ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Шадар сайд мэндчилгээ дэвшүүлэв

O.Admin
1 цагийн өмнө

Стандарт, хэмжил зүйн газар “Ази номхон далайн хууль эрхийн хэмжил зүйн форум” олон улсын байгууллагатай хамтран “Хэмжих хэрэгслийн программ хангамжийн туршилт” буюу “Загварын туршилтын үед программ хангамжийг шалгах” сэдэвт олон улсын сургалтыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа билээ. Сургалтад оролцож буй олон улсын төлөөлөгчдөд хандаж, Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг мэндчилгээ дэвшүүллээ.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчдөө, Та бүхэнд Гал морин жилийн бэлэгт сайн өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье!

Стандарт, хэмжил зүйн газар, Ази номхон далайн хэмжил зүйн форум(APLMF) хамтран зохион байгуулж буй “Хэмжих хэрэгслийн программ хангамжийн туршилт” сургалт, семинарын эрдэмтэн, багш нар, сургалтын зохицуулагч Доктор Цуёши Мацумото, хүндэт Доктор Азван Бин Мухаммед болон сургалт, семинарт оролцогч гадаадын зочид, төлөөлөгчид, хэмжил зүйн нийт мэргэжилтнүүд та бүхэндээ Монгол Улсад хүрэлцэн ирж дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье.

Дэлхий ертөнцийн асар хурдацтай өөрчлөгдөж буй механик хөдөлгөөнийг цахим болон хиймэл оюун ухаанаар удирдах, тооцоолох, хянах шаардлагатай эрин зуунд амьдарч байна.

Дэлхийн улс орнуудын даяарчлал, хиймэл оюун ухаан, робот машин судлал, техник технологи асар хурдацтай хөгжиж буй өнөө үед “Хэмжих хэрэгслийн программ хангамжийн туршилт” сэдэвт сургалт, семинар нь Хуулийн зохицуулалттай хэмжил зүйн үйл ажиллагаанд чухал хэрэгцээ, шаардлагатай арга хэмжээ болж байна.

Хуулийн зохицуулалттай хэмжил зүйн үйл ажиллагаанд хамаарах хэмжих хэрэгслийг олон улсын стандарт, техникийн зохицуулалтын шаардлагын дагуу загварыг турших, шалгаж баталгаажуулах, хэмжил зүйн хяналт шалгалт хийх нь хэмжлийн үр дүнд итгэх итгэлийг нэмэгдүүлж, төрийн үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэн нийтийн эрх ашгийг хамгаалах, хэрэглэгчдэд тэгш боломжийг бүрдүүлж, шударга худалдааг дэмжиж, улс орны нийгэм, эдийн засагт хэмжил зүйн үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлэх, олон улсын худалдаан дахь техникийн саад тотгорыг бууруулах чухал ач холбогдолтой юм.

Ази номхон далайн хэмжил зүйн форум(APLMF)-ын зорилго, санаачилгын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газар нь Бүс нутгийн хуулийн эрхийн хэмжил зүйн байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлж, хэмжил зүйн мэргэжилтэн, хүний нөөцийн чадавхаа бэхжүүлэн цахим болон танхимын сургалт, семинарт мэргэжилтнүүдийг тогтмол хамруулж, сайн туршлага, мэдээллийг байнга солилцож, хамтын ажиллагааны уялдаа холбоог улам сайжруулан дэмжлэг үзүүлж байгаад тус салбарыг хариуцсан Монгол Улсын Шадар сайдын хувьд баяртай байна.

Энэхүү олон улсын сургалт, семинарыг Монгол Улсад зохион байгуулж байгаа нь олон улс, бүс нутаг болон Монгол Улсад хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад чухал ач холбогдолтой бөгөөд цаашид хуулийн зохицуулалттай хэмжил зүйн үйл ажиллагааг Үндэсний болон олон улсын хэмжээнд хөгжүүлэхэд идэвхтэй оролцож, Та бүхэнтэй нягт уялдаа холбоотой хамтран ажиллах болно. Олон улсын сургалт, семинарт нь амжилт хүсье.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ХАССУУРИЙН ГАНХУЯГ