ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ч.Дэлгэрмаа: Швед улс өвдсөн хүн бүхнийг эмчлэхгүй, өөрийгөө тусгаарлаж, эмчил гэдэг зөвлөгөө өгч байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-16

"Харьд суугаа монголчууд" булангийнхаа энэ удаагийн дугаарт Швед улсад ажиллаж амьдарч буй Ч.Дэлгэрмааг урьж, ярилцлаа.

-Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг Ч.Дэлгэрмаа гэдэг. Энд ирээд гурван жил болох гэж байна.

-Швед улсад нийгмийн халамж, гадны иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ нь ямар санагддаг вэ?

-Хүний эрхийг дээдэлсэн орон гэж сонссон ч “хар”-аар амьдарч буй хүмүүст бүх юм нь хаалттай юм шиг санагддаг. Тухайлбал, өвдсөн бол эмнэлгийн тусламж үйлчилгээ нээлттэй гэдэг боловч, цагаа тулахаар их хэцүү, шат шатны эмнэлэг дээр удах, асуудал үүсэх байдал байнга гарна. Өвдлөө гэхэд тэр болгон хүлээж авч үзээд байдаггүй. Эмийн зохистой хэрэглээг дэмждэг, элдэв эм бичиж өгдөггүй. "Зөвхөн ус уу" гэсэн зөвлөмжтэй. Бичиг баримттай албан ёсны амьдрах эрхтэй хүмүүст бол тайван амгалан, гэр бүлээрээ амьдрах таатай орчин бүрдсэн улс.

-Ажиллах нөхцөл боломж, цалингийн үнэлэмж нь хэр байдаг бол?

-Амьдрах эрхтэй юм уу, ажлын гэрээтэй хүмүүст бол ажлын байр илүү олддог бөгөөд, ажлын нөхцөл байдлаас шалтгаалан зарим тохиолдолд урт, богино цагаар ажилладаг юм. Мөн энэ улс нь том том үйлдвэрүүд байхгүй учраас ажлын байр гэвэл Сүши ресторан, буудал, бүх албан газрын цэвэрлэгээ үйлчилгээний ажил зонхилдог. Тиймээс Солонгос зэрэг улс орны хажууд бол ажлын байр ховор доо. Хараар амьдарч буй иргэдийн хувьд бүгд адилхан ажиллах ба энэ улсад эрэгтэй хүн хууль бусаар ажиллахаар ирсэн бол ажил олдох нь ховор шүү. Өөрөө сэргэлэн хөдөлгөөнтэй, эсвэл танил талаараа ажил олдох магадлал өндөр байдаг.

-Залуучууд гэр бүлээрээ амьдрах боломж хангалттай юу, эсвэл ганцаараа байсан нь илүү мөнгө хурааж, хуримтлуулах боломжийг бүрдүүлж байна уу?

-Ер нь бол албан ёсны бичиг баримттай, гэрээний ажилчид бол гэр бүлээрээ амьдрах нь илүү таатай байдаг. Өртөг өндөр,татвар өндөр төлдөг орон. Ганц бие хүмүүст үрэлгэн биш бол мөнгө хураах боломж байгаа. Швед улсын тухайд залуу хүмүүсээ сайн дэмждэг, гэр бүл төлөвлөлт хожуу байдаг юм билээ. Орон, орны цагаачид амьдардаг тул дэг жаяг, ёс заншил нь өөр өөр байгаа нь анзаарагддаг. Ихэнх нь хожуу гэрлэж гэр бүлээ төлөвлөнө. Эсвэл салсан ганц бие хүмүүс давамгай харагддаг. Эрх чөлөө гэдгийг нэгдүгээрт тавьдаг тул тухгүй байгаа орчин нөхцөлдөө дургүй ханддаг.

-Швед улсын залуучуудын талаар ажигласан зүйлээсээ хуваалцаач. Ажлын байр, амьдрах орчин, гэр бүл төлөвлөлт зэрэг нь биднээс ялгаатай байна уу?

-Эхнэр, нөхөр хоёр эрх үүргээ 50/50 хувиар хүлээнэ. Манай улсын эрчүүд эрх, үүргээ илүү хүлээж, гэр бүлээ авч явдаг бол барууны орнуудад эрх тэгш хэмээр эрх, үүргээ хүлээдэг юм билээ. Энэ нь хэн хэндээ дарамт үүсгэхгүй гэсэн дэг, амьдралын хэв маяг нь болчихсон. Тухайлбал, хоёр хүүхэдтэй гэр бүл байлаа гэхэд хоол унд, хувцаслалт, сургууль соёл гэх мэтээр бүх зүйлд эхнэр нөхөр нэг нэгээр нь хариуцан авч тооцоо хийнэ.

-Тус улсад амьдардаг монголчуудтайгаа хэр харилцаатай байна. Хүний нутаг нутаг нэгтнээ дэмжиж, туслах талаар хэр байдаг бол?

-Энэ улсад судалгаагаар 7000-10000 монголчууд байдаг гэж сонссон. Сүүлийн жилүүдэд маш их хүн ирж байгаа. Энэ хэрээр ажлын байрны олдоц ховор болж, амьдрах нөхцөл боломж хүндхэн болох хандлагатай байна. Мөн Швед улс хүний эрхийг дээдэлдэг учраас байнга дарамталж, шалгаад байдаггүй. Баригдах вий гэсэн айдас бага гэсэн үг л дээ. Хавар, намар албан байгууллага, нийтийн тээвэрт гэнэтийн шалгалт орж зөрчилтэй хүмүүсийг илрүүлж арга хэмжээ авч, албадан нутаг буцаадаг юм билээ. Таних хүнээс илүү танихгүй сайхан сэтгэлтэй хүн илүү тус дэмтэй байдаг нь олонтай. Ер нь хүний нутагт нэг нэгнээ хүндэлж, хэн хэндээ саад болохгүй дүрмийг илүү баримталдаг амьдрах нь зүгээр санагддаг. Ер нь бусдаасаа дөлсөн, зугтсан хандлага ажиглагддаг юм. Хатуухан хэлбэл, тэгж амьдрах нь зүгээр ч юм шиг. Нутаг нэгтнээ дээрэмдсэн, хамт архидан согтуурсан гэх мэтээр бараан мэдээлэл гарахаар л ингэж бодогддог л юм. Хууль бусаар амьдарч буй хүмүүст Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газрууд нь хүрч үйлчлэх талаасаа сул гэж сонссон. Энэ талаар сайн мэдэхгүй байна.

-Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэв. Улс орнуудын хангалтгүй байснаас өвчлөл тархлаа гэж үзэж байна. Өөрсдийгөө хэрхэн хамгаалж байна вэ?

-Барууны орнууд эрх чөлөөг нэгдүгээрт тавьдаг байдал нь энэхүү цар тахлын үед маш их сул тал боллоо. Учир нь өнөөдөр эрх чөлөөтэй л байгаа бол маргаашийн эрсдлийг тооцож үздэггүй, нэгдмэл зохион байгуулалтын эсрэг бодолтой хүмүүс байдаг нь өвчин газар авах аюултай байдалд хүргэсэн. Өнөөдрийн байдлаар /2020.04.12/ байдлаар 10681 хүн өвчилж, 911 хүн нас барж, 500 хүн эдгэжээ гэсэн судалгаа харуулж байна билээ. Хамгийн хэцүү нь олон улс орны иргэд амьдардаг учраас орон орны ёс заншил өөр тул нэгдсэн дэг журмыг дагаж мөрдөх нь хэцүү асуудал болсон гэж энэ улсын Ерөнхий сайд мэдэгдэл хийсэн. Одоо ч эрүүл мэндийн анхаарал сул, ихэнх иргэд маск зүүгээгүй, Ази хүмүүсийг гадуурхах хандлага ажиглагдаж байгаа.

-Эмнэлгийн тусламж үйлчилгээ нь хангалттай байгаа юу?

-Эмнэлгийн тусламж үйлчилгээний хангамж муу байгаа учраас зөвхөн хөгшид, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд болон эмнэлгийн эрсдэл бүлэгт ажиллаж буй эмч, ажилтнуудыг “Covid19” вирусийн шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Залуу хүмүүст вирусын шинжтэй ханиад илэрвэл зөвхөн утсаар зөвлөгөө өгсөн /залуу хүмүүс короно туссан ч хөнгөн тусна, тийм учраас зөвхөн өөрийгөө тусгаарлаад гэртээ бай гэсэн зөвлөгөө өгч байгаа/ учраас тухайн өвдсөн хүн яг 100 хувь өөрийгөө халдвар авсан эсэхээ мэдэх боломжгүй гэсэн үг. Эмнэлэгт ирж үзүүлэх шаардлагагүй, та ирвэл короно тусна гэх мэтээр эмнэлгүүд хаалга барьсан байна. Бүр үхлийн ирмэгт ирсэн хүнийг л хүлээн авч байгаа гэсэн мэдээлэл сонсов. Миний сонссоноор ямар ч улсын иргэнд адилхан зөвлөгөө өгч байгаа юм билээ. Би тухайлбал, ханиад хүрчихээд 100 хувь өөрийгөө тухайн вирусээр өвдсөн гэдгээ ч мэдэхгүй сар гаруй гэртээ өөрийгөө тусгаарлаж, өвдөөд одоо гайгүй болж байна. Эмнэлгийн тусламж авах хүсэлтэй түргэн дуудсан боловч, “Та туссан байх магадлал маш өндөр байна, тийм учраас гэртээ байна уу. Халуурвал халууны эм уугаарай, бүр хүчтэй өвдөж амьсгал авч чадахгүй болвол дахин залгана уу” гэсэн байдлаар зөвлөгөө өгч, залуу хүмүүсээ тоосонгүй. Дахин залгаад автомат хариулагч очер их, хэдэн зуун хүний дараа миний дуудлага хүлээн авах жишээтэй, сүүлдээ залгахаа ч больсон доо.

-Гадны иргэд хэрвээ вирус туссан бол эмчилнэ гэж хэлж байгаа ч чадаагүй гэдэг нь таны жишээнээс харагдлаа. Та бүхний хувьд өөрсдийгөө хэрхэн эмчилж байв?

-Маш хурдан хүндрэх аюултай байдалд орж байгаа хүмүүс зөндөө сонсогдсон учраас ардын бор арга хэрэглэж, өөртөө арчаатай байх л шаардлагатай болно. Миний анзаарснаар, монгол хүн халуун хоол унд идэж уудаг тул өвдсөн ч өөрийгөө гарын доорх материалаар эмчилж чаддаг гайхалтай эмчилгээний аргатай улс юм гэдгийг энэ өдрүүдэд мэдэрсэн шүү. Миний хувьд олон цагаар ажилладаг, жаахан ядарсан дархлаа сул байсан болоод тэгсэн үү урд хожид өвдөж байгаагүй сонин ханиад хүрээд, нөгөө короно туссан юм болов уу гэж их л айж байлаа. Байрандаа хоёулахнаа амьдардаг. Хамт байдаг эгч минь цуг өвдөөд адилхан шинж тэмдэгтэй хоёр биенээ тусгаарласан хэрэг. Халуун усанд сод хийж хоолойгоо утаж, зайлж, мөн корчиска тавьж цэрээ ховхолж, халуун хоол шөл идэж, аарц, чацаргана ууж өвчнийг дарах арга хэмжээ авсаар 10 хоногийн дараа босож гэр дотроо явдаг болсон. Энэ мэтчилэн арга хэмжээ авсаар хоёр сар шахуу болж байж, одоо хэвийн боллоо. Гэвч эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй, та залуу хүн учраас өөрөө, өөрийгөө эмчил гэдэг зүйлийг л эмнэлгийн байгууллагууд нь хэлж байсан.

-Одоо таны биеийн байдал хэвийн болсон уу?

-Одоо чанга ярих, инээх, тонгойход ар дагз чамархайн руу хатгана, бусдаар дажгүй шүү. Европ хүмүүс халуун хоол унданд муу, иддэггүй, хоол идээд араас нь шууд крантны хүйтэн ус уудаг заншилтай. Энэ нь бас өвдөхөд тус дэм болохгүй хүндрэх магадлалтай юм шиг санагдсан. Яагаад гэвэл өвдсөн үед хүйтэн ус,ундаа хэрэглэж болохгүй улам хүндэрч өвдөж байсан тул хүйтэн ус уухаас зайлсхийж өөрийгөө эмчиллээ. Энд иймэрхүү хүнд, хөнгөн хэлбэрээр маш их монгол хүн өвдөж байна гэж сонслоо. Гэхдээ манайхан нэрэлхүү зантай, ихэнх нь өвдсөнөө нуух хандлага ажиглагдаж байсан. Энэ нь бас нэг талаараа ажлаа алдах, түрээсийн байранд байдаг тул өвдсөнөө хамаагүй хэлэхгүй байх магадлалтай. Сэжигч хүн бол ажлаас чөлөөлөх, байрнаас гаргах гээд асуудал их гарах магадлалтай гэж хоорондоо ярьж байлаа.

-Монголчууд эх орон руугаа буцах нь ихэсч байна. Та бүхний хувьд буцаж ирье гэж санал нэгдсэн хүмүүс байна уу

-Энэхүү цар тахлаас болж улсынх нь эдийн засаг хүнд байдалд орох эрсдэл бий болсон. Ихэнх үйлчилгээний газрууд хаагдсан, ажилгүйдэл их болж, буцах арга хайсан 700 монгол иргэн Элчин сайдын яаманд хүсэлт гаргасан гэж сонслоо. Хямрал удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа. Өртөг өндөр орон тул энэ янзаараа амьдрах нөхцөл боломж хүндхэн байдалд орох төлөвтэй байгаа учраас монголчууд нэгдэж, эх нутаг руугаа буцахаар хүсэлтээ гаргаж байна. Ажил хөдөлмөр эрхлэхээр ирсэн хүмүүст эмнэлгийн тусламж авах боломж нээлттэй гэдэг ч яг яваад үйлчилгээ авах гэхээр маш их асуудал үүснэ.

Олон шат дамжлагаар олон салбар эмнэлэгт үзүүлэх болдог, нэг дор үздэггүй. Чиглэл чиглэлээр олон газар явуулдаг, тэр болгонд цахим цаг авч хэзээ үзүүлэхээ хүлээдэг. Очер их бол удах асуудал их гарна. Энэ мэтчилэн хүнд өвчтэй хүн цаг алдах асуудал үүсдэг юм байна. Энэ цар тахлын үед корона гээд эрсдэлт бүлгийн хүмүүсээ үзээд, бусад цагуудыг цуцалж байгаа гэсэн. Корона намдсан хойно бусад өвчтөнүүдийг хүлээн авч, нарийн үзлэг шинжилгээнд хамруулна гэсэн. Ганцхан монголчууд ч гэхгүй хууль ёсны болон хууль бусаар амьдарч буй гадны олон улс орны иргэдийг өвдсөн бол эмнэлэг үзэхгүй, зөвхөн өөрийгөө тусгаарлаад гэртээ бай гэсэн зөвлөгөө өгч, онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй байх, маск таныг хамгаалахгүй гэсэн зарчмаар хандаж байна.