ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Аймгуудад баригдаж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө

O.Admin
14 цагийн өмнө

Төв, Архангай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай аймаг болон бусад аймаг, орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Улмаар, аймаг бүрд тулгамдаж буй асуудлыг шийдэх чиг үүргийг салбарын сайдуудад Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болгов. 

Тухайлбал, 

-Архангай аймгийн эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах, Өндөр-Улаан сумын цахилгаан дамжуулах модон шугамыг үе шаттай төмөр бетон тулгуурт шилжүүлэх, зарим сумын ЭМТ, аймгийн Мал эмнэлгийн газарт тулгарч буй автомашины асуудлыг шийдвэрлэх 

-Төв аймагт хүнсний ногооны зоорь агуулах, нэмэгдүүлэх, ургац хураалтад шаардагдах түлшний асуудлыг шийдэх, Хүннү хотын эдэлбэр газраас ДЦС-ыг шинээр барихад зориулан 30 га газар шийдвэрлэх 

-Завхан аймгийн ДЦС-ын ажлыг хэвийн үргэлжлүүлэх, зүүн аймгуудаас хадлан бэлтгэхэд зориулж газар олгох, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх, зарим сумдын ЭМТ-д автомашин шийдвэрлэх 

-Баянхонгор аймгийн Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, ДЦС-ын ажлын хэвийн явуулах, хадлан бэлтгэх газрын зөвшөөрөл шийдэх 

-Өвөрхангай аймагт баригдаж буй ДЦС барих төслийг хэвийн үргэлжлүүлэх, Дорнод аймгаас хадлан тэжээл бэлтгэх газар шийдэх, зарим сумдын ЭМТ-ийн автомашины асуудлыг шийдвэрлэх үүргийг холбогдох сайдуудад тус, тус үүрэг болголоо. 

Шадар сайд Н.Номтойбаяр хэлэхдээ "Монгол Улсад анх удаа SAT-1 хэвшлийн шүлхий өвчин бүртгэгдсэнтэй холбогдуулан Баян-Өлгий, Ховд аймгуудад хорио цээр тогтоогоод байсныг цуцлах шийдвэр гарлаа.  “SAT-1” хэвшлийн шүлхийн вакцинжуулалтыг бүрэн хийж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсний үр дүнд аюулгүйн түвшин хангагдсан гэж үзсэн.  

Үүнээс гадна өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Ерөнхий сайдын албан даалгавар аймгуудад хэрхэн хэрэгжиж байгааг Шадар сайдын хувиар шалгаж, хэд хэдэн аймгуудтай холбоотой асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Аймгууд дэд бүтэц, онцгой байдалтай холбоотой төсвүүдээ захиран зарцуулж чадахгүй гацдаг, зарим тохиолдолд шүүхдэлцдэг зэрэг асуудлыг эргэж харах, хууль, эрх зүйтэй холбоотой асуудлыг нэн яаралтай судалж, Засгийн газарт танилцуулах чиглэл өглөө.

БНСУ-ын “Экзим” банкны санхүүжилттэй 10 аймагт хэрэгжиж байсан Дулааны цахилгаан станцын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэвийн үргэлжлүүлэх, үнэ тарифыг хувийн хэвшлүүдтэй тохирох шийдвэр гарлаа. Аймгуудын ЭМТ-ийн автомашины тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ.

Зарим аймгуудад зуншлага тааруу байгаагаас хадлан тэжээл бэлтгэх асуудал тулгамдаж байна. Үүнийг маргааш өглөө /2026.07.30/ Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэнэ. Зарим аймгаас хадлан тэжээл татах зохицуулалт хийнэ. Орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжсэн, дундын зуучлалгүйгээр, төрөөс үнийг тогтоох байдлаар шийднэ" гэв.