Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны ойн өдөр өчигдөр /2026.01.13/ Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн малчид, малын эмчийн нарын төлөөлөл өөрсдийн эрхээ хамгаалж, төр засагт дуу хоолойгоо хүргэх, тайван жагсаал хийхээр хотод хүрэлцэн ирсэн үед УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн уулзлаа.
Малын эмч нарын зүгээс төсвийн хүндрэл, хууль эрх зүйн орчны шинэчлэл, үйл ажиллагааны уялдааны талаар саналууд хэллээ. Тодруулбал, 2025 оны үлдэгдэл санхүүжилт 18 тэрбум төгрөгийг 2026 онд шийдвэрлэхээр тусгасан. Орон нутгийн мал эмнэлгийн үйлчилгээний санхүүжилтэд ирэх хавраас дахин хүндрэл үүсэх тул 2026 оны санхүүжилтийг бүрэн шийдвэрлэх, мал эмнэлгийн үйлчилгээний хөлс, үнэ, үнэлэмжийг бодитой болгох, зах зээлийн зарчмаар ажиллах боломжийг бүрдүүлэх, эсвэл цаг хугацаанд нь олгодог байх зарчмыг хэллээ.
Мөн цаг хугацаа, графиктай хийгддэг малын дотрын хордлого болон цусан халдварт өвчний вакцин, тарианы хомсдол шийдэх, санхүүжилтийг нь өмнөх онд тусгах, халдварт өвчний зардлыг урьдчилж авах, эсвэл гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх санхүүжилтийн зөв тогтолцоог бий болгох саналыг мөн уламжиллаа. Цаашид,
-МАА-н салбарт суурь эрхзүйн шинэчлэл хийх, Малын эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах, анхан шатанд ажиллаж буй малын эмч нараас санал авах зөвлөгөөнийг 1 сард багтаан үндэсний хэмжээнд зохион байгуулах,
-Малын эмч нарын ажлын хүнд нөхцөлийг харгалзан нийгмийн баталгааг хангах, үйл ажиллагааны тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс мөнгөн тэтгэмж, нөхөн олговор, тэтгэвэр тогтоолгох хувь хэмжээ, татаас дэмжлэг, урамшуулал байдлаар шийдвэрлэх,
- Төрийн мал эмнэлэг болон хувийн мал эмнэлгийн уялдаа холбоо, зохион байгуулалт сайжруулах, бааз суурийг бэхжүүлэх зэрэг ажил хэрэгч саналуудыг тавилаа.
Уулзалтад Сангийн яамны төлөөлөл оролцож малын эмч нарт мэдээлэл хийсэн бөгөөд мал эмнэлгийн салбарын санхүүжилтийн хүндрэлтэй нөхцөл байдлын талаар удирдлагууддаа уламжлах, зохих арга хэмжээг авахаар боллоо. Цаашид бид мал сүргийн эрүүл мэндийн төлөө хөдөө гадаа хүнд нөхцөлд, цаг наргүй ажилладаг малын эмч нарын тавьж буй энэхүү шаардлагыг шийдвэрлүүлэхийн төлөө хаа, хаанаа хичээн ажиллах шаардлагатай байна.
