МУГЖ С.Жавхлан: Идэр насны минь хамгийн сүүлийн том тоглолт байх болно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-09-25

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан "Дулаахан намар" тоглолтоо энэ сарын 30-нд хийнэ. Тэрбээр, тоглолтын зохион байгуулалт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

МУГЖ С.Жавхлан "Энэ удаагийн тоглолтдоо урьд өмнөхөөс ч илүү маш их ач холбогдол өгсөн. Нэлээд “цохилттой” сүүлийн тоглолт болох гэж байна. Миний хувьд уран бүтээл хийгээд 23 жил болсон. Урлаг хатуу, арын хаалга гэж байдаггүй. С.Жавхлан гэдэг нэр цаашид мартагдана. Энэ бол жам, хууль. Ямар ч уран бүтээлч хүнд амьдралын, уран бүтээлийн цаг хугацаа гэж байдаг.

Цаашдаа миний бие “Хамаг Монгол” төслийнхөө хүрээнд түмэн олноо соён гэгээрүүлэх, ёс заншлаа түгээн дэлгэрүүлэх ажлууд руу түлхүү орох болно. Тиймээс энэ тоглолтоо “цохилттой” хамгийн сүүлийн тоглолт гэж нэрлээд байгаа юм.

Сүүлийн тоглолт гэхээр сонсогч олон минь бүү хүндээр хүлээж авч, хямраасай гэж хүсэж байна. Хүн бага нас, өсвөр нас, залуу нас, идэр нас тэгээд өтөл нас гээд явдаг шүү дээ. Тиймээс С.Жавхлан одоо идэр байгаа энэ цаг үеийнхээ сайхан зүйлсийг монгол түмэнтэйгээ хамт энэ цаг үед нь домог болгож, хуваалцая гэж бодсон юм.

Түүнээс биш өвгөн болсон үедээ тоглолт хийвэл муухай шүү дээ. Монголчууд намар даарах сайн гэдэг. Гэхдээ үеийн үедээ монголчууд даарч үзээгүй ард түмэн. Тиймээс тоглолт үзэхдээ даяараа дээлтэй ирэхийг уриалж байна. Хамаг монголчууд маань манай тоглолтод цугларна. Тэгэхээр тоглолт үзэх хүн бүрийг үндэсний дээлээрээ гоёхыг дахин, дахин хүсэж байна" гэлээ.

Тоглолттой холбоотой хэд, хэдэн санаачилгыг зохион байгуулагчдын зүгээс гаргасан байна. МУГЖ С.Жавхлан үеийн үед дээлээ өмсөхийг уриалж, хэвшүүлж ирсэн бөгөөд энэ утгаараа сонсогчдыг монгол дээлээ өмсөж, “Дулаахан намар” тоглолтоо үзэн нэгэн үдшийг өнгөрүүлэхийг уриалж байгаа юм байна. Мөн тус тоглолтыг дээлтэйгээ үзэхийг уриалсан фото зургийн уралдааныг нийгмийн сүлжээнд зарлаж, хамгийн их хандалт авсан зургийн эзэнд тоглолтын урилга гардуулна хэмээн мэдэгдлээ. Үүнээс гадна тухайн аймагт нь дараагийн тоглолтоо хийхээр төлөвлөжээ.