ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Байгалмаа: БНХАУ-аас ирсэн бол эрүүл мэндийн байгууллагад хандаарай

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-11-28

ХӨСҮТ-өөс БНХАУ-д амьсгалын замын халдвар нэмэгдэж байгаа болон  дотоодод хатгалгааны кластер өвчлөл хүүхдүүдийн дунд бүртгэгдсэн талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа:-БНХАУ-ын эрүүл мэндийн төв байгууллагаас арваннэгдүгээр сарын 13-нд манай улсын хойд хэсэг буюу Бээжин, Манжуур зэрэг хотод уушгины хатгалгаа хүүхдүүдийн дунд нэмэгдэж байна гэх мэдээллийг дэлхий нийтэд түгээсэн. Түүний дараа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэмэлт тодруулгуудыг хүргүүлсэн.

Тухайлбал, БНХАУ-д уушгины хатгалгаа хүүхдүүдийн дунд нэмэгдсэн. Мөн улирлын чанартай ханиад томуу байгааг сануулсан. БНХАУ цар тахлын хоригоо өнгөрсөн хавар цуцалсан. Үүнтэй холбоотой амьсгалын замын бусад халдварууд нэмэгдсэн. Энэ нь шинэ зүйл биш. Амьсгалын замын дээд хэлбэрээр явагддаг. Тав хүртэлх хүүхдэд хүндрэл үүсэх эрсдэлтэй. Том хүмүүст хөнгөн хэлбэрээр илэрдэг. Тэгэхээр хүн ам олноор байдаг газар дэгдэлт хэлбэрээр тархдаг байна. Манай судалгаагаар дунд эрсдэлтэй гэж бүртгэгдсэн. Цаашид ч бас бид хянаад явна. Мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмж, зөвлөгөөг дагаад явах юм.

Микоплазм шалтгаант уушгины хатгааг PCR шинжилгээгээр оношилдог. Монгол Улсын хувьд PCR шинжилгээний хувьд улсын хэмжээнд сайжирсан тул оношилгооны хувьд чадавхтай. Шинж тэмдэг нь бусад амьсгалын замын уушгины хатгааны үед илэрлэдэг ханиалгах, халуурах болон хүүхдүүдэд чихний үрэвслийн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад заавал хандаж, оношилгоо хийлгэхийг зөвлөж байна. Иймд хилээр зорчих асуудал нээлттэй. Бусад оронд зорчих шаардлагатай бол уушгины хатгалгаатай битгий яваарай. БНХАУ-аас ирсэн бол эрүүл мэндийн байгууллагад хандаарай. Томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор гараа савандаж угаах, ам, хамраа зайлах, амны хаалт зүүх, зай барих зэргээр хамгаалаарай.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Бурмаа:-Томуугийн улирал ид явагдаж байна. Томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Өвчлөл Улаанбаатар хотод 5.8 хувьтай байна. Орон нутагт 5.2 хувьтай байгаа юм. Үүнээс харвал, өмнөх долоо хоногтой харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 10 мянган хүн тутамд 36 хүн томуу төст өвчтэй. Улаанбаатарт 31 хүн бүртгэгдэж байна. Түргэн тусламжийн дуудлага нэмэгдсэн бөгөөд 40 хувийг эзэлж байгаа. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэд 23 хувийг эзэлж байна. 0-15 насныхан томуу төст өвчнөөр өвчилж байна. Тэр дундаа дөрөв хүртэлх насны хүүхэд 60 хувийг эзэлж байгаа юм. Томуу төст өвчний тархалтыг тандалт судалгаагаар харахад нэмэгдэх хандлагатай. Иймд дархлаажуулалтыг хийж байгаа.Бага насныхан болон ахмад, зорилтод бүлгийнхэнд хамруулсан. Вакцинжуулалт 83 хувьтай байна. Вакцинжуулалтад хамрагдсан ч дархлаагаа сайжруулах, гараа сайтар угаах, амны хаалтыг зүүж хэвших хэрэгтэй.

ХӨСҮТ-ийн Чанарын албаны менежер О.Энхжаргал:-ХӨСҮТ-д 449 үйлчлүүлэгч үйлчүүлж байна. 102 нь томуу төст өвчлөлтэй холбоотой хүмүүс хэвтэн эмчлүүлж байна. Томуу нь өндөр халуурах, хоолой өвдөх, бачуурах зэрэг шинж тэмдэг илэрч байна. Томуугийн улиралын турш гараа ариутгаж, амны хаалт зүүхийг сануулж байна.