манай сум ч бус аймаг, улсын хөгжилд хэрэгтэй зам юм.

Тус замын эхлэл болгож сумаасаа 10 км-ыг нь эхлүүлэхээр зураг төсвөө батлуулсан байсныг өнөө жил төсвийг нь 100 хувь баталлаа.  2.8 км засмал замыг сумын төв дотроо тавихаар төсвөө шийдүүлсэн.

Манайх чинь аялал жуулчлал ихтэй, гадна дотны зочид олонтай сум учраас өнгө үзэмжээ тордохгүй бол болохгүй. Дулааны шугам сүлжээ буюу доголдолтой зуухнуудаа шинэчлэх ажилд 3.6 тэрбумыг суулгуулж чадлаа. 2023 оны төсвийн тодотголд үйлчилгээний нэг цэгийн төв байгуулах ажилд 600 сая тавиулсан байсан ч зураг төсөв алдаатай гээд буцаагдсан.

Түүнийгээ 2024 оны төсөвт 860 сая төгрөг байхаар тусгууллаа. “Баянзагийн менежментийн хөгжил” гэх төлөвлөгөөг аймгийнхаа Аялал жуулчлалын газартай хамтран боловсруулж, сумынхаа нутаг дэвсгэрт байгаа аялал жуулчлалын кэмпүүдийг цахилгаантай болгох ажлыг хийсэн. Цаашдаа стандартыг яг таг мөрдөх, модон жорлонг халах гэх мэтээр ажлууд хийгдээд явах байх аа.

Б.Эрдэнэцэцэг: Тэрбум төгрөгийг хүүхэд хамгаалалд зарцуулна

/Өмнөговь аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дарга/

-Өмнөговь аймаг 2024 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарлалаа. Хүүхэд хамгааллын асуудал ямар байгааг энэ онд судалж үзээд, ирэх онд илүү чамбай болгохоор шийдэж, зорилтод жил болгож байгаа юм. Таван асуудлын хүрээнд бодлого явна. Тэр тусмаа уул уурхайд ажиллаж байгаа иргэдийн хүүхдүүдийг хамгаалах, тэдэнд анхаарал хандуулах чиглэлд илүү ажиллах юм. Уул уурхайн нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөөний хамгийн том хохирогч нь хүүхэд болж буй учраас энэ чиглэлд ажил хийхээр багагүй төсөв тавилаа. Үе тэнгийн дээрэлхэлтийг багасгахын тулд мөн ажил хийнэ.

Тэрбум төгрөг төсөвлөчихлөө шүү дээ гэж яриад байгаа юм. Гэхдээ энэ мөнгөний ихэнх нь сум бүхэнд ажиллах хүүхэд хамгааллын ажилтны цалин хангамжид зарцуулагдах юм. Мал хариуцсан ажилтан 4-5-аараа байгаа атлаа гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан нэг ч хүн байхгүй байгааг өөрчилье гэж төсөвт тусгасан хэрэг.

Хүүхдийн “Буянт” зуслан, кино театр буюу улсын төсөвт үйлдвэрийн газартай болж, тэд маань төрөөс цалинжаад явж байна. Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дэргэд Түр хамгаалах байр мөн ажилладаг. 2023 онд гэхэд 17 насанд хүрэгч, 92 хүүхэд, цаашлаад давхардсан тоогоор 2500 гаруй хүнд үйлчилгээ үзүүлжээ. Нэг өдөрт 10-15 хүн үйлчилгээ авдаг гэсэн үг. Ихэвчлэн гаднаас ирж суурьшсан иргэд манайд ирж үйлчилгээ авдаг юм. Тэрбум төгрөгийн ихэнх нь ажилчдын цалин хангамжид зарцуулагдах нь ээ. Дорноговь аймагт гарсан харамсалтай хэргээс үүдэн манай аймаг бүх камертаа хяналт, үнэлгээ хийлгэлээ. Ашиглагдахгүй камерын тоогоо гаргаад, тэрбумаас гадна зөвхөн камерын төсвөө нэмж батлахаар шийдвэрлэсэн байгаа. Дан ганц хүүхэд хамгаалал ч бус сургууль, цэцэрлэг, камержуулалтг үдийн цай гэх мэтээр яг хүүхдэд чиглэсэн ажлуудад аймаг 106 тэрбум төгрөг төсөвлөжээ.

С.Идэрсүрэн: Орон нутгийн хөгжлийн санд 1.7 тэрбум төгрөг нэмэгдэж орж ирсэн

/Өмнөговь аймгийн Номгон сумын Засаг дарга/

-Манайх хилийн бүсийн сум. Өнгөрсөн хугацаанд иргэд рүүгээ чиглэсэн цөөнгүй ажил хийсний нэг нь дулааны станц, цэвэр, бохир усны шугамын ажил, нийгмийн үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн төв, төрийн байгууллага, орон сууцны барилгууд ашиглалтад оруулсан явдал. Энэ удаа харин сумын өнгө үзэмж, иргэд олон нийтийн амьдрах орчныг сайжруулахаас гадна хөдөө аж ахуйг дэмжих чиглэлд 10 орчим тэрбум төгрөгийн ажлыг орууллаа.

Манайх уул уурхайгүй цөөхөн сумдын нэг. Орон нутгийн хөгжлийн санд 1.7 тэрбум төгрөг нэмэгдэж орж ирлээ. Төсвийн хууль шинэчлэгдсэнээр орон нутгийн хөгжилд зарцуулах төсөв хөрөнгө нэмэгдэж буйд баяртай байгаа. Орон нутагт уул уурхай явагдсанаар бэлчээрийн хомсдол, цөлжилт, гүний усны хомсдол үүссэн гэх мэт бэрхшээл бий. Тэгвэл хуулийг дүйцүүлэх хэлбэрээр буюу уул уурхайн орлогын тодорхой хувь нь эргээд орон нутагтаа үлдэж буйд баяртай байгаа юм.

Манайх Орог гашууны бор толгой, Сангийн далай хийд, Монголын 33 говийн нэг Борзонгийн говь гээд онгон дагшин байгальтай үзэсгэлэнт сум шүү дээ. Тиймээс аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр маш олон ажил хийлээ. Өнөө жил гэхэд хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих, Хилийн цэрэгтэй хамтран тогтсон маршрут бий болгохоор ярьж байна. Өнөө жил манайх өвөлжилт тун боломжийн, өвсний гарц дажгүй сайн байна.

Ж.Занабазар: Бидэнд маш том хариуцлага ирж байна

/Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч/

-Өмнөговь аймаг өнөө жил 1.5 их наядын төсөв түүхэндээ анх удаа баталлаа. Нэг талдаа сайн мэдээ хэдий ч нөгөө талдаа том хариуцлага ирж байгаа юм. Талыг нь буюу 720 тэрбумыг улс татна. Үлдэгдэл төсвөөрөө “Нутгийн хишиг” хөтөлбөрөө үргэлжлүүлж, бүтээн байгуулалтын ажил хийхээр төсөвлөлөө. Тухайлбал, “Нутгийн зам” хөтөлбөрийн хүрээнд баруун сумдууд, уул уурхайн буюу улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх замын ажлуудыг хийхээр төсөвт суулгаж өгсөн.

Хархорин-Даланзадгад, Даланзадгад-Булган-Мандал-Овоо гээд Өвөрхангайтай холбогдох зам эхэлж байна. “Нутгийн дэм” буюу төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг өнөө жил 6000 гаруй албан хаагчдад өгөхөөр тусгасан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь нь орон нутагт буцаж төвлөрдөг болсноор өнөө жил том төсөв батлаад байгаа юм. Миний хувьд Ханбогд сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч.

Манайх гэхэд 200 гаруй тэрбум төгрөг баталдаг. Үүний дийлэнх нь Үл хөдлөх, ХХОАТ-ууд сум руу ордог болсон. Энэ бол хөлс хүч, хөдөлмөрөө гарган ажиллаж буй хүмүүсийн төрд өгч буй орлого. Уул уурхайгаас орж буй татвараа эргээд ард түмэндээ, нийгмийн бүх салбарт тэгш хүртээхээр хэлэлцэж баталлаа.

Х.Отгонмөнх: Байгаль орчныг хамгаалах чиглэлд 18 тэрбумыг төсөвлөсөн

/Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга/

-Уул уурхайгаас орж буй усны төлбөр нэлээд өндөр орж ирдэг. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тодорхой хэсгийг эргээд байгаль орчныг нөхөн сэргээхэд зарцуулах ёстой шүү дээ. Усны төлбөр өнөө жил гэхэд 20 орчим тэрбум байлаа. 35-аас дээш хувийг нь нөхөн сэргээхэд зарцуулахаар төсөвлөлөө. Түүнчлэн, 15 сум маань нийтийн цэвэр усны сантай болсон. Мөн бүх сургууль, цэцэрлэгүүд нүхэн жорлонгоо халж боловсон нойлтой болжээ.

Байгаль орчныг хамгаалах чиглэлд 18 тэрбумыг төсөвлөлөө. Ер нь уснаас орж ирсэн мөнгийг буцаагаад усаа хамгаалах, гүний усны гарцыг нэмэх гэх мэтээр эргээд усандаа зарцуулж байна. Манай аймгийн 33 хувь нь Улсын тусгай хамгаалалтад, 35 хувь нь Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Тэр чигтээ уул уурхай гэж ойлгодог ч 70 гаруй хувь нь хамгаалалтад байдаг гэдгийг ард иргэдэд ойлгуулах нь зөв байх. Ашиглалтын лиценз найман хувийг л эзэлдэг.

Цагаан дэл, Тавансухайтын хөндий, Түшийн тойром, Загийн тойром орчмын газруудыг улсын тусгай хамгаалалтын нөөцөд бүртгүүлэхээр аймгийн ИТХ-аас шийдвэр гаргаад, Засгийн газарт хүргүүлсэн. Энэ өвлийн УИХ-ын чуулганаар орох байх аа. Тусгай хамгаалалттай газруудаа аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх ажил ирэх онд ч хэрэгжээд явна. Өнөө жил 30 орчим мянган жуулчин ирсний 17 мянган жуулчин нь гадаадаас ирлээ.

Дийлэнх олонхи нь солонгосчууд байсан. Мөн аялал жуулчлын том замуудыг барьж эхэлсэн. Зорьж очих цэгүүдийг тохижуулж байгаа. Баянзагт гэхэд гурван жилийн өмнөөс тэрбум гаруй төгрөгийн ажил хийгдээд, нутгийн иргэд тухайн газар нутгаа хариуцаад ашиг олж, хамгаалаад явах замаар ажлаа явуулж байна. Өнгөрсөн жил Хонгорын элсийг тохижуулсан бол ирэх жил Ёлын ам, Хэрмэн цав, Дэмчигийн хийд гээд цэгүүдээ тохижуулах ажилдаа төсөв тусгасан. Мөн 70 гаруй сая мод тарихаар Ерөнхийлөгчтэй гэрээ байгуулж, энэ чиглэлд төсвөө суулгасан. 2025 он хүртэл тарьц суулгац бэлтгэх, бааз суурийг нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргаад Цогтцэций суманд ойн анги, мод үржүүлгийн газар байгуулагдлаа.

Мөн хуучин Даланзадгад суманд байсныг сэргээхээс гадна Сэрвэй суманд ойн анги байгуулах шийдвэрийг 2022 онд гаргасан. Шинээр байгуулсан хоёр ойн ангид Оюутолгой компани гурван жилийн хугацаанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулсан. “Эрдэнэс Тавантолгой”, Оюутолгой компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд цөлжилт ихтэй аймаг, сумдад бүсчилж мод тарих ажлыг эхлүүлээд явж байна.

Гурван жилийн хугацаанд бид 940 орчим мянган мод тарьсан. Саяхан Япон улсад болсон томоохон аялал жуулчлалын арга хэмжээнд манай сумын 15 жуулчны кэмпийн удирдлагууд оролцоод ирлээ. Тэгэхэд “Вивант” киноны зураг авалт хийгдсэн газар гээд их сонирхож байна билээ. Ирэх онд тэгэхээр япон жуулчид цөөнгүй ирэх болов уу гэсэн хүлээлт байгаа юм. Манай орон нутгийн жуулчны баазууд өнгөрсөн жил таван жилд олоогүй орлогоо олсон сайн мэдээтэй байна.

Б.Чинбат: Нийт газар нутгийнхаа 90 гаруй хувийг 4G сүлжээнд бүрэн холболоо

/Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч/

-Өргөн уудам газар нутагтай учраас бидэнд мэдээлэл харилцаа холбоо хамгийн чухал байгаа. Өнөө жил бид “Юнител” групптэй хамтраад нийт газар нутгийнхаа 90 гаруй хувийг 4G сүлжээнд бүрэн холболоо. Ингэснээр малчид маань байгалийн цас зуд, гамшигт үзэгдлийн тухай мэдээллийн сошиал орчноос бүрэн авахаас гадна алдуул малынхаа зарыг тавьчихдаг, алдсан малынхаа сургийг гаргачихдаг боллоо.

Мэдээлэл харилцааны чиглэлээр манай аймаг жил бүхэн хоёр тэрбум төгрөг төсөвлөдөг. Ингэснээр хатуу дэд бүтэц буюу үүрэн утасны сүлжээнээс гадна мэдээлэл тараах суурин сүлжээг бий болгох ажлыг үе шаттай хийгээд явж байна. Өргөн уудам энэ газар нутагт торлосон сүлжээ бий болгох нь давуу тал олонтай.

Өндөр хурдны шилэн кабелаар 14 сумдыг бүрэн холболоо. Гурвалсан IPTV сүлжээг долоон суманд холбосноор иргэд маань өндөр хурдны интернэт хэрэглэхээс гадна, олон сувгаар мэдээлэл авах боломж бүрджээ. Ирэх онд зөөлөн дэд бүтэц буюу программ хангамж хөгжүүлэх, төрийн болон бизнесийн бусад үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлд ажил хийхээр төсвөө батлуулсан.

“E-mongolia”-г гэхэд малчид гэрээсээ авдаг байх боломжийг бүрдүүлэх үүднээс, төслийн багийнхан манай аймагт мөн ажиллаад буцлаа. Манай аймаг Монголд анх удаа өөрийн хөрөнгөөр мэдээллийн дата төв байгуулна. Инноваци, старт-ап чиглэлийн буюу орон нутгийнхаа уул уурхай, бусад байгууллагын датаг хадгалдаг, цаашлаад их өгөгдөл дээр анализ хийхээр 1.9 тэрбумаар барилгаа барихаар төсвөө батлуулсан. Манай аймгийн тухайд 2000 оноос аймгаа бүрэн камержуулсан. 100 гаруй камер байгаа бөгөөд ирэх онд нэмж 200 гаруйг нэмж байршуулна. Үүнд 1.7 тэрбум төсөвлөсөн. Хамгийн сүүлийн үеийн буюу хөдөлгөөн, царай таньдаг, хиймэл оюун ухаан дээр тулгуурласан камерын системийг бий болгох юм. Мөн дата төв дээрээ шуурхай удирдлагын төв ажиллуулснаар дан ганц манай аймаг ч бус говийн бүсийн аймгуудын онцгой, цагдаа, эмнэлгүүд нэгдэж нэгдсэн дуудлагын төвтэй болох нь ээ. Аюулын дохио дамжуулах систем бий болгохоор төлөвлөж, эхний ажлыг ирэх онд эхэлнэ.