Дуу хуурын өлгий хэмээн монгол түмэндээ нэрлэгдсэн Дундговь аймгийн Сайнцагаан суманд эдүгээгээс 20 жилийн тэртээ математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анхны сургуулийг математикийн шинжлэх ухааны нэрийн хуудас болж явсан Монгол Улсын гавьяат багш Намжилын Өлзий агсан нээсэн түүхтэй. Ингээд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай IV сургууль буюу одоогийн “Цэгц билиг” сургуулийн 20 жилийн ойд зориулж, түүний мэргэжил, ажил, амжилтын дурсамжийг хүргэж байна.
“Тооны Н.Өлзий”
“Математик бүх шинжлэх ухааны хаан юм” гэж алдарт математикч Карл Фридрех Гаусс хэлсэн байдаг. Тэгвэл хаан болсон математикийн шинжлэх ухааны нэрийн хуудас болж, ажил амьдралынхаа гол зорилго болгон зүтгэж, олон мянган шавь нарыг төрүүлсэн хүн бол Монгол Улсын гавьяат багш Намжилын Өлзий билээ. Тэрээр 1940 онд Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн бөгөөд төрөлх нутагтаа дунд сургуулиа төгсөж, хуучнаар УБДС-ийн /УБИС/ Физик-математикийн ангийг улаан дипломтой дүүргэсэн гэдэг. Н.Өлзий багш 1960-аад оны дунд үеэс Дундговь аймгийн ЕБС-ийн I дунд сургуулиас ажлын гараагаа эхэлж, “хаан ухаан”-ыг олон мянган хүүхдэд энгийн ойлгомжтой байдлаар зааж сургаж эхэлсэн бөгөөд мэргэжилдээ эзэн байхын үлгэр дуурайллыг өөрийн биеэр үлгэрлэж явсан нь түүнийг математикийн шинжлэх ухааны нэрийн хуудас болгосон төдийгүй “тооны Өлзий” гэдгээр нь нутаг усныхан, цаашлаад Монгол Улсад анддаггүй юм билээ. Энэхүү алдрыг тэрээр зүгээр ч нэг хүртээгүй гэдэг. Түүний гол зорилго нь математикийн ухааны цар хүрээг нэмэгдүүлэх, өргөжүүлэх, энэ чиглэлээр олон мянган хүүхдийг мэргэшүүлэх, нутаг усныхаа нэрийг олон улсад таниулах гэх мэт эгэл жирийн багшийн хүсэл мөрөөдлөөр зүтгэж иржээ. Тиймээс 1979 онд Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын тэргүүний нэгдүгээр сургуулийн багш С.Цагааны туршлагаар математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг Дундговь аймгийн нэгдүгээр сургуульд байгуулсан нь анхных байсан гэдэг. Тухайн үед хөдөө, орон нутагт гүнзгийрүүлж, төрөлжүүлсэн анхны тохиолдол нь энэ байжээ.
Сургууль байгуулж, мөрөөдлөө биелүүлэв
Математикийн шинжлэх ухаанд хязгаар гэж үгүй. Нэг хариултыг хэдэн ч аргаар бодон гаргаж болно. Үүний нэгэн адил Н.Өлзий багшийн хүсэл мөрөөдөл, зорилгод хязгаар үгүй байв. Тиймээс л 1997 онд зарим багш нартайгаа санаа нийлэн Дундговь аймгийн Сайнцагаан суманд Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай IV бүрэн сургуулийг байгуулсан нь одоогийн “Цэгц билиг” бүрэн дунд сургууль юм. Тухайн үед Дундговь аймгийн Засаг даргаар захирамж гаргуулж, бие даасан статустай гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийг байгуулахын тулд “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн сурагчдын дотуур байрыг засварлан, 10 гаруйхан багштай, V-X ангийн 300 орчим сурагчтай анхны хичээлээ эхлүүлж, өөрөө захирлаар томилогдон ажиллаж байжээ. Тэр цагаас хойш “Цэгц билиг” сургууль үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр эдүгээ 20 жилийн ойтойгоо золгож байна. Өнгөрсөн хугацаанд сургуулийн материалаг бааз бэхжиж, сургалтын таатай орчныг бүрдүүлж, гурван давхар хичээлийн тохилог байрыг сүндэрлүүлж, англи хэл, монгол бичиг, физик, нийгэм, математик, газарзүйн чиглэлийн иж бүрэн кабинетуудыг байгуулж, 400 гаруй сурагч, 40 гаруй багштайгаар үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Түүний байгуулсан сургууль БСШУЯ-ны болон мэргэжлийн хяналтын албаны хөндлөнгийн шалгалтад стандарт хэрэгжилт 100 хувьд хүрч, төгсөгчдийн Ерөнхий шалгалтын үзүүлэлтээр улсдаа сүүлийн гурван жил эхний байруудад шалгарч Боловсролын үнэлгээний төвийн “Шилдэг үнэлгээтэй сургууль” өргөмжлөлийг хоёр удаа хүртсэн, аймгийн хэмжээний хамгийн өндөр IQ-тэй сургууль болсон гээд түүний үлдээсэн мөр, зорьсон зорилго өнөө хэр нь бөхөлгүй, улам бадамлан ассаар байна. 2001 онд Ерөнхий боловсролын сургуулиудын математикийн олимпиадыг Монгол Улсын гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит болгож, өнөөдрийг хүртэл уламжлал болгон зохион байгуулж иржээ. Тус олимпиадад Улаанбаатар хот болон Архангай, Өвөрхангай, Дорноговь, Говьсүмбэр, Дархан, Орхон аймгийн тэргүүлэх зэрэгтэй сургуулиудаас жилд 600-700 хүүхэд оролцож, оюун ухаанаараа өрсөлддөг байна. Түүнчлэн “Цэгц билиг” сургуулийг 2009-2010 оны хичээлийн жилээс эхлэн Н.Өлзий багшийн нэрэмжит болгож, ажил үйлс нь өөдрөг, амжилт бүтээл арвин, өсөн дэвжихийн замаар тасралтгүй урагшилж явна. Мөн 2009 онд тус сургуулийн захирал Н.Майхүүгийн санаачилгаар Монгол Улсын гавьяат багш Намжилын Өлзий агсны хүрэл цээж хөшөөг сургуулийн өмнө байрлуулж, үе үеийн шавь нар нь дурсан санаж, үйлс бүтээлийг нь үргэлж хүндэтгэн залбирдаг байна.
Дурсамж хөглөх мөч
Багш хүний ажил дан ганц хичээл заах, ойлгуулах байдаггүй. Харин хичээл заахаас илүүтэй хүүхдийн сэтгэн бодох чадвар, оюун ухааныг хөгжүүлэхэд илүүтэй анхаардаг нь Н.Өлзий багшийн арга барил байжээ. Тухайн үед хүүхдүүдэд хаан ухааныг сайн ойлгуулахын тулд Оросын хэвлэлүүдэд нийтлэгдсэн математикийн сонирхолтой мэдээ, мэдээлэл, бодлого, тооны аргуудыг ашиглахаас гадна хөгжүүлэх сургалтыг зарчмаа болгож ирсэн нь өнөө хэр шавь нарынх нь бахархлыг төрүүлдэг ажээ. Тэр ч утгаар түүний шавь нараас мэргэжлийг нь өвлөн авч, санхүү, эдийн засгийн салбарт хүч сорьж байгаа олон хүн байна.
Тухайлбал, түүний шавь нараас олон улсын математикийн олимпиадад Л.Мягмар, Д.Бээжин, Б.Бямбадорж, Ш.Шаравсамбуу, Т.Сугар, Б.Бадамсүрэн Л.Цэрэнбямба нар нь амжилттай оролцож байжээ. Тэр ч бүү хэл Н.Өлзий багшийн шавь Н.Түвдэн нь багшийнхаа мэргэжлийг өвлөн авсан бөгөөд түүний шавь нар нь олон улсын олимпиадад амжилттай оролцож, гурван үеийн түүх холбоосыг бичиж, алдар нэрээ мандуулж явна. Н.Өлзий багшийн гаргасан мөр үүгээр дуусахгүй. Учир нь хүн өөрийгөө мэдэхээс, хэрхэн дурсагдахаа хэзээ ч таах аргагүй билээ. Энэ бол хүний амьдралын жам. Харин эдүгээ багшийнхаа алдрыг дурсах шавь нар нь олон үлджээ.
Д.Ганхуяг: Багш маань аав, ээжээс дутахааргүй халамжилдаг байлаа
/Н.Өлзий багшийн шавь, “Тавин Ус” компанийн захирал/
“1974 онд Дундговь аймгийн Адаацаг сумын найман жилийн сургуулийг төгсөж, аймгийнхаа 10 жилийн дунд сургуульд суралцахаар ирсэн шавьдаа Н.Өлзий багш аав, ээжээс нь дутахааргүй тусалдаг, халамж анхаарал тавьдаг байсан юм. Ангийн багшийн хичээлд дур сонирхолтой төдийгүй математикийн кабинет байгуулахад хамт олноороо оролцож байлаа шүү дээ” хэмээн Н.Өлзий багшийн шавь, эдүгээ “Тавин Ус” компанийн захирлаар ажиллаж буй Д.Ганхуяг дурсан ярьж байлаа. Тэрбээр Н.Өлзий багшийн 1976 оны төгсөлтийн шавь нь бөгөөд “Багш минь бидэнд хичээлийг энгийн, ойлгомжтой байдлаар заадаг мундаг сурган хүмүүжүүлэгч байсан юм. Сургууль төгсөх жил бидний хаана, ямар мэргэжлээр сурах гэж байгааг сонсч, бүгдээс нь санал авч, өөрөө зөвлөж бүр элсэлтийн шалгалтад оруулж байсныг одоо ч тодхон санадаг. Шавь нараас нь дурьдвал, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга Ч.Баяраа, Төлөвлөлт, эдийн засгийн газрын дарга Ч.Цэрэндорж, Хүнсний үйлдвэрийн эдийн засагч Д.Гүнсэн, Үйлдвэрчний холбооны тэргүүн Б.Мөнхчулуун, Говь-Угтаал сумын Засаг дарга Д.Амгалан, Улсын тэргүүний I арван жилийн Гадаад хэлний багш С.Давааням гээд олон хүнийг нэрлэж болно. Өнөөдөр бүгд л сонгосон мэргэжлээ эзэмшиж, сайн сайхан амьдарч, салбартаа манлайлагч байхыг хичээж явна даа” хэмээсэн юм.
Ж.Цэрэнчунт: Н.Өлзий багш математикийн ухааны загалмайлсан эцэг нь
/Улаанбаатар Эрдэм их сургуулийн багш/
-Намайг 1981 онд УБДС /УБИС/-ийг төгсөөд Дундговь аймгийн төвийн арван жилийн I сургуульд хуваарилагдаж очиход Н.Өлзий багш маань ахлах ангийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан. Энэ цагаас хойш л бид хоёр хичээлийн эрхлэгч-багш, захирал-хичээлийн эрхлэгч, зэргэлдээ сургуулийн захирлууд гээд олон жил хамт ажиллаж, ойр дотно байсан юм. Н.Өлзий багш Дундговь аймгийн боловсролын салбар тэр дундаа математикийн хичээлийн сургалтын хувь заяаг шийдэж, хөгжүүлж ирсэн загалмайлсан эцэг нь гэж хэлж болно. Багштай хамт ажиллахад үнэхээр түшигтэй, нөмөр нөөлөг ихтэй, сайхан хүн байсан. Би ч багшаасаа ажлын арга барил, удирдах ажлын эв дүй, ухааныг сурч авсан даа.

С.Одончимэг: Н.Өлзий багшийн маань үүсгэн байгуулсан сургууль 20 нас хүрлээ
/Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Цэгц билиг” бүрэн дунд сургуулийн захирал/
-Монгол Улсын гавьяат Н.Өлзий багшийн маань үүсгэн байгуулсан сургууль 20 нас хүрлээ. Намжилын Өлзий гэж Дундговьдоо төдийгүй Монгол Улсын хэмжээнд үнэлэгдсэн тэргүүний сэхээтэн, математикийн ухааны гавал хүн байсан юм. 20 жилийн тэртээ үүсгэн байгуулсан сургуулийн албан ёсны нэр нь “Цэгц билиг” боловч хүмүүс Өлзий багшийн сургууль гэдгээр нь анддаггүй. Багшийнхаа цэгц шударга зан, оюун билгийн гүн ундаргыг өвлөн уламжлахын бэлгэдэл болгож, “Цэгц билиг” хэмээн нэрлэсэн юм. Би бага ангид байхдаа аймгийн математикийн олимпиадад анх ирж оролцоод нэг л зүйлийг их гайхаж байснаа одоо ч мартдаггүй юм. Тэр нь олимпиадын бичгийн ажлыг “Улсын 17, аймгийн 18 дугаар олимпиадын шалгалтын материал” гэх мэтээр нүүрлүүлсэн явдал. Яагаад улсын олимпиад аймгийн олимпиадаас нэгээр дүү болчихдогийг л гайхаад байсан хэрэг. Гэтэл манай Н.Өлзий багш тэргүүтэй хүмүүс улсын олимпиад зохиохоос нэг жилийн өмнө аймагтаа математикийн олимпиад зохиогоод эхэлчихсэн байсан юм билээ. Цаг хугацаа нь яг багшийн шинээр ирж ажиллаж байсан үетэй давхцаад байдаг юм.
