УИХ-ын даргаар МАН-ын дарга Н.Учралыг ажиллуулахгүй гэсэн АН-ын шахалтаас үүдэн МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Удирдах зөвлөлөөрөө улс төрийн шийдвэр гаргахаар шийдэлд хүрсэн. Удирдах зөвлөлийн хуралдааныг өнөөдөр өглөө намын байранд товлосон ч одоогоор хуралдаж эхлээгүй байна.
Тэгвэл өчигдөр Төрийн ордонд болсон Ерөнхийлөгчийн өрөөн дахь уулзалтаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг ажлаа УИХ-ын дарга Н.Учралд өгч, УИХ-ын даргын ажлыг харин Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын бүлэгт өгөх асуудлыг ярьсан аж. Гэвч Ерөнхий сайд Г.Занданшатарын тухайд ажлаа өгөхгүй, дэлхий дахины амаргүй цаг үед төр засаг тогтвортой байх ёстой гэдэг санал илэрхийлсэн бол намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мөн дэмжжээ.
Ийнхүү шийдэлд эцэслэн хүрч чадаагүй хоёр бүлэг өнөөдөр хурлаа эхлүүлж чадах эсэх нь тодорхойгүй байна. Ерөнхий сайд Г.Занданшатарын тухайд өчигдөр өөрийн нүүр номын хуудсаар дамжуулан дараах мэдээллийг байршуулсан.
Тэрбээр, "Дэлхийн 90 гаруй улс түлш шатахууны хямралд орсноо хүлээн зөвшөөрч хариу арга хэмжээ авахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байна. Гэтэл манайд улс төржилт хэтэрлээ. Өнөөдрийн улс төржилтийн үнийг бид нэг ширхэг талх, нэг литр бензин 10 мянган төгрөг хүрэхийн цагт бүх ард түмнээрээ төлөх болно. Эрх ашгаа зөв эрэмбэлж, улс орноо бодож, улс төрөө хийж сурцгаамаар байна.
Өнөөдрийн улс төр, эдийн засгийн гол гацаа саад бол хулгайчдын хүсэл зорилго гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бид баялгийн хулгайг таслан зогсоосон. Бид авлигачдад алдаж байсан алт, зэс, нүүрсний ордуудыг ард түмэндээ буцаан авчирсаар байгаа.
Би шударга ёс зөв зам гэдэгт итгэж, чимээгүй ажилласаар байна. Бид хулгайтай, хулгайчидтай чимээгүй тэмцэж бодит тоогоор баталгаажсан үр дүн гаргасаар байна. Харин тэд чанга хашгирч улс оронд маань дэлхийн дайны сүүдэр тусч эхэлж буй хүнд цаг үеийг далимдуулан наймаалцах, хулгайлж авсан ордуудаа буцаах эрх мэдэлдээ эргэн хүрэх гэж тэмцсээр байна.
Монгол Улсын иргэдэд тайван сайхан амьдрал хэрэгтэй болохоос аль нам, ямар улс төрч хэрхэн хожилд хүрэх нь хэнд ч хамаагүй. Би албан тушаалтай зууралдаагүй. Надад хүсэл, айдас, шунал алга. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухарч тохирох ямар ч бодол алга" хэмээсэн билээ.
