ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Австрали электрон тамхи импортлохыг хориглолоо

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-11-28

Австрали өсвөр насныхныг никотины хамаарлаас сэргийлэх зорилгоор ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэг удаагийн электрон тамхины импортыг хориглох шийдвэр гаргажээ.

Электрон тамхийг зах зээлд анх худалдаанд гаргахдаа тамхинаас гаргах шинэ хэлбэрийн арга хэмээн сурталчилж байсан. Гэвч, эдүгээ өсвөр насныхныг никотины хамааралтай болгоход хүргэснийг тус улсын Эрүүл мэндийн сайд онцолсон байна.

Вэйп буюу электрон тамхи нь никотин, амт үнэр оруулагч олон төрлийн химийн бодис агуулсан шингэнтэй батерейгаар ажилладаг төхөөрөмж юм. Сиднейн их сургууль энэ оны эхээр 14-17 насныхныг хамруулсан судалгаа хийсэн бөгөөд уг судалгаагаар тэдний дөрөвний нэг нь электрон тамхи татдаг нь тодорхой болсон байна. Мөн Австралийн Хавдар судлалын зөвлөлөөс ижил насныхны дунд судалгаа явуулахад 10 хүүхэд тутмын ес нь никотин агуулсан электрон тамхийг хялбар авч хэрэглэх боломжтой гэж хариулжээ.

Нэг удаагийн электрон тамхины импортыг нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хориглох бөгөөд гуравдугаар сар гэхэд дахин дүүргэх боломжтой, эмчилгээний бус электрон тамхинуудыг мөн тус улсад нэвтрүүлэхийг хориглоно. Эмчилгээний зориулалттай электрон тамхи нийлүүлдэг импортлогчид болон үйлдвэрлэгчдийн хувьд бүтээгдэхүүний амт, никотины хэмжээ, сав баглаа боодолтой холбоотой хатуу зохицуулалтуудыг дагаж мөрдөх ёстой. Жон Хопкинсийн их сургуулийн эрдэмтэд электрон тамхинд агуулагддаг химийн нэгдэл нь уушгинд сөргөөр нөлөөлж уушгины архаг өвчин, астма үүсгэж байгааг анхааруулж байв.