Мал төллөлт, малын зүй бусаар хорогдол улсын хэмжээнд ямар байгаа талаар ХХААХҮЯ-ны Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэнгээс тодрууллаа.
-Хоёр сая гаруй эх мал төллөөд байна гэсэн мэдээлэл гарлаа. Өнөөдрийн байдлаар хэдэн аймагт, хэчнээн тооны эх мал төллөөд байна вэ?
-Мал төллөлт эхлээд явж байна. Улсын хэмжээнд 29.2 сая толгой эх мал төллөх тоон мэдээллийг нарийвчлан гаргасан. Өнгөрсөн жилийн эцсийн мал тооллогоор 30.9 сая эх мал тоологдсоноос өнжөөд төллүүлж байгаа хээлтэгчээ хасахаар яг одоо төллөх мал 29.2 сая гэсэн мэдээ эцэслэж гарлаа. Өнөөдрийн байдлаар 7.4 хувь буюу 2.2 сая мал төллөсөн. Нийт төллөсөн малын 97 хувь нь бог мал. Төллөсөн эх малаас 2.1 сая төл бойжиж байгаа гэсэн мэдээ ирсэн. Төл бойжилт одоогоор 98 хувьтай байна. Малчид онд орохгүй эсвэл бага залуу малаа нийлүүлэгт оруулахгүй өнжөөсөн. Тийм ч учраас энэ жилийн мал төллөлт харьцангуй эрсдэл багатай эхэлж байна гэсэн үг. Гэхдээ хавар цаг агаарын байдлаас хамаарч хүндрэх эрсдэл бас бий.
-Энэ жилийн хувьд малын хорогдол харьцангуй бага байна уу гэсэн статистик мэдээ байна билээ. Малын зүй бус хорогдол хэдэн хувьтай байгаа вэ?
-Оны эцсийн тооллогоор 70.9 сая тоо толгой мал тоологдсоноос 0.5 хувь нь зүй бусаар хорогдсон. Энэ нь хэвийн хэмжээ гэж үзэж байгаа. Нийт малын гурван хувь ба түүнээс дээш хувийн хорогдолтой болсон тохиолдолд хэвийн бус хорогдол гэж тооцдог. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад малын зүй бус хорогдол харьцангуй бага байгаа ч цаашдаа цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, хавар урт болж болзошгүй байгаа учраас сэрэмжлэх хэрэгтэй юм. Ялангуяа өвөлжилт хүндэрсэн Хөвсгөл, Завхан, Увс, Архангай гэсэн аймгуудад мал жилбэгүй төллөх зарим тохиолдолд амьгүй төл гарах тохиолдол гарч байна. Яамны хувьд малчид, мал аж ахуй эрхлэгчид, орон нутгийн мэргэжлийн байгууллагаас долоо хоног бүрийн пүрэв гарагт мэдээ авч баасан гарагт мэдээллүүдээ нэгтгэдэг.
-Салбар яамнаас мал төллөлт болон зүй бус хорогдлыг багасгах талаар ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байна вэ. Малчдад ямар зөвлөгөө сэрэмжлүүлэг өгөх вэ?
-Салбар яамнаас мал аж ахуйн салбарыг болзошгүй эрсдэлээс хамгаалах “Шуурхай штаб”-ыг гарган ажиллаж байна. Шуурхай штаб даваа, пүрэв гарагуудад хуралдан асуудлаа хэлэлцэж, ХХААХҮЯ-ны зөвлөлд танилцуулдаг. Мөн өдөр бүр “Малчин лавлах 109” гэсэн утсанд мэдээлэл хүлээн авч байна. Өнгөрсөн долоо хоногийн “Шуурхай штаб”-ын хуралд мал эмнэлгийн арга хэмжээг сайн зохион байгуулах, сэг зэмийн устгал хийх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх чиглэлээр үүрэг өгсөн. Үүний дагуу Мал эмнэлгийн ерөнхий газрын холбогдох удирдлагууд орон нутагт групп болж хуваагдан ажиллаж, ариутгал, устгал, вакцинжуулалт хийлээ. Хаваржилтын нөхцөл байдлын тухайд одоогоор хүндэрсэн зүйл байхгүй. Өвөлжилт хүндэрсэн аймгуудын тухайд өвөлдөө цас ихтэй байсан учраас шар усны үерээс болгоомжлох сэрэмжлүүлэг өгч ажилласан. Улсын хэмжээнд мал эмнэлгийн болоод мал үржүүлэх технологийн үйлчилгээний технологит ажлын хугацаа эхэлсэн. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдоод хойшлох аргагүй учраас хугацаандаа явагдаж байна. Нийт нутгаар долоо хоногийн сүүлээр сэрүүсч зарим газраар цасан шуурга шуурах төлөвтэй байгаа учраас малчид, мал аж ахуй эрхлэгчиддээ анхааруулга хүргүүлж, сэрэмжтэй байхыг санууллаа.
-Ноолуурын үнэ ханш ямар байх бол. Ч.Улаан сайдын тухайд 100 мянгад барина гэсэн ч боломж байхгүй гэх зүйлийг үйлдвэрлэчид байна?
-Мал үржүүлэх технологийн хаврын ажил ямаа самнаснаар эхэлдэг. Аймаг, нийслэлийн бүсээс эхлээд ямаа самналт харилцан адилгүй хугацаанд эхэлдэг. Зүүн гурван аймаг гуравдугаар сарын 20-ноос эхэлдэг бол баруун аймгууд дөрвөн сар гаргаад самнаж эхэлдэг. Энэ жишгээр зарим аймгуудад ямаагаа самнаж эхлэх гэж байна. Гэхдээ эрт ямаа самнаснаас болж, даарах осгох эрсдэлтэй учраас тухай бүрт нь аймаг орон нутгийн мэргэжлийн байгууллагуудтай холбогдон ажиллаж байгаа. Ноолуурын үнэ ханшийн хувьд салбарын сайд нэгдсэн мэдээлэл өгсөн байгаа. Тэр зарчмаараа л ажиллана. Энэ жилийн хувьд 10.2 мянган тонн ноолуур бэлтгэх боломжтой. Мөн малчдаас авах ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй байх зорилтыг салбарын яамнаас тавьж ажиллаж байна. Малчид ноолуураа борлуулах гэж яарах хэрэггүй гэдгийг давхар сануулъя.