ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаярын авлигыг илчилсэн 894 хуудас дөрвөн бүлэг материалыг АТГ-т өглөө

O.Admin
2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр АТГ-ын гадна мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Бодь"-ийн оффтэйк гэрээ болон нүүрсний сонсгол, Б.Энхбаярын авлигатай холбоотой 894 хуудас дөрвөн бүлэг материалыг АТГ-т шалгуулахаар өглөө.

Түүний хувьд “NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үедээ “Хүрлээ сайд бид хоёр Хөгжлийн банкны сонсголыг сайн удирдсан гэж үзээд Б.Энхбаяраар “Нүүрсний сонсгол” удирдуулсан. Гэтэл тэр хүн сонсголыг “Бор тээг”-ийг тойрсон асуудал болгож хувиргасан. "Нөгөө "Бодь" яасан бэ. Тэр чинь гол хулгайн асуудал биз дээ" гэхэд “ҮАБЗ-өөр хүртэл яригдсан асуудал биз дээ. Дахин яриад яах юм” гэдэг хариулт өгсөн. Гэтэл тэр хүн “Бодь”-ийг ярихгүй байхын төлөө 500 мянган ам.долларын авлига авсан байсан. Дараа нь мөн 800 мянган ам.доллао авсан” хэмээн мэдэгдсэн билээ.

Тэгвэл энэ асуудлыг өнөөдөр АТГ-т шалгуулахаар өгч буйгаа мэдэгдлээ. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Бодит үнэнийг ярихаар өөр агуулга руу хандуулах гэсэн оролдлого гарсан учраас би хэвлэлийнхэнд нээлттэй асуултад хариулъя гэж ирлээ. Бусад улс төрийн сэдэвтэй асуудлаар би ордонд мэдээлэл өгнө өө. Нэгдүгээр бүлэг нь “Бодь”-ийн оффтэйктэй холбоотой. Хоёрдугаарх нь, нүүрсний сонсголтой холбоотой. Гуравдугаарт, Б.Энхбаярын авлигатай холбоотой асуудал буюу гэрч нарын мэдээлэл, нотлох баримт. Дөрөвдүгээрх нь, Б.Энхбаярын бусад авлигын асуудлыг багтаалаа. Эдийн засаг хямарч, ам.долларын ханш 2700 руу орж ирэх үеэр бид эдийн засгийн асуудлаа Засгийн газрын хуралдаанаар ярьсан. Гэтэл манайх нүүрс зараад байгаа ч тэр нь “Бодь”-ийн оффтэйк гэрээ буюу нүүрсээ урьдчилж зарчихсан гаалийн мэдээ байгаа атлаа валют орж ирэхгүй байсан.

Ингээд Тавантолгойд онц байдал тогтоож асуудлыг ярьж эхэлсэн. Тендер байхгүйгээр шууд нууц байдлаар байгуулсан энэ гэрээг шалгах ажлын хэсэг буюу Түр хороо байгуулсныг та бүхэн санаж байгаа байх аа. Я.Содбаатар, Г.Ганболд нарын гишүүд зугтаж алга болоод нүүрсний асуудлыг өөр тийш хандуулж эхэлсэн.

Тиймээс Б.Энхбаярыг хоёр үндэслэлээр үнэлээд энэ асуудлыг ахлуулж байсан юм. “Шударга ёсны илд бамбай болно” гэж надад амлаад байсан учраас ахлуулж, есөн өдрийн турш үргэлжилсэн сонсголыг удирдуулсан ч “Бодь”-ийн оффтэйк гэрээтэй холбоотой асуудлыг огт дурдахгүйгээр Засгийн газрын тогтоолоо ч дурдахгүйгээр энэ асуудлыг дуусгасан. Б.Энхбаярт би итгэл алдарч, дараа нь сайд болгоогүй. Сайд байхаараа дуугардаггүй, болихоороо дуугардаг хүний нэг л дээ.

Гэтэл Б.Энхбаяр нэг удаа 500 мянган ам.доллароор, дараа нь 800 мянган ам.доллароор авлига авсан юм билээ. Б.Энхбаяр эртнээс “Бодь”-той хамааралтай байсныг улс төрийн томилгоо, цаг хугацаа харууллаа. Д.Мөнх-Эрдэнэ ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга болж томилогдсон өдрөөс миний хувьд ажиглаж эхэлсэн. Д.Мөнх-Эрдэнэ “Голомт” банкинд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан хүн. Тэгээд Л.Отгонбаяртай хамтарч “Солонго мөнх партнерс” ХК болон “Лигел инк си пи эй” хувьцаат компаниар дамжуулан “Тавантолгой төмөр зам” буюу “Бодь интернэшнл”-ийн 1.3 тэрбум ам.долларын гэрээний хуулийн ахлах зөвлөхөөр ажиллаж эхэлсэн.

Ингээд “Тавантолгой төмөр зам” нь “Бодь интернэшнл” группээс 11 тэрбум төгрөгийг зөвлөх үйлчилгээ нэрээр авсан. Гэтэл Д.Мөнх-Эрдэнэ Б.Энхбаярын ойрын найз гэдгийг салбарын сайдаад томилогдоод Дэд сайдаар найзыгаа томилуулснаас харж болно. Ингээд Д.Мөнх-Эрдэнэ өөрийнхөө намтраас “Бодь”-той холбоотой хэсгийг устгаж, Эрдэнэс Тавантолгойн цахим мэдээллийн санг өөрчлөх, “Бодь”-той холбоотой гэрээнүүдийг устгах ажлыг хийсэн.

“Сити” их сургуулийн 104 тоотод байх хуулийн фирмийнхээ хувьцаа эзэмшлээс татгалзаж эхэлсэн. Ингээд Дэд сайд болоод 2019-2021 оны замын цагдаагийн камерын бичлэгүүдийг устгах ажлыг хийж эхлээд байна гэсэн мэдээллийг авлаа.

“Бодь интернэшнл”-ийн 600 сая ам.долларын гэрээ нэмэгдээд 1.3 тэрбум болсон. Анхны гэрээ байгуулагдаад “Тавантолгой төмөр зам” ХК-ийн ТУЗ-ийн дарга Р.Мэргэний шийдвэрээр 110 сая ам.доллар “Эрдэнэс Монгол”-оос “Тавантолгой төмөр зам” тэндээсээ “Бодь интернэшнл” руу шилжсэн. “8145100943” гэдэг “Тавантолгой төмөр зам” ХК-ийн “Голомт” банкинд байрших данснаас шилжсэн.

“Валют арилжаа” нэрээр шилжсэн энэ мөнгийг бэлнээр гаргаж аваад хуваасан. Зарим мөнгийг нь хүүхдийн парк руу, заримыг нь олон нийтийн саун, заримыг нь зочид буудлуудад болон төрийн тусгай хамгаалалттай обьектуудад хүргүүлж байгаад шөнөдөө мөнгийг хувааж тараасан. Энийг ТУЗ-ийн дарга Р.Мэргэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Энэ асуудлаараа надтай уулзах хүсэлт ч тавьж байсан. Сэтгэлзүйн дарамтад орсон юм билээ. Энэ зөвхөн 110 сая ам.доллароор тогтохгүй байх. Т.Аюурсайхан мөн сая ам.доллар авсан. Удахгүй Д.Ганхуягийг гаргаж ирж юм яриулах юм билээ.

Гэтэл хамгийн их мэдээлэлтэй Т.Удаанжаргалыгаа тэд гадагшаа гаргачихсан. Үндсэндээ Б.Энхбаяр сенсаац гаргаж ирээд түүнийгээ дарах нэрийдлээр компаниудаас мөнгө авдаг хуульчдын найз нөхдийн бүлэглэлтэй болсон. Тэр дотор нь Л.Отгонбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нар бий. Орано майнингтай холбоотой асуудал ч бас бий. Б.Энхбаярт хууль гэж байхгүй. Зөвхөн ар тал гэдэг юм байна.

Цагдаагийн албан хаагчдын цалингийн үлдэгдэл таван тэрбум төгрөгийг мань хүн Я.Содбаатар даргын хамгийн ойрын найз Б.Нямжав гэж уяач руу шилжүүлээд мөн тараасан ноцтой асуудал бий. Нүүрсний энэ их мөнгө орон сууц болон хувирч Арцатын аманд босож буй барилгуудын хувь эзэмшил дунд Б.Энхбаяр бас бий. Мэдээж нэрээрээ байхгүй. Ланд 300 машин авч өнөө хэр ХОМ-доо дурдахгүй унаж байна. Үндэсний аюулгүй байдлын нисдэг тэрэгний асуудал бий. Энэ бүхнийг нэгтгээд дөрвөн бүлэг болгон АТГ-т өгч байна. Б.Энхбаярыг авлига авч байсныг нотлох дөрвөн хүний хоёр нь гэрчийн мэдүүлэг өгөхөд бэлэн гэсэн. Нотлох баримтууд бий. Бичлэг ч байгаа. Хоёр цагийн бичлэг байгаа” гэлээ.