ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хилийн чанадад 174 монгол иргэн ял эдэлж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-10-29

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн болон УИХ-ын гишүүн Н.Амарзаяа нар аймаг,сум бүр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай болох нь зүйтэй гэсэн саналыг хуралдааны эхэнд илэрхийлэв. Тус хуулийн төсөлтэй холбогдуулж зарчмын зөрүүтэй санал хураалт явуулж, гишүүд байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ”Жижиг дунд бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ харьцангуй үйлдвэрлээд сурчихсан. Хамгийн гол нь бүтээгдэхүүний борлуулалт худалдан авалтын асуудал тулгамдаж байна.Тиймээс энэ асуудлыг төрийн захиргааны байгууллагууд нь үүрэг болгож өгмөөр байна” гэв. Харин ХНХ-ын сайд С.Чинзориг “Бичил бизнес эрхлэгчдийг ЖДҮ-ийг дэмжих сан руу татаж болохгүй. Тэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээлээ аваад явж байх нь зөв. Харин жижиг аж ахуй нэгж буюу нөхөрлөл, хоршоодод хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгож болохгүй” гэв. Тиймээс энэ хоёрын ялгаа, заагийг заагласан хэвээр нь үлдээхийг гишүүдээс хүслээ. УИХ-ын гишүүн М.Билэгт мөн С.Чинзориг сайдтай санал нэг байгаагаа илэрхийлж, “бичил” гэдэг үгийг хуулийн төслөөс хасах хэрэгтэйг сануулав. Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Бичил гэдэг үг зөвхөн манай хуульд орсон. Хэрэв энэ үгийг авчихвал хуулийн төсөл тэр чигээрээ өөрчлөгдөнө” гэдгийг тайлбарласан юм. 

Энэ үеэр Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал гарсан учир АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. 

Хуралдаанаар үргэлжлүүлэн Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах эсэхийг хэлэлцэж, гишүүдийн 71.1 хувь дэмжив. Одоогоор хилийн чанадад 174 монгол иргэн ял эдэлж байгаа бол гадаадын 19 иргэн шүүхийн шийдвэрийн дагуу Монгол Улсад хорих ял эдэлж байгаа аж.  Үүнээс Казахстан улсад манай улсын зургаан иргэн ял эдэлж байгаа аж. Гэхдээ тус улс руу зорчих Монгол Улсын иргэдийн хөдөлгөөн сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа бөгөөд дээрх төрлийн хэлэлцээрийг улс орнуудтай байгуулах нь иргэдийн эрх ашгийг хилийн чанадад хамгаалахад чухал ач холбогдолтой гэдгийг  хууль санаачлагч онцлов. 

Үүний дараа Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, уг хуулийн төсөлтэй холбогдуулан  гишүүд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Польш Улсад манай улсын хэчнээн иргэн ажиллаж, амьдарч байгаа вэ. Нийгмийн хамгааллын баталгаа нь хангагдахгүй байгаа хэчнээн иргэн байна вэ. Уг хэлэлцээр байгуулагдсанаар Бүгд Найрамдах Польш Улсад мөн эх орондоо ажиллаж байсан хугацаагаар тэтгэвэр тогтоолгох боломж үүснэ гэж ойлголоо. Энэ тухай тодруулж хэлнэ үү. Мөн эрүүл мэндийн даатгалын асуудал нь шийдэгдэх үү. Тухайн улсын нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого чиглэлд нь манай улсын иргэд хамрагдаж чадах уу” зэрэг асуудлуудыг тодруулав. ХНХ-ын сайд С.Чинзориг хариулахдаа “Польш Улсад амьдарч байгаа монголын иргэд  эрүүл мэндийн даатгалаа төлдөг.

Нийгмийн даатгалын шимтгэлээ Польш улсад төлж байгаа хэдий ч тус улсын хуулийн дагуу нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь үүсдэггүй.  Монголдоо нийгмийн даатгал, шимтгэлээ төлөөгүй учраас Монгол Улсаасаа нийгмийн даатгал хүртэх эрх нь мөн  хязгаарлагдмал байгаа. Монгол Улс, Польш Улс хооронд байгуулсан  нийгэм хамгааллын тухай хэлэлцээрийн дагуу тус улсад ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол түүнд оногдох тэтгэврээ Польш улсын талаас, харин Монгол Улсад ажиллаж нийгмийн даатгал, шимтгэлээ төлсөн жилдээ ногдох тэтгэврээ монголынхоо нийгмийн даатгалын сангаас авах эрх нь үүсэх юм. Мөн тэтгэмжүүд авах эрх бий болно. Одоогоор Унгар, БНСУ-тай нийгмийн хамгааллын чиглэлээр хэлэлцээр байгуулаад ажиллаж байна” гэв. Гишүүд үг хэлж дууссаны дараа тус хуулийн төслийг гишүүдийн олонхи дэмжиж, батлав.

 

Сайхан зүйл ярьж, төсөл хэрэгжүүлдэг ч үр дүн харагдахгүй байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төслийн нэгжүүдийн талаар асуусан асуулгын хариуг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа “Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа нийт 59 төсөл хэрэгжүүлэгч нэгж  байгуулсан байна. Эдгээр төсөл хэрэгжүүлэх нэгжээс гадаадын зээл тусламжийн эх үүсвэрээс санхүүждэг  53 төсөл, улсын төсвийн санхүүждэг зургаан төсөл хэрэгжүүлэгч нэгж тус тус байгаа бөгөөд нийт 468 төслийн ажилтантай, үйл ажиллагааны зардал нь дунджаар  24 тэрбум орчим төгрөгийг зарцуулж байна” гэлээ.

Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд багагүй учир дутагдалтай байгаа бөгөөд үр дүн гарахгүй байгааг олон гишүүн шүүмжилсэн юм. Үр ашиггүй олон төсөл хэрэгжиж байгааг ч онцлов. Мөн төслүүдийн хяналтыг сайжруулах, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа үйл ажиллагааны судалгаа бодитой байх ёстой гэдгийг тэд санууллаа.