ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Шударга ёсны андгай"-г уншсан хүүхэд бусдад хүндэтгэлтэй хандана

O.Admin
1 цагийн өмнө

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр хүүхдийг гэмт хэрэгт холбогддоггүй, аливаа буруу үйлдлийн хохирогч болдоггүй зөв, бие хүн болж төлөвшихөд зориулж "Монгол хүн" хөтөлбөрийг санаачилан хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургууль, сурагчдыг хамрах энэхүү төслийн Төрийн далбаа мандуулах хөтөлбөрийн нээлт өнөөдөр СТӨ-нд боллоо.

Хөтөлбөрийн ач холбогдлын талаар Монголын сурагчдын холбооны тэргүүн, Ажлын хэсгийн ахлагч О.Сэлэнгээс тодрууллаа. Тэрбээр "2025 онд 54 сургуулийн 200 мянга гаруй хүүхэд хөтөлбөрт хамрагдсан бол энэ жил нийслэлийн төрийн болон өмчийн 147 сургуульд хэрэгжүүлэхээр өргөтгөсөн. Энэ бол хүүхэд төрийн далбаагаа мандуулаад буулгаад байгаа үйлдэл биш. Эх орон, өвөг дээдэс, үүх түүх, аав ээж, өөрийгөө болон найз нөхдөө хүндэтгэн хайрлах сэтгэлээ сэрээж, би хэн бэ гэдгээ ухааран бодох нөхцөлийг үүсгэж байгаа юм.

Төрийн далбаа мандуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн сургуулиуд дээр сурагчид нь "Эх оронч" клубыг санаачилан байгуулжээ. Мөн "Шударга ёсны андгай"-г өглөө бүр уншиж байна. "Шударга ёсны андгай"-г уншсан хүүхэд найз нөхөд, үеийнхнээ дээрэлхэхгүй, аав ээж, багш, бусдад хүндэтгэлтэй хандана. Би эх орныхоо төлөө зөв хүн болж төлөвшөөд, зөв гэр бүл үүсгэж, зөв амьдрах ёстойг ухамсарлана. Тиймээс "Би эх оронтой, эрх чөлөөт Монгол хүн шүү. Бусдыг, байгаль дэлхий, амьдарч буй оршихуйгаа энэрч хайрлах нь миний үнэт зүйл" гэх үзэл санааг өсвөр насныхан, үр хүүхэд, сурагчдадаа хэвшүүлэх нь хөтөлбөрийн гол зорилго" гэлээ.

Цаашид “Төрийн далбаа мандуулах” үйл ажиллагаа нь олон улсын жишигт нийцсэн Empathy Education буюу энэрэнгүй сэтгэл, харилцааны боловсрол олгох хөтөлбөрөөр үргэлжлэх бөгөөд хүүхдийг зөв хүн болон төлөвшихөд бодит нөлөө үзүүлэх цогц арга хэмжээ болон хэрэгжих юм.