ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүн бүр Ганжуур, Данжуурыг унших боломжтой боллоо

O.Admin
2018-05-01

Сүүлийн үед манай залуучууд сурч судлах, өөрийгөө боловсруулах тал дээр ихээхэн анхаарах болсон. Үүнийг дагаад тэдний судлах бүтээл туурвил, ном зохиол ч эрэлттэйн дээр төдий чинээ чанарыг шаардах нь мэдээж. Багшийн унш гэснийг уншиж, бод гэснийг бодоод болчихдог хуучин арга барил халагдаж залуучууд уншиж судлах ном бүтээлийг сонгож, шигшиж судлах болсон.

Тэгвэл цаг үеийн энэ чухал хэрэгцээнд нийцсэн оюуны их хөрөнгө оруулалтыг Цогт цагийн хүрдэн соёлын төв болон МУБИС-ийн эрдэмтэн, судлаачид та бидэнд олгож байна. Тэд хүн төрөлхтний оюун санааны дээд охь болох Ганжуур, Данжуурыг кирилл үсэгнээ хөрвүүлэн, эхний 130 ботийг МУБИС-ийн номын санд заллаа. Ингэснээр бичиг үсэг тайлагдсан хэн бүхэн уг хөлгөн судрыг уншиж судлах боломжтой болж байгаа юм.

Эрдэмтэн багш нар, номын мэргэд цугласан энэхүү ёслолын ажиллагаанд МУБИС-ийн захирал доктор профессор Д.Мандах, МУБИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Д.Наранцэцэг, Сургалт эрхэлсэн дэд захирал Х.Тамир, Гадаад харилцааны хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ц.Бурмаа, Захиргаа хүний нөөц эрхэлсэн дэд захирал Б.Сүхболд болон Цогт цагийн хүрдэн соёлын төвийн тэргүүн Г.Буяндэлгэр нар болон бусад зочид, төлөөлөгчид оролцлоо. Тэд Ганжуур, Данжуурыг кирилл үсэгнээ хөрвүүлэн буулгасны ач тус болоод судрын агуулга, үүх түүхийн тухай ёслолын нээлтэн дээр дурьдаж, шинэ хойч үеийнхэнд маш том боломж бололцоо нээгдэж байгааг онцолж байлаа.

Номын өргөөний хоймор эгнүүлэн өрсөн их судрын ботиуд хэн ч харахад бишрэл төрүүлмээр сүр бараатай харагдах аж. Эдгээр зуу зуун ботиудын дээжийг Цогт цагийн хүрдэн соёлын төвийн тэргүүн Г.Буяндэлгэр МУБИС-ийн захирал Д.Мандахад бурхан шашин, номын багшаа дээдлэхийн бэлгэдэл шар хадгийн хамт гардуулан өглөө. Ганжуур нь Бурхан багш амьд ахуйдаа айлдсан сургаалийн цогц бол Данжуур нь түүний дэлгэрэнгүй тайлбар аж.

Уг хөлгөн судар нь Номхогдохууны аймаг буюу хүн байхын ухааны тухай, судрын аймаг буюу хүн төрөлхтний урт удаан хугацааны турш бий болсон соёл, зан заншил, харилцааны тухай, илт номын аймаг буюу өнөөгийн Шинжлэх ухааны бүх суурь онолын тухай гэсэн гурван их аймаг савын ухагдахуунуудыг өөртөө агуулсан бүтээл юм байна. Өөрөөр хэлбэл, Ганжуур, Данжуурт сэтгэл судлал, философи, логик, хими биологи, математик, анагаах ухаан, гоо зүй, сансар судлал гээд байгаль нийгмийн ухааны бүх салбар чиглэлийн суурь онол, тэдгээрийг судлах арга аргачлалын ерөнхий зарчмууд багтсан байдаг аж.

Уг бүтээлийг Монголоос гадна Хятад, Япон, Төвд, Солонгос, Тайланд зэрэг орнууд орчуулан судалсан ч Төвд, Монгол хоёр л бүрэн эхээр нь орчуулан судалсан байдаг байна. Эдгээрийн дотроос судлаачид Монгол Ганжуур, Данжуур нь хамгийн алдаа мадаггүй сайн орчуулагдсан хувилбар хэмээн хүлээн зөвшөөрдөг гэнэ. Тухайн улсынхаа хэлний онцлогоос үүдэн хэдэн боть болох нь шалтгаалдаг аж. Монгол хэлнээ орчуулснаар Ганжуурын 108-113, Данжуурын 225-226 боть байдаг бол энэхүү орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлж байгаа бүтээл нь 400 боть болно хэмээн төлөвлөж байгаа аж. Бурхны сургааль ямар ч хэлбэрээр байж болно, гагцхүү но­мын утга чанар л тухайн хүндээ хүрэх нь чухал хэмээх үг байдаг.

Ийн­­хүү нийтээр мэдэх ки­рилл үсгээр хөрвүүлэн гаргаснаар зөвхөн лам хуварга, төвд хэлд нэвтэрсэн хүн биш энгийн хүн ч уншиж, гэртээ залах боломжтой болж байгаа юм. Өөрсдийнх нь мэддэг хэл дээр, мэддэг үсгээр хэвлэгдсэн байвал хүмүүст илүү хүрнэ гэдгийг хөрвүүлгийн багийн төлөөлөл онцолж байсан юм. Мөн энэ үеэр МУБИС-ийн захирал доктор, профессор Г.Мандах “Ганжуур, Данжуурыг кирилл үсгээр хөрвүүлсэн нь залуучуудад сурч судлах боломжийг нээж, эх оронч үзлээр хүмүүжүүлэхийн дээр оюутан залуус болон эрдэмтэн, судлаачдад том боломж нээгдэж байна” хэмээн дүгнэж байлаа. Судар залах ёслолын үеэр Цогт цагийн хүрдэн соёлын төвийн тэргүүн Г.Буяндэлгэртэй хоромхон зуур ярилцлаа.

Г.Буяндэлгэр: Бүтээлийг хөрвүүлэх гэдэг бол олон хэлний харьцуулсан орчуулгын ажил юм

/Цогт цагийн хүрдэн соёлын төвийн тэргүүн/

-Ганжуур, Данжуурыг кирилл үсэгт хөрвүүлэх санаа анх хэзээ гарсан бэ. Энэ ажлыг санаачлах болсон шалтгаан нь юу байв?

-Анх 2000 он, бүр цаашилбал 1990-ээд оноос хөрвүүлэх бодол төрж, төлөвлөж эхэлсэн. Бодит ажил болгох хэмжээнд төлөвлөгөөгөө боловсруулж явсаар 2008 онд судалгааны багийг байгуулж ажлаа эхэлсэн. Ганжуур, Данжуур судрыг шашны гэхээсээ илүү шинжлэх ухааны бүтээл гэдгээр нь харах хэрэгтэй гэж боддог. Шинжлэх ухааны маш олон салбарын онолын суурь ойлголтуудыг агуулсан учраас их, дээд сургуулиуд Ганжуур, Данжуурыг судлах ажлыг эрчимжүүлэх, шинэ үеийн залууст хүргэх гэсэн зорилгоор энэ ажлыг эхлүүлсэн.

-Танай хөрвүүлэх ажлын баг хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

-2010 оноос хойш хөрвүүлэх багт 40 гаруй хүн ажиллаж байгаа. Ихэнх нь 15-аас дээш жил Буддын гүн ухаан, Монгол хэл бичиг, Санскрит, Төвд, Манж, Хятад хэлэнд мэргэшсэн эрдэмтэд байгаа. Бид хөрвүүлгээ уйгаржин Монгол болон Төвд эх сурвалжаас тулган зарим хэсэгт Санскрит болон Дали эхүүдтэй тулган орчуулж байна. Мөн энэ ажилд МУБИС-ийн эрдмийн зөвлөл тусалж дэмжиж байгаад баяртай байна.

-Бүхэл бүтэн хэдэн зуун боть судрыг хөрвүүлэхэд багагүй хөрөнгө мөнгө зарцуулагдах нь тодорхой. Санхүүжилтийн асуудлаа хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Нийт төсвийн бараг 75 хувь орчмыг хандиваар босгосон гэж хэлж болно. Олон хүний тус, сэтгэлийн дэмээр өдийг хүртэл амжилттай явлаа. Эдийн засгийн хувьд гачигдалд орж нэг хэсэгтээ хөрвүүлэх ажил маань зогсонги байдалд орсон. Гэхдээ бид бүхэн бүр зогсоочихгүй чадлаараа л ажил­лаж байна. Төр зас­гийн зүгээс энэ аж­лыг маань үнэлж, дэмж­лэг үзүүл­бэл ирэх жил гэхэд хөр­вүүл­гийн ажил бүрэн дуу­сах боломжтой. Хөр­вүүлгийн ажил гэдэг бол зөвхөн нэг үсэг­нээс нөгөө үс­гэнд буулгах ажил биш үндсэн эх төвд, санск­рит хэлтэй тулгадаг учраас орчуулгын ажил гэж хэлж болно. Ерөнхийдөө, олон хэлний харьцуулсан судалгааны ажил юм.

-Энэ өдөр МУБИС-тай хамтарч ажилласны 10 жилийн ойн баярын өдөр гэж байна. Хамтын ажиллагааныхаа талаар танилцуулахгүй юу?

-Бидний хүсэл санаачилгыг дэмжиж, тал бүрээр туслаж ажилладаг МУБИС болон МУИС-ийн удирдлагууд, үе үеийн эрдэмтдэд баярласнаа илэрхийлмээр байна. Их хөлгөн судрыг хөрвүүлэх ажилд хамтран зүтгээд 10 жилийг үдлээ. Ажлынхаа үр дүнг өнөөдөр дэлгэн тавьж байна. Хөрвүүлгийн ажилд маань хувь нэмрээ оруулж, сурч судлан, хамтран ажилласан 12 залуу судлаач МУБИС-д эрдмийн зэрэг хамгаалж байгаа нь хамтын ажлын бас нэ­гэн том үр дүн гэж бодож байна.

Тэрбээр ийнхүү ярьсан юм. Үнэхээр ч Ганжуур, Данжуурын кирилл үсгийн хөрвүүлгийг номын өргөөнд залах ёслол өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Уг хөлгөн судрын нэг ботийг 300 хувь хэвлэж байгаа бөгөөд дотоод, гадаадын номын сан, сүм хийдүүдэд түгээж эхэлжээ. Дашрамд дурьдахад, эдгээр ботийг гэртээ залахыг хүсвэл орчуулгын төслийн багийнхантай холбогдох боломжтой юм байна.