ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН найтаахад АН ханиад хүрэв үү

O.Admin
2 цагийн өмнө

Социализмын үед “Москва найтаахад Монгол ханиад хүрнэ” гэх хэлц үг гарч байсан гэдэг. Улс төр, нийгэм эдийн засаг, төрийн бодлого гээд бүх зүйл маань ЗХУ-аас хараат байсныг илтгэх энэ хэлц үг өнөө хэр ч амь бөхтэй оршсоор буй. Тоталитар дэглэмтэй хоёр хөршийн дунд ардчиллын ганц баянбүрд гэж бид өөрсдийгөө дотооддоо огшоодог ч Бээжин, Москвагийн “далд гар” Монголын улс төр, эдийн засаг, бизнесийг өнөө хэр удирдан чиглүүлсээр байдаг нь худлаа биш билээ.

Хойд хөрш шатахууны крантаа хааж, урд хөрш хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хил дамнасан худалдаандаа жаахан хязгаарлалт тогтооход л Монгол Улс ханиад байтугай хатгаа хүрдэг цөвүүн цаг өнөө хэр байсаар байгааг нуух юун. Тэгвэл эрт дээр цагаасаа хэн нэгэн найтаахад ханиад хүрчихдэг байсан бидний цусанд буй чанар өнөө цагт ч улс төрд өвлөгдөж, хоёр хөршөөсөө суралцсан арга барилаа МАН-ынхан улс төрийн бусад намд ашигладаг болоод удав. Тэр тусмаа ардчиллыг амь бөхтэй хадгалж яваа гэх Ардчилсан намыг нам, төрийн зодоондоо ашиглах болсоор удлаа.

МАН найтаахад л АН ханиад хүрдэг улс төр өнгөрсөн таван жилийн хугацаанд үргэлжилсэн нь худлаа биш билээ. МАН-ын захиалгаар АН-ыг даргагүй байлгах улс төр өрнөж, шүүхийн маргаанаас үүдэн хоёр даргатай болж хуваагдсан бодит түүх ойрынх. Нэг хэсэг С.Эрдэнэ, Ц.Туваан гэх хоёр даргатай явсан АН-ынхан 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн арайхийж эмхэндээ орж, Лу.Гантөмөрөөр удирдуулан сонгуульд орсон ч хүссэн үр дүнгээ гаргаж чадаагүй. Улмаар хамтарсан Засгийн газарт урилгаар орсон ч зургаан сарын дараа л шившигтэйгээр хөөгдөж гарч байлаа.

Ийнхүү Лу.Гантөмөр даргадаа хариуцлага тооцож, намын удирдлагаа сольсон ч үр дүн гарч чадаагүй гэхэд дэгсдүүлсэн болохгүй биз ээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарыг огцруулах улс төрийн тэмцэл зодооны үеэр ч АН-ынхан хөнжилдөө хөлөө жийлцэж, эрх ашгийн хүлээсэнд бүдэрсэн нь худлаа биш юм. О.Цогтгэрэлийг намын даргаар Дээд шүүхэд бүртгүүлэх, намын дүрмээ батлуулах эрх ашгаас үүдэж тэд хүссэн ч эс хүссэн ч нэг талд үйлчилж байлаа. Энэ бүхний дараа АН-ын дарга О.Цогтгэрэл нь дотоод сонгуулиа зохион байгуулж, ҮБХ, аймаг, дүүргийн намын дарга нараа өөрчилсөн ч мөнгөний зодоонтой, МАН-ын явуулгатай сонгууль болсон гэх хэл ам, хэрүүл тэмцэл тасраагүйгээр барахгүй АН-ын байрны гадна өдөр бүр л өндөгтэй, чанга яригчтай жагсаал болж байна гэхээр АН-ынхан тийм ч амархан эвлэж, нэгдэхгүй бололтой.

О.Цогтгэрэл нам, төрийн ажлыг давхар эрхлэх нь зөв, буруу

Гадна талдаа намын дотоод сонгуулиа явуулж чадаагүй шинэхэн дарга нь дотор талдаа буюу Төрийн ордонд харин УИХ-ыг даргыг сөрсөн улс төрийг хийсэн шиг хийж, сая нэг сөрөг хүчний үр дүнгээ гаргасан нь үнэлмээр үйл явдал болсон. Төрийн ордонд хоёр хуваагдчихаад байсан МАН-ын улс төрийг эцэслэхэд Ардчилсан намын бүлэг анх удаа эр зоригтойгоор нэгдэж нягтарснаараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ноёрхолд цэг тавих улс төр эхлүүлсэн нь худлаа биш.

Товчхондоо, УИХ-ын гишүүнд ёсзүйн хариуцлага хүлээлгэнэ гэх Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хууль өс хонзонгийн улс төр эхлүүлж мэдэх учраас АН-ын бүлэг “даруулга” өгөхөөр шийдэж, УИХ-ын даргыг сөрсөн улс төр хийснээр сая л нэг юм сөрөг хүчин гэдгээ мэдрүүлж чадсан билээ. Гэвч АН-ын энэ нэгдрэл нягтрал дараа, дараагийн том улс төрийг буюу МАН-ын хагарал, тэмцлийг үнэгүйдүүлж, ялсан, ялагдсан хоёр тал эрх мэдлээ булаалдах хэмжээнд авчирсан учраас АН-ыг ч мөн хуваах улс төрийг дахин эхлүүлжээ. Тодруулбал, АН-ын нэр бүхий 20 гаруй гишүүн АН-ын дарга О.Цогтгэрэл намын даргын ажлаа хийх ёстой, бүлгийн даргаа өөр хүнд өгөх ёстой гэсэн шаардлагад гарын үсэг зуржээ.

Нэг талаас харвал энэ бол зарчмын хувьд зөв шаардлага. Сөрөг хүчний намын дарга дараагийн Ерөнхий сайд гэгдэх ёстой атлаа бүлгээ давхар удирдаж нам, төрийн ажлыг давхар эрхлээд байх нь утгагүй. Тэгээд ч 42 суудалтай АН-ын тухайд нэгхэн хүн хоёр том эрх мэдлийг зэрэг атгаж суух нь утгагүй юм. Тиймдээ ч намын бүлгээ Ц.Туваандаа өгөөд өөрөө намаа удирдаад явах нь О.Цогтгэрэлд асуудал биш. Гэхдээ намын даргаа сонгосноос хойш бүтэн зургаан сарын хугацаа өнгөрчихөөд байхад бүлгээ намын даргаасаа авна гэж яриагүй гишүүд нь Засгийн газрын томилгоотой зэрэгцэж буй нь товчхондоо МАН найтаахад АН ханиад хүрч буйн бодит жишээ болж байна.

АН-ын энэхүү эв нэгдэл, хамтрал хүчирхэгэжи Ардын намын хуваагдсан хоёр талд алагчлахгүйгээр үйлчлээд байж гэмээнэ ирэх өдрүүдэд Ардын намын Засгийн газар хэдэн ч удаа огцорч, солигдох эрсдэлтэй учраас нэг талдаа гаргахын тулд эв нэгдлийг нам дарж авах, эс бөгөөс өөрсөд шигээ хоёр хуваах нь эрх баригч намд хамгийн ашигтай хувилбар болж байгаа билээ. Намын даргаасаа бүлгийн даргын албан тушаалыг авах улс төр нь өнөө цагт яг оновчтой шийдэл мөн үү, биш үү гэдэгт АН-ын гишүүд дараах байр суурийг илэрхийллээ.

О.Цогтгэрэл: Эрх баригч намаас манай намд талцал хуваагдал үүсгэхийг хүсчээ

/АН-ын дарга, АН-ын бүлгийн дарга/

-АН-ын бүлэг сүүлийн жилүүдэд байгаагүйгээр нэгдмэл шийдвэр гаргаж түүн дээрээ зогсож ажилласан. Энэ нь өөрөө ямар үр дүнд хүрч, ямар нөлөө үзүүлдэг гэдгийг тал талдаа харсан байх аа. Энэ нь олон хүнд тэр тусмаа эрх баригч намынханд таалагдахгүй байх шиг байна. Эрх баригч намаас манай нам дотор талцал хуваагдал үүсгэхийг хүсчээ гэж ойлголоо. Үүнийг даваад гарах хэмжээний улс төрийн хүчин болчихсон гэдгийг хэлье. Бид даваад гарна. Ер нь намын цэгцрэлийн дараа төв нам дээрээ төвлөрч ажиллах шаардлага байгаа учраас тэр үед гишүүдтэйгээ ярилцаад бүлгийн даргын ажлаа өгөх үү гэдгээ шийдээд явна.

Ч.Лодойсамбуу: Бид цул болоод ирэхээр эрх баригч намд эрсдэл үүсэж байгаа юм

/УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн Дэд дарга/

-Хамтарсан Засгийн газар хэзээ ч байгуулагдахгүй. Хэдхэн сарын өмнө тэд өөрсдөө хөөгөөд гаргасан шүү дээ. Тийм учраас дахиад урих боломж байхгүй. АН-ын бүлэг нягтраад хүчтэй болоод шаардлага тавиад эхнээсээ үр дүн гаргаад байгаа биз. Бид ингээд цул болоод эхлэхээр логикийн хувьд эрх баригч намд эрсдэл үүсэж байгаа юм. Тэгэхээр яаж бүлгийг задлах вэ гэдэг улс төр яваад эхэллээ.

Өнгөрсөн удаа Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулдаг шөнө хэн бүлгийн шийдвэрээ дагахгүй байсан бэ гэдгийг тоолоход л наймаачид гараад ирнэ. Тэд одоо гэнэтхэн зарчим яриад бүлгийн дарга, намын дарга тусдаа байх ёстой гээд гараад ирлээ. Засгийн газар бүрэлдэж байх энэ цагт ийм зүйл яриад явж байгаа нь Ардын намын өгөөш л болох гэсэн эрх ашиг. Ерөнхий сайдын өрөө рүү орж гараад байгаа манай намын ах нарын нэрс хүртэл дуулдаж байна. Тэд юу ярьж явааг мэдэхгүй. Гэхдээ нэг л зүйл баталгаатай. Одоогийн Ерөнхий сайд Н.Учрал АН-д урилга явуулахгүй. Явуулсан ч манай нам авахгүй. Авах эсэхийг хэдэн бүлгийн гишүүд ч шийддэг юм биш.

Гол явж байгаа зүйл нь гэвэл бүлгээ булааж авч байгаад Н.Учралын Засгийн газрыг хамгаалах юм байна. Сөрөг хүчнээ хийхгүй нь ээ гэсэн үг байна шүү дээ. Төсвөөрөө хамтарч болдог гэдгийг Г.Занданшатар харуулсан шүү дээ. Төсөв дээр жаахан юм тавьж өгөөд дуугүй болгочихдог. Ийм юмыг залуус бид дэмжихгүй. Зарчимтай байх хэрэгтэй. Их хурлаар олонхи болж чадаагүй нам бол сөрөг хүчнээ л хий. Сөрөг хүчин сайн байвал төрийн шийдвэр зөв гардаг.хэдийгээр сөрөг хүчин өөрсдөө санаачлаад мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжгүй ч эрх баригчдын буруу шийдвэрийг зогсоож чаддаг, сайныг нь дэмнээд явуулснаар ард түмэнд гарч буй шийдвэр нь зөв болж очих юм.

Д.Амарбаясгалан: Бүлгийн даргыг огцруулах албан бичиг ирээгүй байна

/АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч/

-Хэвлэлээс олж харсан. Бүлгийн даргыг огцруулахтай холбоотой албан бичиг бол одоогоор ирээгүй. Бүлгийн дүрэмд тодорхой шаардлага байдаг. Нийт гишүүдийн олонхи гэсэн заалт. Тэгэхээр нийт гишүүдийн олонхи хүссэн тохиолдолд албан ёсоор асуудлыг тавьж магадгүй байх. Намын даргын бөгөөд бүлгийн даргын байр суурь тодорхой байгаа. Бид 2028 он хүртэл сөрөг хүчнээр явна гэж. Санал тавьж байгаа гишүүд өөрсдөө засагт хамтрахын тулд ингэж байна гэсэн асуудал одоогоор яригдаагүй учраас дүгнэлт хэлэхэд эрт.

Ө.Шижир: Намын дарга, бүлгийн дарга тусдаа байх ёстой

/УИХ-ын гишүүн/  

-Тус, тусдаа явах ёстой гэдэгт санал нэгдэж байгаа. Бүлгийн дарга болон Дэд дарга нар ч нэг, нэг жилээр ээлжлэх ёстой. Би ийм зарчим дээр анхнаасаа байсаар ирсэн. Бид Засгийн газарт хамтрахгүй. АН-ын бүлгийн хуралдаан ирэх долоо хоногт болно. Засгийн газар харин маргааш /өнөөдөр/ байгуулагдана. Дарааллын хувьд өөр байгаа биз дээ. Энийг яагаад холиод байгааг ойлгохгүй юм.

АН-ын ҮБХ-ны хурлаар хэлэлцсэний дараа бүлгээр хэлэлцэх дараалалтай. Засгийн газарт бид нэгдэхгүй ээ. Биднийг худлаа хэлээд хөөгөөд явуулчихсан биз дээ. Бүлгийн дарга авах асуудал Засгийн газартай огт хамаагүй. Бүлгийн даргыг авах тухай яриа зөндөө явж байсан. Намын дарга нь бүлгээ даргалж байгаа анхны тохиолдол байх шүү. Энийг эртнээс ярьж байсныг засагт хамтрахын тулд гэж мушгиж болохгүй. Намын дарга нь намаа төлөөл. Бүлгийн дарга нь бүлгээ төлөөл. Тэгээд хоорондоо ойлголцоод улс төрөө хий.

О.Амгаланбаатар: Би хэлсэн үг, идсэн хоолондоо эзэн болдог

/УИХ-ын гишүүн/

-Нам бүлэг хоёр тусдаа байх нь зөв л дөө. Намайг энэ ажлыг санаачилж байгаа гэх мэдээлэл бол худлаа гүтгэлэг. О.Цогтгэрэл дарга анхнаасаа бүлгийн даргаа удахгүй өгнө гэж хэлсэн шүү дээ. Манай Лу.Гантөмөр гэж нөхөр сөрөг хүчин бай гэж ард түмэн санал өгчихөөд байхад намаа Засгийн газарт оруулсан. Монголын ардчиллыг худалдаж, гүйж очоод хаяанд нь хэвтчихсэн нөхөр. Хулгайчдын авлига хулгайг ухаад бурууг хэлээд яв гэхэд худал, хулгайг нь засах хэрэгсэл болсон нөхөд.

Аравхан хоногийн өмнө сонгууль хийгээд явж байхдаа авлигач, хулгайчидтай тэмцэнэ гэснээ сонгууль дуусаад очоод нэгдчихсэн. Би тэрийг хэлж л байсан. Одоо ч тэр байр суурь дээрээ байгаа. Ардын намын мөнгөтэй ах нараас манайд тавьсан БЭТ-үүдээрээ дамжуулаад зарчим ярьсан залуусыг намнадаг болсон. Би хэлсэн үг, идсэн хоолондоо эзэн болдог. АН хэзээ ч засагт орохгүй.

Би хэзээ ч сайд болохгүй. Нам идэвхтэй ажиллах үүднээс нам, бүлэг хоёр тусдаа байх нь зөв гэдэгт бүгд л санал нэгдэж байгаа шүү дээ. Улс төрийн шилжилтийн үед гаргаж ирснээрээ онцгой анхаарал татаж байгаа бололтой. Эрх баригчдын өгөөш болох гэхээс илүү авлигачдын өгөөш болж байгаа хүн манай намд байгаа. Авлигачид манайхныг худалдаж авч байна.