ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

O.Admin
14 цагийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Шатахууны хангамжийн нөхцөл байдлын талаар танилцуулав. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс Ойрх Дорнод дахь мөргөлдөөн дахин хурцадмал байдалд шилжсэнтэй холбоотойгоор сүүлийн 10 хоногт тогтмол өсөж, 100.34 ам.долларт хүрсэн ч мөн сарын 24-ний өдрөөс бага зэрэг буурч, 07 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 87.89 ам.доллартай тэнцэж байна. 

Монгол Улсын гол ханган нийлүүлэгч ОХУ-ын тухайд “Шатахууны тухай хууль”-ийг баталж, шатахуун, онгоцны түлшний экспортод бүрэн хориг тавих, худалдан авалтын хязгаарлалт тогтоож эхэлжээ. Гэсэн ч “Роснефть” компани өмнө нь байгуулсан гэрээний дагуу 2026 оны 03 дугаар сараас хойш АИ-92 автобензинийг тонн тутмыг 705 ам.доллароор нийлүүлж ирсэн ч дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ сүүлийн 3 сар дарааллан 30-аас дээш хувиар нэмэгдсэн учраас тогтмол үнийг дахин хэлэлцэх нөхцөл байдал үүсчээ. Нийлүүлэгч талтай хэлэлцсэний үр дүнд 07 дугаар сараас ОХУ-ын дотоодын биржийн үнэд суурилсан үнээр нийлүүлж эхлээд байгаа юм. Улмаар, дотоодын зах зээл дээрх АИ-92 автобензиний үнэ 250-300 төгрөгөөр нэмэгдсэн бол дизелийн үнэ 100-150 төгрөгөөр буурчээ.

Монгол Улс 07 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензин 37 мянган тонн буюу 17 хоног, дизель түлш 91 мянган тонн буюу 23 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна.   Өнөөдрийн байдлаар 18 ААН-ийн 22ш 250 мянган тонны шатахууны агуулах барих арилжааны банкны зээлийн шийдвэр албажиж, хариуцлагын гэрээ байгуулснаар бүтээн байгуулалтын ажил эхэлснийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Төслүүдийн барилга угсралтын ажил харилцан адилгүй буюу 5-85 хувьтай явагдаж байна. 4-12 сарын хугацаанд бүрэн ашиглалтад орж дуусна.

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар "Бидний гол нийлүүлэгч ОХУ-ын тухайд дроны халдлагад өртөж, хэд хэдэн шатахууны гол байршлууд өртсөн учраас дотоодын нөөцөө хангах үүднээс хууль гарган хэрэгжүүлж байна. Евро-5 стандарт руу шилжсэн байсан ч Евро-2, 3 руу шилжиж, нөөцөө бүрдүүлэх чиглэлд ажиллаж байгаа.  

Монгол Улсын Засгийн газрын зүгээс дотоодын нөөцөө бүрдүүлэх хүрээнд хэд, хэдэн ажил хийж, тавдугаар сар гэхэд дотоодод байгаа бүх агуулах саваа дүүргэсэн. Тавдугаар сард 700 вагон цистерн явж чадахгүй гацсан. Бүх сав дүүрсэн. Хэрвээ агуулах сав хангалттай байсан бол он дуустал нөөцөө бүрдүүлчих байлаа.

Засгийн газраас шийдвэр гаргаж, 18 ААН-ийн 22ш 250 тонны багтаамж бүхий шатахууны агуулах барихаар арилжааны банкуудын зээл олголт эхэлсэн. Холбогдох гэрээ хийгдэж, ажлаа эхлүүлсэн. Хяналт шалгалтыг яам, агентлагын зүгээс тогтмол тавина. ОХУ-тай хийсэн гэрээний хүрээнд олон улсын зах зээлд 3 сараас дээш үнэ хэлбэлзсэн тохиолдолд үнийг дахин хэлэлцэнэ гэсэн заалтын хүрээнд хэлэлцээрт орж, 705-аас 800 руу хүргэлээ. ОХУ-ын 805 ам.доллар гэсэн үнэ ирүүлж байсан. Ингэснээр шатахууны үнэд өөрчлөлт орсон" гэлээ.