УИХ-ын гишүүн Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Түүний хувьд батлан хамгаалах салбарын хариуцлагагүй, хяналтгүй байдлаас үүдэн цэргийн амь нас удаа дараа хохирсон асуудалд салбарын сайд Д.Батлут хариуцлага хүлээх ёстой гэдэг байр суурийг илэрхийлж буй билээ.
-Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага тооцох ёстой гэж та үзэж байгаа. Энэ талаараа дэлгэрүүлж ярихгүй юу?
-Батлан хамгаалах салбар тэр дундаа армийн хөгжлийн талаар тодорхой анхаарал хандуулахгүй бол болохгүй болжээ. Ганц би ч биш АН-ын бүлгээс Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох ёстой гэдэг шаардлага хүргүүлсэн. Хариу ирээгүй байгаа. Ерөнхий сайдаас хариу ирсний дараа АН-ын бүлэг дараагийн улс төрийн шийдвэрээ гаргах байх. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж цэргийн боловсрол, хөгжил дэвшил, чадал чансааг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг ярих санал гарч байгаа. Армидаа онцгой анхаарал хандуулах цаг үе ирчихсэн.
Дэлхий дахинд мөргөлдөөн хаа сайгүй л гарч эхэллээ. Хаана ямар засаглал үлдэх нь тодорхойгүй ийм цаг үед армиа бэхжүүлэх ажлыг заавал хийх хэрэгтэй. Ажлын хэсэг гарчихвал энэ зундаа багтаад армийн ахлах цолтой хүмүүсийн хөгжлийн хөтөлбөрийг батлахаас гадна цэргүүдийн боловсролыг шинэчлэх шаардлагатай. Орчин цагийн залуусын сонирхож байгаа боловсрол, хөгжлийн төлөвлөгөөг шинэчилж гаргана.
-Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд амьдарч чадахгүй байгаа асуудлаар сөрөг хүчин ямар байр суурьтай байгаа вэ?
-Хариуцлага, бас дахин хариуцлага. Хүмүүс өөрт оногдсон ажлаа хийе. Хариуцлага тооцдог хөгжлийн төлөвлөгөө боловсруулдаг, түүнийгээ жилээр нь дүгнэдэг болъё. Төрөөс цалин авч байгаа хүмүүс жилийн дотор ямар үр дүн гаргах вэ гэдэг хэмжүүртэй байя. Хүн болгон ажлаа хийхгүйгээс нэг газар жилийн дотор 3000 нүхтэй болчихсон байгаа юм. 3000 нүх рүү хэн ч унах эрсдэлтэй. Тог цахилгааны эрсдэлийг харцгаая. Монгол цөөхөн хүн амтай учраас тодорхой төлөвлөгөө гаргаад явахад л асуудалгүй. Цалгар назгай, найрааны, толгой илсэн байдалд ийм үр дүнд хүргэж байна. Төрийн албанд цэвэрлэгээ хийж, ажил хийдэггүй хүмүүсээ зайлуулахгүй л бол асуудал шийдэгдэхгүй. Төлөвлөлтөө тодорхой болго, ажил хийдэггүй хүмүүсээс төрөө цэвэрлэ. Ийм л хоёр зарчмын асуудал байгаа. Ажил хийдгийг нь урамшуул.
-Төр шат, шатандаа ажлаа хийгээгүйгээс хүүхэд эндэхэд эцэг, эхийг буруутгаад өнгөрөх нь хэр зохистой вэ?
-Аав, ээж, компаний буруу гэж ерөөсөө харахгүй байгаа. Хэн нэгэн хүн хэлэхгүй, хянахгүй, гүйцэтгэлгүй байхаар алдаа заавал гарна. Хэсэг хүмүүсийг буруутгаад өнгөрнө гэдэг буруу. Шат, шатны хүмүүс нь хариуцлага алдсан. Хянаж чадаагүй нэг нь ажлаасаа чөлөөлөгдөж байж дараагийн хүн нь ухаарна. Би ажлаа хийхгүй бол ажилгүй болох юм байна гэдгээ ойлгоно. Чөлөөлөх ажлаа айхгүйгээр хий. Төрөөс цалин авч л байгаа бол ухамсартайгаар ажлаа хийх ёстой юм.
-Осолтой холбоотойгоор Онцгой байдлын алба хаагчдын техникийн асуудлыг хөндлөө. Таны ажиллаж байсан Засгийн газрын үед хэдий хэмжээний төсөв тавигдаж байв?
-Миний ажиллаж байсан Засгийн газрын үед ч маш бага төсөв тавигдаж байсан. Батлан хамгаалахад төсөв тавьдаггүй, онцгой байдлын тулгамдсан асуудлыг гурилдаад өнгөрдөг. Ганц нэг нисдэг тэрэг, машин авч өгснөө том ажил хийчихлээ гэж үздэг. Гэтэл орчин цагийн гал унтраах төрөл бүрийн техник гарчихаад байхад авч чадаагүй нь үнэн. Монголын төр маш муу байгаа. Хаа, хаанаа алдаагаа хүлээн зөвшөөрөөд ажиллах хэрэгтэй. Түймэр гарахад яаж унтраахаа мэдэхгүй байна. Дэлхийд ямар ч өндөр барилгад хүрч очоод гал унтраадаг болчихлоо. Хүний амьтай холбоотой салбарт мөнгө харамлаж ерөөсөө болохгүй.
-10 жилд нэг удаа тэгш ой тэмдэглэдэг заалтыг өөрчлөх асуудал маргаан дагуулж байна. Дуртай үедээ зарлаад тэгш ой тэмдэглэдэг эрх мэдлийг Ерөнхийлөгчид өгөх нь ээ гэсэн шүүмжлэл гарлаа шүү дээ?
-Ерөнхийлөгчид оногдож байгаа 11-12 бүрэн эрх байдаг. Тэр байгаа эрхийн гадуур ямар нэг цоорхой гаргаж ирээд Үндсэн хууль зөрчүүлэх асуудлыг хийж болохгүй. Хуульдаа маш тодорхой буюу энэ жил тэгш ойтой гэж зааж өгч байж, хуулийн дагуу Ерөнхийлөгч захирамж, зарлигаа гаргадаг. Ийм эрх нь нээгдэх юм шүү. Сая Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд хэллээ шүү дээ. Наадхаараа Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчүүлж болохгүй.
Хуулиа нэг мөр ойлголттой гарга гэж хэллээ. Баяр наадмын тухай хуультай уялдуулан Байнгын хорооноос допингтой холбоотой тогтоол гаргая гэж байгаа юм. Допинг монгол үндэстнийг сүйрүүлэх аюулын дохио өгч байгааг судлаачид хэлж байна. Монголд туршигдаж байгаа допингууд асар аюултай түвшний бодисын илэрцтэй, өндөр дозтой байгаа учраас допингоос үндэсний бөхөө салгах шаардлагатай. Морины уралдаанд байнга өндөр, намын хэрүүл гардаг. Тэгэхээр явах, ирэхэд нь хэмждэг бригад тусдаа байя. Ирсний дараа хэмжилт хийж байж тухайн уралдааны айраг, түрүүг зарладаг болъё гэсэн тодорхой чиглэл бүхий Байнгын хорооны тогтоол гаргаж явах нь зөв. Наадмаа ядахдаа хэрүүлээс салгая.
