ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ДБ: Газрын тосны үнэ огцом өсөх магадлалтай

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-10-31

Дэлхийн банкнаас Израил болон Палестины Газын зурвасыг хянаж буй исламын Хамас бүлэглэлийн хоорондын мөргөлдөөн ширүүсч, Ойрхи Дорнодыг бүхэлд нь хамрах хэмжээнд хүрвэл түүхий нефтийн нийлүүлэлт тасарч, үнэ нь нэг баррель тутамд 157 ам.доллар хүртэл өсөх магадлалтайг өчигдөр танилцуулсан тайлан мэдээндээ дурьджээ.

Хамас бүлэглэл Израилын талд цохилт өгч, улмаар Израилын тал хариу довтолгоон хийснээр нөхцөл байдал хурцадсан. Мөргөлдөөн эхэлснээс хойш газрын тосны үнэ зургаан хувиар өсөөд байна. Дэлхийн банкны дэд Ерөнхийлөгч, ахлах эдийн засагч Индермит Гилл түүхий эдийн зах зээл Украин дахь ОХУ-ын түрэмгийллийн нөлөөнд хэдийнэ өртсөн, цаашид Ойрхи Дорнодод байдал хурцадвал 1970-аад оноос хойшхи хамгийн муу төвшинд хүрэх магадлалтайг онцлов.

Мөн “Энэ нь газрын тосны зах зээлд хамгийн том цочролыг үүсгэж болзошгүй” гэлээ. Байдал хамгийн муу төвшинд хүрвэл газрын тосны үнэ 2008 оноос хойшхи хамгийн дээд дүнд буюу 140-157 ам.долларт хүрч өснө гэж таамаглажээ. Өөдрөгөөр төсөөлбөл 93-102 ам.доллар, харин дундажлавал 109-121 ам.долларт хүрэх боломжтой гэж Дэлхийн банк тайландаа дурдсан байна.