УИХ-ын чуулган “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан хууль санаачлагчаас гишүүд асуудт асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Хуулийн төслийг дэмжиж байна. 100 хувь хавтгайруулах бус хүүхдийн мөнгө авах хэрэгцээтэй байгаа хэсэгт нь өгөх нь зөв. Өнгөрсөн хугацаанд хоёр нам манайх 80 нь хувьд нь танайх 100 хувьд нь өгдөг гэж улстөржсөөр ирсэн. Хүүхдийн мөнгө хүн амын өсөлтөд нөлөөлж байна гэсэн тайлбар хэлдэг. Гэхдээ үүнд хоёр хувилбар байгаа юм. Ажилтай, орлоготой болгоод хүн амаа өсгөх үү, эсвэл амь зуух төдийг 20 мянган төгрөг өгөөд хүн амаа өсгөх үү гэдгийг бид болох цаг нь болсон. 13 жил өгөхөд ядуурал буурсан уу гэвэл буураагүй. Хүн амын 40 хувь нь ядуу хэвээр л байна. Яг энэ мөнгийг бодит үйлдвэрлэлийн салбарт оруулсан бол аймагт бүрт 4 тэрбум төгрөгийн хоёр үйлдвэр барих мөнгө байсан. Ингээд явсан бол 10 мянган өрх ажлын байртай болох байлаа. Харамсалтай нь ингэж чадаагүй.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Монгол төр маань бодлоготой явах ёстой. Бодлого нь мөн хоорондоо уялдаатай байх ёстой. Энэ нь алдагдчихсан. Тийм болохоор монгол төрийн бодлого тогтвортой болгох асуудал чухлаар тавигдаж байгаа юм. Үүний дараа ажилтай, орлоготой байх, аж үйлдвэрээ хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, төсвийн орлого нэмэгдүүлэх гэсэн эдгээр бодлого нь нийгмийн халамжийн бодлоготой уялдаж явах ёстой. Өнөөдөр нийтдээ 650 тэрбум төгрөгийг нийгмийн хамгааллын салбарт зарцуулж байгаа.
Нэг сая иргэн үүнээс хувь хүртэж байгаа. Гэтэл яагаад ядуурлаас гарахгүй байна гэдэгт бид нийгмийн халамжийн бодлогодоо анхаарах ёстой. 650 тэрбум төгрөгөөс 200 тэрбум орчим нь хүүхдэд зарцуулагдаж байгаа. Үүнийг халамжийн гэж хэлэхээсээ илүүтэй монгол төрийн хүн амаа өсгөх бодлого гэж харах ёстой.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Хуулийн мөнгөний асуудал улс төрийн сэдэв болчихоод байгаа юм. Би уг хуулийн төслийг дэмжихгүй байгаа. Яагаад гэвэл өнгөрсөн 28 жилийн хугацаанд Монгол Улс халамжийн бодлогоор явахгүй гэдэг нь тодорхой болсон.
Хоёр нам нь хэрэлдэж халамжийн бодлогыг явуулсаар ирсэн нь ядуурлыг улам нэмэгдүүлж, ажил хийх хүн олдохгүй болсон. Орлого нь нэмэгдэхээр түүнийгээ халамжид яаж өгөх үү гэдэг байдал бий болчихоод байна. Бид халамжаар хөгжинө гэдэг ойлголт үндсэндээ үгүй.
Тиймээс халамж руу чиглэсэн үйл ажиллагаагаа цаашид больж ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэр бий болгох, орлого нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бодлогыг явуулмаар байна.
Хүүхдэд нь мөнгө өгч халамжлахаас илүүтэй эцэг эхийг нь ажилтай болгомоор байна. Бид таван төгрөг орлого олбол түүнийгээ ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд зарцуулдаг болмоор байна.