Дублинд үүссэн үймээний улмаас “Чингис хаан” хамтлаг тоглолтоо цуцалжээ

O.Admin
2023-11-26

Ирландын Дублин хотод өнөөдөр “Чингис хаан” хамтлагийн “Хуучин он минь баяртай” концерт тоглогдохоор товлогдсон байсан ч, үүссэн аюултай нөхцөл байдлын улмаас цуцлагджээ.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Дублин хотод нэгэн хутгатай эрэгтэй хүмүүс рүү халдаж, таван хүнийг шархдуулсан юм.  Уг этгээд гадаад хүн байсан гэх мэдээлэл гарсан нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлж, Дублин хотноо үймээн самуун дэгдээд байна.

Иргэд цагаачдыг эсэргүүцсэн уриа лоозон барьж гудамжинд гарч жагссан бөгөөд цагдаагийн алба хаагчидтай мөргөлдөж, цагдаагийн машин, автобус зэргийг галдан шатаажээ. Үүссэн аюултай, түгшүүртэй нөхцөл байдлын улмаас үзэгчдээ эрсдлээс хамгаалах зорилгоор “Чингис хаан” хамтлаг тоглолтоо цуцалсанаа албан ёсоор мэдэгдэв.