“Мотив” хамтлаг УГЗ С.Баатарсүхэд 10 сая төгрөг хандивлана

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-11-13

2008 оны “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” уралдаанаас хамтлаг болж, уран бүтээлийн гараагаа эхэлсэн "Мотив" хамтлаг 15 жилийн ойн "The night with Motive" тоглолтоо энэ бямба гарагт буюу арваннэгдүгээр сарын 18-нд "Зайсан хилл"-д хийх гэж байна.

“Цасан бороо”, “Хайрын түүх”, “Хайртай”, “Дурлалын домог”, “Чамдаа”, “Хайр бүхнийг уучилдаг” зэрэг олон бүтээл нь залуусын дунд хит болж, одоо ч дуулагдсаар байдаг тус хамтлагийн 15 жилийн ойн тоглолтын найруулагчаар “Жонон” хамтлагийн ахлагч Д.Мөнх-Оргил ажиллаж байгаа бол “Камертон”-ы ойн тоглолт, “Номинталст” хамтлагийн Т.Дэлгэрмөрөн, А.Хаянхярваа нарын тоглолтыг зохион байгуулсан “The Night” entertainment хамтран ажиллаж байна.

Тэдний тоглолт гурван хэсгээс бүрдэх аж. Эхний хэсэг дуулалт, бүжигтэй бол дараагийн хэсэг амьд хөгжимтэй, төгсгөлийн хэсэгт залуусын дунд хит болсон уран бүтээлүүдээ дуулан өндөрлөхөөр төлөвлөжээ. Тоглолтын танхим 19:00 цагт үүдээ нээж, тоглолт 20:00 цагт эхлэх бөгөөд 30 гаруй шилдэг дуу эгшиглэх юм байна. Мөн дуучин Б.Баярцэцэг, "Digital" хамтлагийнхан оролцож, ойн баярыг хуваалцах аж.

Үүнээс гадна тоглолтын зохион байгуулагч  “The Night” entertainment болон Мотив хамтлагийнхны зүгээс хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Баатарсүхийн эмчилгээнд зориулж, 10 сая төгрөгийг өгнө гэдгээ амлаж, бусад урлагийн салбарынхнаа хандивын үйл ажиллагаанд түүчээлэн оролцохыг уриаллаа.

Хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаяр "Аливаа зүйл ач холбогдолтой байх ёстой. Уран бүтээлчид дуугаараа хайр, аз жаргал, баяр гунигийг мэдрүүлдэг. "Мотив" хамтлагийнхан маань Соёл урлагийн их сургуулийг төгссөн, мэргэжлийн уран бүтээлчид байдаг. Бид анх 2008 онд хамтлаг болж, анхны тоглолтоо 2010 онд "UB Palace" концертын танхимд хийж байлаа. Энэ удаагийн тоглолт маань хамтлагийн хэмжээний томоохон гурав дахь тоглолт болж байна. Өөрсдийн хүсэл мөрөөдлөөрөө нэгдэж, хамтлаг байгуулаад 15 жил болсон байна. Нэмж хэлэхэд нөхөрлөлийн 20 жилийг үдсэн байна. Тэгээд хамтдаа ойн баяраа тэмдэглэхээр шийдэж, үзэгч сонсогчидтойгоо баяраа хуваалцах гэж байгаадаа баяртай байна” хэмээгээд 10 жилийн дараа томоохон хэмжээний тоглолтоо хийх гэж байгаа гэдгээ тодотгов.