"Бодь" групп улстөрчдөд авлига өгсөн асуудлаар шүгэл үлээж, гэрчийн мэдүүлэг өгнө гэж буй "Бодь интернэшнл" компанийн Гүйцэтгэх захирал асан А.Амундра УИХ-ын гишүүн асан, авлигын хэргээр ял эдлээд гарч ирсэн Т.Аюурсайханы талаар ноцтой баримтыг өөрийн твиттер хуудсандаа бичсэн билээ.
Тэрбээр, “Н.Удаанжаргал, Д.Баясгалан, Т.Аюурсайхан гурав “Сastle” ресторанд уулзаж, Т.Аюурсайханд нэг сая ам.доллар өгсөн. Тэнд ажиллаж байсан хүмүүс гэрчилнэ” хэмээн мэдэгдсэн.
Харин Т.Аюурсайхан өчигдөр “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Би нэг сая ам.доллар аваагүй. Жолоочийн хариуцлагын даатгалыг шинэчлэх гэж үзээд Бодийг бараагүй. Төрийн цагдаагаар айлгаж байгаад жолоочоос татвар авчхаад ядаж нэг гэрлэн дохио шинээр тавих ёстой шүү дээ. Амундра дүү, хүнийг ингэж гүтгэж болохгүй шүү. Нэг ширхэг ам.доллар авсан юм байхгүй шүү. Чи өөрийнхөө хэргийг өөрөө хариуцах ёстой. Баримт байвал гарга. Наадах чинь худал” гэлээ.
