ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Суугуул нутагтаа уугуул болтлоо “шовойсон” бүсгүй заяа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-13

“Атар газар эзэмших аян” орон даяар эхэлж, илгээлт өвөртөлсөн залуус эх орныхоо дөрвөн зүг найман зовхист ажил хөдөлмөр эрхлэхээр явж байх үед баруун хязгаарын саальчин бүсгүй үеийн залуустайгаа хамт илгээлт өвөртлөн хүний нутгийг зорихоор зориглон шийджээ. Өсч төрсөн нутаг ус, өсгөж хүмүүжүүлсэн аав ээжээ орхиод гарах нь тийм ч амар байгаагүй гэдэг. Гэсэн ч нутгаасаа гарч ажил хийж үзнэ, амьдралтай танилцана, газар үзнэ гэсэн залуу бүсгүйн эр зориг 58 жилийнх нь амьдралын хувь төөргийг зурсан гэлтэй. Атар газар эзэмшсэн 60 жилийн ойн баяраар түүнийг төрийн дээд одон медаль “Алтан гадас” одонгоор шагнах үед нь уулзаж, ярил­цах завшаан тохиосон юм. Миний хөрөг нийт­лэлийн гол баатрыг Нүрзэдийн Нина гэдэг. 1940 онд Увс аймгийн Завхан суманд төрсөн.

Гэсэн ч улаан паспорт анх авах үед түүний хань нь төрсөн он сар, сумыг нь андуурч хэлснээс болж, 1944 онд Увс аймгийн Тариалан суманд төрсөн хэмээн паспорт авсан хөгжилтэй түүхээр бидний яриа эхэлсэн юм. Н.Нина гуай эхээс арвуулаа. Айлын хамгийн том нь бөгөөд төрсөн ах дүү нар нь өдгөө нутгаасаа гарч, Улаанбаатар хотод амьдардаг аж. Бага байхдаа өөр айлд өргүүлсэн бөгөөд дөрөвдүгээр анги хүртлээ Увс аймгийн Завхан сумын бага сургуульд сурч, Өмнөговь суманд үргэлжлүүлэн дунд боловсрол эзэмшжээ.

Түүнийг өргөж авсан аав, ээж хоёр нь хоёулахнаа учраас охиноо байнга зөөгөөд байж чаддаггүй байж. Тиймдээ ч сургуулийн дотуур байранд суулгасан байна. Гэсэн ч охин орон гэр, аав, ээжийгээ санах нь их учраас долоо хоноод л аав нь давхиж очоод охиноо авчихдаг байв.

Энэ байдлаар явсаар долдугаар ангиа төгсөж, улмаар Ховд аймгийн политехникт тэнцсэн ч өөрийн хүсэлтээр саальчин болох замыг сонгожээ. “Мундаг саальчин болно оо” гэсэн том мөрөөдөлтэй бүсгүй ижий, аав хоёрыгоо даган Ховд аймагт суурьшихаар нүүж үзсэн ч жилийн дараа эргээд л нутагтаа ирсэн байна. Ингэж явсаар 1962 он болсон бөгөөд нэг удаа аав нь бараа ачихаар яваад эзгүй байх үед илгээлт авна гэсэн зар сонсчээ. Ингээд л ээжийнхээ үгийг ч тоолгүй, шуудангийн задгай тэргэнд нутгийн нэг бүсгүйтэйгээ хамт суун, аймгийн төвд очоод бүртгүүлчихэж. Эндээс л түүний амьдралынх нь түүх бичигдсэн гэнэ лээ.

Улмаар, 1962 онд “Зил-130” машинд 21 бүсгүй, нэг залуу, гурван өрх айл сууж, Сэлэнгэ аймгийн Түшиг сумыг зорьсон юмсанж. Харин одоо тэдний үеийнхнээс дөрөв хүн л Түшиг нутагт энх тунх амьдарч, аж төрж байна. Зарим нь нутаг буцаж, цөөнгүй нь бурхны оронд одож, нэг машинд сууж ирсэн үеийн дөрвөн бүсгүй л үлдсэн талаар бидэнд ярилаа. Залуусыг анх ирэх үед Түшиг сум дөнгөж бууриа засч байжээ. Барилга байшин гэх зүйл байхгүй, 1960 онд барьж эхэлсэн сумын соёлын төв нь ашиглалтад ороход бэлэн болчихоод байсан аж.

Тэрбээр, энэ талаар эргэн дурсахдаа “Нэг жижигхэн модон байшинд бөөндөө амьдарч байлаа. Эхэндээ үнэхээр хэцүү санагдаж байсан. Уйлсан үе ч бий. Мэргэжилтэй болно, эмч, багш нар болно гэсэн том мөрөөдөл тээж ирцгээсэн хэрэг. Хамгийн ахмад нь 27 настай. Тэгээд л дандаа шижигнэсэн залуус.

Хаашаа ч харсан битүү уултай. Тэгээд уул руугаа гэрээ харуулаад барьчихсан ямар сонин газар вэ гэж их боддог байлаа. Хамгийн анх 1959 онд Увс аймгаас илгээлт авах үед н.Намсрай, н.Буриад нарын залуус Цагааннуур суманд ирсэн байж билээ. Надаас арай өмнө ирцгээж, төвхнөчихсөн байсан хэрэг.

Тэдгээр айлуудаар орж гарна. Мөн н.Баатар гэж хөгшин бидэнд мөн ч их тус болсон доо. Ингээд хөдөө мал дээр гарч 10 гаруй жил амьдарсан. Улмаар, 1972 оноос сумын төвд ирж, бригадын тогоочоос эхлээд олон ажил хийсэн дээ. 2002 он хүртэл тасралтгүй ажилласан. 1991 онд биднийг чинь хүчээр тэтгэвэрт гаргачихдаг юм байна. Тэгээд сум орон нутгийн удирдлагатай уулзаж, олон нялх нойтон хүүхэдтэй учраас ажил хиймээр байна гэж хүсэлт гаргаж байлаа. Тэгтэл талх баригчаар ажилла гэдэг юм байна. Би чинь талх барьж үзээгүй. Тэгээд яах вэ, хэдэн хүүхдээ тэжээхийн тулд ажиллахаас өөр аргагүй болж байлаа” хэмээн хуучлав.

Тухайн үед гаднаас мэргэжилтнүүд ирж талх хэрхэн барихыг сум орон нутгуудад зааж байсан бөгөөд Н.Нина гуай талхны цехэд хоёр жил ажиллаад эргээд үтрэмдээ очжээ. “Хүнд хийж чадахгүй ажил гэж байдаггүй гэдгийг би өөрийн биеэр үзсэн хүн. Тиймдээ ч хүүхдүүддээ “Хүнтэй зөв харилцаж сур, яаж мэндлэхээс л чиний хандлага, харилцаа харагддаг юм. Бусдыг хайр­лаж байж бусдаас хариу хайр авдаг юм шүү. Ажлыг битгий гол. Хүн хийе гэвэл юуг ч хийж чаддаг юм” гэж хэлдэг” хэмээн тэр ярив.

Н.Нина гуай амьдралын ханьтайгаа танилц­санаас хойш найман хүүхдийн ээж, аав болцгоожээ. Тэд нэг нутгийнх бөгөөд хань нь насан эцэслэх хүртлээ бригадын тоо бүртгэгч, нягтлан бодогч хийсэн байна. Тодруулбал, засварын газар, авто граш, тэжээлийн бригадад техник хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1985 онд бурхан болсон аж.

Тэд ганц хүүтэй, долоон охинтой. Бүгд л өдгөө сум орон нутагтаа ажиллаж, амьдардаг. Өвдөх зовлонгүй, эрүүл өсөцгөөсөн үр хүүхдүүд нь багш, тракторчин, малчин, тогооч, хувиараа бизнес эрхлэгч гээд олон янзын мэргэжил эзэмшиж, бүгд энх тунх амьдарч явна. Хамгийн анх энэ нутагт ирж тулгыг нь өрж, тооныг нь өргөлцсөн тэртээх он жилүүдийнхээ талаар хуучлаач гэхэд минь “Би чинь 12 жил мал маллаж байгаад эргэж үтрэм дээр ирж байлаа.

Гэтэл ганц нэгхэн модон байшинтай байсан сум маань танигдахын аргагүй өөрчлөгдсөн байж билээ. Анх ирэхдээ жорлонг андуурч гахайн байр луу орж, гахайнаас айн зугтаж, хөглөж явсан үеэс минь тэс өөр болж, танигдахын аргагүй болсон байсныг санадаг. Мөн орос мэргэжилтнүүд ирчихсэн. Ер нь тухайн үед чинь илгээлт авсан залуусыг маш сайн халамжилдаг байлаа. Боло­всон хүчин маань байнга халамжилна. Хоол унд бэлт­гэнэ, унаа хөсгөөр хан­гана. Субботникт их явна аа, бид. Өөрсдөө мод түлээгээ бэлт­гэнэ. Сааль сүүгээ авна, төл авах даалгавраар их явна. Би чинь 1971 оны үед Аварга мал­чин н.Цэрэндоржийнд төл­чин байлаа.

Төл сайн авсан гэж Сэлэнгэ аймгийн сонинд гарч байлаа. Надад улсаас авсан ойн медаль их бий. Хөдөл­мөрийн хүндэт медалийг 2000 оны эхээр авч бай­лаа. Одоо харин “Алтан га­дас” одон авлаа. Төрдөө олон удаа хүндлүүлсэн. Миний гаргасан шийдвэр, энэ нут­гийг зорьсон минь буруу­даагүйг харж байна. Би хүндтэй хүн юм байна гэж бодогддог юм билээ. Энэ нутаг надад ээлээ өгсөн шүү. Суугуул гэж өөрийгөө ярих дургүй. Би чинь уугуул иргэн нь юм байхгүй юу” хэмээн ярьсан бөгөөд яриа бүхэндээ зөв явах, хүнтэй зөв харьцах ёстойг онцлох аж.

Хүмүүс тариа тарихыг их амархан ажил гэж боддог. Хавар хэдэн үр тариа цацаад л, намар хураагаад авчихдаг гэж боддог хүн ч бишгүй олон. Гэвч үтрэмийн ажил хамгийн хэцүү ч хэзээ ч шантарч байгаагүй хөдөлмөрч нутгийн зон олноороо ямагт бахархах дуртай гэдгээ ч тэрбээр ярилаа. Хавартаа тариагаа тарих, зундаа май тавих, намартаа ургацаа хурааж, өвөл харин түүнийгээ гурил болгох, зарж борлуулах гээд тариаланч хүний амьдрал жилийн дөрвөн улиралд өрнөдөг. Н.Нина гуайг үтрэмд ажиллаж байх үед тэдний бригад улсдаа хэд хэдэн удаа түрүүлж байсан бөгөөд нэг га-гаас ургац алдаж байгаагүй гэнэ лээ.

Тэтгэвэртээ гарсан ч бригадынхаа сахиулыг хүртэл хийж байсан бөгөөд техник, технологи бүрэн хөгжөөгүй бай­хад ургацаа га­раар ачиж бай­сан түүхээ мөн хуваалцав. “Машин зог­соох­гүй гээд л харан­хуй шөнөөр гараар хүртэл ачиж бай­лаа. 20-ын са­ваар цас зөөнө. Нэг хор­мыг ч зүгээр өнгө­рүү­лэх­гүй гэж ажил­лана, бид.

Тухайн үед ажиллаж байсан олон ч хүн төрийн хайрыг хүртэж чадаа­гүй яваад сэтгэл дундуур л байдаг юм. Би чинь авдаг одон медалиа авчихсан гэж сэтгэл хангалуун явдаг байлаа. Гэтэл яг шагналд тодорхойлоод нэрийг минь дуудсан чинь үг хэлж чадахгүй хоолой чичирч байна билээ. Өнөөгийн залуус цагийн ажилд их баригддаг болчихсон

. Өглөө цагтаа яваад орой цагтаа ирэх ёстой гэж боддог. Харин бидний үед бол өглөө гараад өдөржин, шөнөжин ажиллах үе ч олон байсан. Тэглээ гээд муудсан зүйл алга. Хөдөлмөр л хүнийг бий болгодог юм шүү дээ. Аливаа юмыг хийж байж сурна, бас амжилтад хүрнэ. Хүн амьдралаа бодолгүй яахав. Гэхдээ улсын ажлыг цалгардуулж байгаа хүнд шүүмжлэлтэй ханддаг хүн” хэмээн залуу үеийнхэндээ үг дайхаа ч бас мартсангүй.

1962 онд төрсөн нутгаасаа гарснаас хойш хүүхэд насаа өнгөрүүлсэн нутгийн уул ус, өсгөж төрүүлсэн, хүн болгосон ижий, аав, ах дүү нараа санах үе олон байсан ч ажиллаж, хөдөл­мөр­лөж, үр хүүхдээ өсгөсөн завгүй амьдралынхаа хажуугаар зорьж очсон нь тун ч цөөхөн байж. Хамгийн сүүлд 1993 онд нутагтаа очсон бөгөөд ижийгээ амьдад нь уулзаж чадаагүй хэмээн нулимс цийлэгнүүлэн ярих нь өрөвдмөөр. Зах зээлийн хүнд хэцүү цаг үед ч Н.Нина гуай амьдралд бууж өгөөгүй юм. Үр хүүхдээ идэх хоолтой, өмсөх хувцастай явуулах гэж ханиасаа хойш олон ч ажил сольж, олон удаа амьдралд бууж өгмөөр байсан ч хүүхдүүдээ хүний дор оруулахгүй өсгөж, хүмүү­жүүлэхийн төлөө шүд зуун тэвчсэн үе олон бий.

Тиймдээ ч өнөөдөр ажил, амьдралаа эхлүүлсэн нутаг усандаа үр хүүхэд, ач зээгээ тойруулан жаргаж сууна. “Зах зээлийн хүнд хэцүү цаг үед шантрах үе олон байсан. Айл бүхэнд 25 кг гурил, тал тамхи гэх мэтээр картын бараа л олгодог үе ч байлаа. Ханиасаа хойш тамхи их татдаг болсон учраас тамхи олдохгүй учраас дугуй булантай цай хүртэл нүдэж татсан үе байдгийг нуугаад яахав. Эд бараа тийм л ховор байлаа шүү дээ. Айл бүхэн тарчиг хомс байсан тэр цагт хүн бүхэн л хэцүү амьдралыг туулсан даа.

Бид чинь будаа хүртэл хуурч идэж байсан гэвэл өнөөгийн залуус итгэхгүй л дээ. Одоо улс орон хөгжиж, төр засаг ч сайхан боллоо. Дэлгүүрийн лангуун дээр бүх зүйл байдаг боллоо. Хонины гэдэс идэхгүй гэдэг болсон байна шүү дээ. Ингэж болохгүй ээ. Зовлон үзээгүй байна гэж боддог юм. Хоол хэзээ ч голж болдоггүй юм. Айлын ганц хүүхэд гэсэн атлаа л би чинь хөвөнтэй өмдтэй л явдаг байлаа. Аав, ээжийн хийж өгснийг иддэг байсан. Миний үеийнхэн бүгд тэгж өссөн. Одоогийн залуус амттаны дээдийг л идэх гэдэг болсон байна” хэмээсээр бидний яриа өндөрлөв.

“Үр хүүхэд, нутгийн ахан дүүстэйгээ хамт тун удахгүй эгч нь одонгийн найраа хийнэ ээ. Төрийн том шагнал авсан өдөр минь намайг тоож ярилцлага авсан сэтгүүлч охиндоо баярлалаа“ хэмээн инээсээр тэр үлдлээ. “Нутгийн тарвага дошин дээрээ шовойж байна” хэмээн Н.Нина эгч хошигнон ярьж, бусдыг инээлгэдэг гэнэ лээ. Ёстой л баруун хязгаараас тэмүүлж оч­сон нэгэн бүсгүй цэцэг Сэлэнгэ аймгийн Түшиг сумын хөр­сөнд 58 жил “дэлбээлж”, суугуул нутгийнхаа хөрсөнд уугуул болтлоо шовойсоор байх ажээ. Үр хүүхэд, ач зээ, ах дүү­гээрээ өнөр олуулаа болж, шуу­дан­гийн машинд дайгдаж явсаар хийсэн залуу бүсгүйн сон­голт нь буруу байгаагүйг өөрийн амьдралаар харуулсан нь энэ юм.