ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Орон сууцны корпорац нь төрийн өмчийн бөгөөд ашгийн төлөө байгууллага байна

O.Admin
16 цагийн өмнө

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгаснаар төр орон сууцны корпорац байгуулна. Тэр нь одоогийн төрийн орон сууцны корпорацийг өөрчлөн байгуулах, эсвэл татан буулгаад шинээр байгуулах юм байна. Тэгвэл тус ажлын хэсэгтэй УИХ-ын гишүүн Ж.Золжаргал уулзжээ.

Тэрбээр, энэ талаараа "Корпорац нь төлөвлөсөн талбай дээрээ улсын төсвөөр, эсвэл зээлийн эх үүсвэрээр дэд бүтэц тавина. Тэндээ барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж оруулах юм байна. Гүйцэтгэгч нь зөвхөн барилга угсралтын ажлаа л хийнэ. Хариуд нь борлуулах байрны үнэ өндөр биш байх, мөн дэд бүтэц, талбай хөгжүүлэлтийн төлбөрийг мөнгөөр болон орон сууц солилцооны хэлбэрээр корпорацид өгөх нөхцөлтэй.

Корпорац авсан орон сууцандаа дараагийн талбай дээр байгаа айлуудыг нүүлгэж оруулна, сулласан талбайдаа дэд бүтэц байгуулна. Илүү орлогоороо өөрийгөө санхүүжүүлнэ. Өөрөөр хэлбэл Орон сууцны корпорац нь төрийн өмчийн бөгөөд “ашгийн төлөө” байгууллага байна.

Хот байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан бүсчиллийн дагуу гэр хорооллыг дээрх зарчмаар дахин төлөвлөнө. Амины орон сууцны бүс гэж байгаа. Улаанбаатар 2040 төлөвлөгөөнд одоогийн 200 мянган айлыг дахин төлөвлөж нийтийн сууцанд оруулаад ердөө 50 мянгыг л хашаандаа амьдрахыг зөвшөөрч “амины орон сууцны бүс” тусгасан байсан. Тэр бүс дотор байвал хашаандаа дулаан сууц BestGer стандартын дагуу барихад Орон сууцны банкнаас зээл олгоно.

Миний хувьд анхаарал хандуулж буй асуудал бол нэгд хашаандаа сайхан амьдрах санаачлагыг дэмжиж төвийн дэд бүтэц шаардахгүйгээр дулаан сууцанд ипотек олгох явдал юм. Хоёрт хэрэв хэсэг иргэд суманд, аймагт, нийслэлд гудамжаараа өөрсдийн санаачлагаар нэгдээд, төлөвлөлтөө хийгээд, гүйцэтгэгчээ сонгоод ирвэл түүнийг нь шалгаад, дэд бүтцийн болон зээлийн дэмжлэгээ олгох хувилбарыг санал болгох явдал юм.

Учир нь, хууль орон даяар хэрэгжиж эхлэхэд “хэзээ манай гудамжинд ирнэ дээ” хэмээн цаг алдаж хүлээхийн оронд хэсэг иргэд хэн нэгнээр гуйлгалгүйгээр өөрсдөө санал гаргаад ирвэл Орон сууцны корпорац болон Орон сууцны банкаас бодлогоор дэмжиж ажиллавал үр дүнтэй байна. Иргэд, газрын эзэд өөртөө ашигтай байдлаар төлөвлөж, амьдарч, ажлын байр гаргаж авахын зэрэгцээ корпорацийн бодлогод нийцсэн үл хөдлөх борлуулалтын үнэ, сургууль цэцэрлэг зэргийг төлөвлөсөн байх шаардлагыг биелүүлнэ. Эцсийн дүндээ төрийн корпорац мөнгө олох биш нийгмийн орон сууцны асуудлыг шийдэх зорилготой учраас иргэдийн санаачлагыг дэмжээд явбал илүү хурдан, үр дүнтэй байна.

Ийм жишээ Польш улсад хэрэгжиж богино хугацаанд олон арван мянган хуучин сууцыг дахин төлөвлөсөн туршлага байдаг тул тэдний хуулийг орчуулж, санааг нь Ажлын хэсэгт уламжлав" хэмээлээ.