ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

16 орны мал эмнэлгийн салбарынхан шүлхий өвчний асуудлыг Монголд хэлэлцэж байна

O.Admin
20 цагийн өмнө

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Зүүн өмнөд Ази, Хятадын шүлхий өвчинтэй тэмцэх дэд комиссын 28 дахь удаагийн хуралдаан Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ.

Хуралдаанд нийт 16 орны мал эмнэлгийн салбарын 80 гаруй төлөөлөгч оролцож байна. Тухайлбал, ДМАЭМБ-ын төлөөлөгчид, ерөнхий малын эмч нар, үндэсний зохицуулагчид, олон улсын болон хандивлагч байгууллага, шүлхий өвчний лавлагаа лаборатори, мал, амьтны эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл багтжээ.

Энэхүү хуралдаан шүлхий өвчинтэй тэмцэх дэлхийн стратеги боловсруулагдаж, дэлхийн хэмжээнд шүлхий өвчний нөхцөл байдал өөрчлөгдөн хөгжиж буй үетэй давхцаж байгаагаараа онцлог юм.

Хуралдаанаар дэлхийн болон бүс нутгийн шүлхий өвчний өнөөгийн нөхцөл байдал, өмнө нь бүртгэгдээгүй бүс нутгуудад SAT-1 хэвшил тархаж буй талаар мэдээлэл өгч, бүс нутагт тулгамдаж буй техникийн болон үйл ажиллагааны сорилтуудыг хэлэлцэх юм. Энэ хүрээнд бүс нутагт шинээр нэвтэрсэн SAT-1 хэвшил, SAT-2 зэрэг шинээр эрсдэл үүсгэж болзошгүй бусад хэвшлүүдийн нөлөөллийг үнэлж, бэлэн байдлыг хангах, тандалт, вакцины хүртээмж, мал, амьтны шилжилт хөдөлгөөний хяналт, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон эрсдэлийг бууруулах арга хэмжээний талаар хэлэлцэж байна.