ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Амгаланбаатар: Баримт байвал ил болго, Б.Энхбаяр аа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
17 цагийн өмнө

Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнгөрөгч лхагва гарагийн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ сайдаас буухын өмнөхөн хилийн зурвас газарт 34 га газар боомтын сэргэлт нэрээр зарж, хувийн хэвшилд өгсөн гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ талаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн зөвлөх асан Д.Амгаланбаатар тайлбар өгчээ.

Тэрбээр, "Хилийн зурвас газар, Засгийн газрын шийдвэрийн талаар Сүүлийн өдрүүдэд Оюун-Эрдэнийн Засгийн газар хилийн зурвас газарт хууль бус шийдвэр гаргасан гэх агуулгатай мэдэгдэл гарч, олон нийтийн дунд маргаан үүсээд байна. Гэхдээ асуудлыг бодит баримтад тулгуурлан тайлбарлах нь зүйтэй.

-Тухайн шийдвэр нь нэг хүний бие даасан шийдвэр биш, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэн батлагдсан асуудал. Засгийн газрын хуралдаанд орох бүх асуудлыг тухайн үед бүх сайд нараас санал авч, ХЗДХЯ, СЯ-наас зөвшөөрөл авч,Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ) хянаж, хууль, журмын хүрээнд бэлтгэдэг тогтолцоотой.

-Тухайн үед Засгийн газрын хуралдаанд бусад сайд нар зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бол хэлэлцэхгүйгээр батлаад явдаг. Тухайн үеийн Засгийн газарт ажиллаж байсан зарим сайд нар одоогийн Засгийн газарт ч ажиллаж байна.

-Хилийн зурвас газрыг хувийн компанид шууд олгосон асуудал байхгүй. Боомтын сэргэлтийн хүрээнд, экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний хороонд эрх олгосон асуудал байсан.

-Монгол Улс бол экспортод түшиглэсэн эдийн засагтай улс. Экспортоо нэмэгдүүлэхийн тулд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх нь стратегийн зайлшгүй шаардлага. Асуудлыг нэг хүний нэр дээр улс төржүүлэн тайлбарлахын оронд тухайн үеийн шийдвэрийн зорилго, эдийн засгийн үндэслэл, институцийн хариуцлагын хүрээнд авч үзэх нь бодитой байр суурь юм.

Боомтоо хөгжүүлэхгүйгээр экспортоо нэмэгдүүлэх боломжгүй. Экспорт нэмэгдэхгүйгээр эдийн засаг тэлэх боломжгүй. Харин уг асуудлыг хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол түүнийг хуулийн байгууллагаар шалгуулж, баримтаар тогтоох ёстой. Засгийн газрын хуралдааны дараа хэвлэлийн бага хурал дээр тодорхой хүнийг үндэслэлгүйгээр буруутгаж, гэмт хэрэгтэн мэтээр олон нийтэд зарлах нь хууль дээдлэх зарчимд нийцэхгүй. Аливаа хэн ч гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтоодог. Институцийн маргааныг улс төрийн мэдэгдлээр шийдэх ёсгүй.

Асуудал байвал — шалгуул.

Баримт байвал — ил болго.

Харин үндэслэлгүйгээр нэр хүндэд халдах нь өөрөө хууль, шударга ёсны зарчимд харш. Иймээс асуудлыг улстөржилгүй, баримтад тулгуурлан, тогтолцооны хүрээнд дүгнэх нь зүйтэй гэж үзэж байна" гэлээ.