ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ВАКЦИНЫ талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-06-24


Монгол Улс цар тахалтай тэмцээд жил гаруйн хугацааг өнгөрүүлж байгаа билээ. Халдварын тархалт дотоодод бүртгэгдсэнээс хойш дөрвөн сар гаруй хугацаанд 3.2 сая хүн амынхаа 52 хувийг бүрэн тунд хамруулсан гэсэн судалгааг гаргажээ. Харин одоогийн үнэлгээ амжилттай яваа хэдий ч сүргийн дархлаа тогтоох хэмжээнд хүрээгүйг эмч мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид хэлж байгаа билээ. Хамгийн багадаа хүн амын 70 дээш хувийг вакцинд хамруулж байж, сүргийн дархлаа тогтоод зогсохгүй, халдварыг барих боломжтой хэмээн тооцоолж буй. Одоогоор улсын хэмжээнд 16-17 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдийг вакцинд хамруулж байгаа юм. Харин ирэх даваа гарагаас 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулахаар болсон билээ. Ингээд вакцины талаар “хэн юу хэлэв” гэдгийг онцлон хүргэж байна.


 

 

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:  ВАКЦИН ҮР ДҮНГЭЭ ӨГЧ БАЙГАА

Вакцинжуулалтад Засгийн газар идэвхтэй ажилласан. Үүний үр дүнд Монгол Улс вакцинжуулалтаар тэргүүлэх орны тоонд зүй ёсоор багтаж байгаа. Вакцинжуулалт үр дүнгээ өгч байна. Үр дүн нь гэвэл хүмүүс хөнгөн өвдөж, хурдан хугацаанд эмчлэгдэж байгаагаас харж болно.


ВАКЦИНЫ НӨӨЦ ХАНГАЛТТАЙ БҮРДҮҮЛСЭН

Засгийн газраас вакцины нөөцийг хангалттай бүрдүүлсэн. Татан авалтууд ч хэвийн явж байна. Ирэх долдугаар сарын 1 гэхэд иргэдээ бүрэн хамруулж дуусна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд вакцинжуулалт 80 хувьтай явж байна.

ОРОН НУТАГТ ЭМИЙН НӨӨЦ ХАНГАЛТТАЙ БИЙ

Бид хөдөө, орон нутгийн эмнэлгийн хүчин чадал, лабораторийг чадавхжуулах чиглэлээр бодлого боловсруулж ажилласан. Тиймээс орон нутагт оношилгоо, эмчилгээ, эмийн нөөц хангалттай бий. Мөн 21 аймгаас 19 нь ПСР лабораторитой болсон. Харин Төв болон Булган аймагт өв суурин газартайгаа ойрхон учир лабораторигүй байна.

12 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДАД ОЛГОСОН

Засгийн газраас шаардлагатай арга хэмжээг цаг тухай үед нь аваад явж байгаа. Тухайлбал, 2021 он гарснаар Засгийн газрын нөөц хөрөнгөөс 12 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарын улаан бүсэд ажиллаж байгаа эмч, ажилтанд урамшуулал цалин болгож олгосон.

 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.БАТТӨР:ХАМГИЙН САЙН ХАМГААЛАЛТ БОЛ ДАРХЛААЖУУЛАЛТ

 

Коронавирус бол өмнө нь судлагдаагүй вирус. Холбогдох мэдээллүүд нь өдөр бүр шинэчлэгдэж, өөрчлөгдөж байна. Тиймээс хамгийн сайн хамгаалалт бол дархлаажуулалт.


ВАКЦИНЫ НӨӨЦӨӨ ХАНГАЛТТАЙ ТАТСАН

Засгийн газар вакцины нөөцөө хангалттай татсан. Вакцин хийлгэхүү, дархлаажуулалтад хамрагдахгүй хүн дээр өвдөж, амь насаа эрсдэлд орох уу гэдгийг хувь хүн өөрөө шийднэ. Дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, ковидгүй зуны төлөө хамтдаа хичээе гэдэг бол Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, уриалга билээ. Энэ бол халдвараас иргэдээ хамгаалах төрийн бодлогын нэгээхэн хэсэг гэж ойлгож болно.

ВАКЦИН ОЛДОХГҮЙ УЛС ОРНУУД БИЙ

Вакцины үр нөлөөг дэлхий нийт судлаад гаргачихсан. Тиймээс иргэн та ямар нэгэн байдлаар вакцинд хамрагдсан бол халдварын хүндрэл болон нас баралтаас өөрийгөө хамгаалж байна гэсэн үг. Монгол Улсын Засгийн газар өнөөдөр боломжит бүхий л арга хэмжээгээ авч байна. Вакцин олдохгүй байгаа улс орнууд олон бий.

 

ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.ЧИНБАЯР: ТӨГС ТӨГӨЛДӨР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ БОЛ ВАКЦИН

 

Вакцины ачаар насанд хүрэгчдийн дундах халдварын тохиолдол тодорхой хэмжээнд буурсан. Харин эсрэгээрээ хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдлээ. Батлагдсан, нотлогдсон төгс төгөлдөр урьдчилан сэргийлэлт бол вакцин. Тиймээс вакциныхаа бүрэн тунд хамрагдах ёстой. Дараагийн хамгаалалт бол маск зүүх, зай барих, гараа сайн угаах, олон нийтийн дунд орохгүй байх явдал юм.


 

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:

 

ХҮН АМЫНХАА 70-ААС ДЭЭШ ХУВИЙГ ВАКЦИНЖУУЛАХ ЁСТОЙ

Цар тахлаас сэргийлэх цорын ганц арга нь вакцин. Таныг тухайн өвчнөөс сэргийлж, дархлаа тогтоохоос гадна хүндрэхээс хамгаална. Хүн амынхаа 70 буюу түүнээс дээш хувийг вакцинд хамруулж байж, сүргийн дархлаа тогтоно Гадны улс орнуудын судалгаагаар ч нотлогдсон. Манай улсын хувьд бол 12-оос дээш насныханыг вакцинд бүрэн хамруулж байж, сүргийн дархлаа тогтоно.

ВАКЦИН ХОРТОЙ БАЙХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ

Вакцин бол шинжлэх ухааны хамгийн том бүтээл. Тухайн өвчнөөс сэргийлэх цорын ганц бэлдмэл шүү дээ. Хортой байх ямар ч боломжгүй. Харин тухайн хүнд хариу урвал илэрч болно. Гэхдээ энэ нь хэвийн зүйл. Манай улсын хувьд цар тахлын эсрэг вакцины нийлүүлэлт, татан авалтад түргэн шуурхай арга хэмжээ авч чадсан. Тиймээс өнгөрсөн хугацаанд нийт 4.8 сая хүн/тун вакциныг татан авсан байна. Манай улсад вакцины нөөц хангалттай бий.

НЯРАЙ БИЕТЭЙ БОЛОН ЖИРЭМСЭН ЭХЧҮҮДЭД БҮХ ВАКЦИНЫГ ЗӨВЛӨСӨН

Нярай биетэй болон жирэмсэн эхчүүд цар тахлын эсрэг хийгдэж байгаа бүх вакциныг зөвлөсөн. Вакциндаа хамрагдах нь халдвар аваад өвдөхөөс хамгаална, эрсдэл багатай.

 

ЭХЭМҮТ-ийнГүйцэтгэхзахиралШ.Энхтөр:

 

Зорилтод бүлгийн дунд эрсдэл өндөр байна

Монгол Улс халдварын эсрэг авч буй арга хэмжээгээр дэлхийн чиг хандлагатай ойрхон байна. Гэвч зорилтод бүлгийн дунд эрсдэл өндөр байгаа нь нууц биш. 0-18 насны хүүхдүүдийн дунд хүндрэл харьцангуй бага байгаа ч хавсарсан эмгэгтэй, суурь өвчлөл хүүхдүүдийн дунд сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Ийм хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй учраас угтуулах эмчилгээ хийж байгаа.

Вакциныг эрчимжүүлэх шаардлагатай

”Файзер” үйлдвэрийн вакцин нь дэлхийн маш олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн. Тэр дундаа өндөр хөгжилтэй орнууд илүү хэрэглэж байгаа. Вакцинд хамрагдаагүй хэсэг буюу нялх биетэй эх болон жирэмсэн эхчүүд, хүүхдүүдийн халдвар эрчимтэй тархаж байна. Тиймээс илүү их хохирол, хүндрэл гарахаас өмнө вакциныг эрчимжүүлэх шаардлагатай.

Төр, иргэн хоёр нэгдэж байж, тархалтыг зогсооно

Коронавирус нь амьсгалын зам болон агаар дуслаар халддаг. Иймд халдварын тархалтыг зогсоохын тулд иргэн бүрийн үүрэг, оролцоо чухал. Төр, иргэн хоёр нэг талдаа гарч байж, өвчний тархалтыг зогсоох боломжтой.

Вакцин үндсэн судалгаа 10 жил болсон

Олон нийт “Сарс” болон коронавирусийн эсрэг вакцин маш богино хугацаанд гарсан гэх өрөөсгөл ойлголттой байна.Үнэн хэрэгтэй “Сарс” болон коронавирусийн эсрэг вакцины үндсэн суурь, судалгаа, хөгжүүлэлт сүүлийн 10 гаруй жил явж байсан. Зүй тогтол нь ердөө энэ. Харин тодорхой хэлбэрийн вакцин нь сүүлийн жилүүдэд дагалдаж гарсан. Тиймээс үүнд үндэслээд дэлхийн улс орнууд вакциныг маш эрэмбэ дараатай, үйлдвэрлэж байна.

Манай улс 5-11 насны хүүхдийн вакцины захиалгаа хийх ёстой

Дэлхийд 05-11 насны хүүхдийн вакцин туршилтын шатанд явж байна. Туршилтын үе шаттайгаа зэрэгцээд үйлдвэрлэл нь зэрэг явж байгаа. Тэгвэл өндөр хөгжилтэй орнууд ирэх 9, 10 дугаар сард вакцин хийж эхлэх гэж байна. Харин манай улс үүнээс хоцролгүй зэрэгцэж, захиалгаа өгөх ёстой. 12-15, 16-17 насны хүүхдүүдээ вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлье. Тэгж байж ирэх саруудад 05-11 насны хүүхдүүдээ вакцинд хамруулах боломж нь нээгдэнэ. Эцэг, эхчүүд 12-15, 16-17 насны хүүхдүүдээ яаралтай вакцинд хамруулж, бага насны хүүхдүүдэд боломж олгохгүй бол ирэх намраас нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй.

Вакцинд хамрагдсан ч жирэмслэлтээ хэвийн үргэлжлүүлж болно

Вакцинд бүрэн хамрагдаад аль эсвэл мэдэлгүй жирэмлэсэн хүмүүс үргэлжлүүлж болно. Энэ асуудалд санаа зовох зүйлгүй.