“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны эхний долоон сарын нүүрс экспортын өдрийн дундаж тоо 612 тээврийн хэрэгсэл байсан бол 2025 оны хамгийн өндөр экспорт хийсэн өдөр наймдугаар сарын 7-ны өдөр 1000 тээврийн хэрэгсэл болж өслөө.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-тай гэрээ байгуулсан БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд нүүрсний үнийн уналтаас шалтгаалж нүүрсээ татан авах үйл ажиллагаа удааширч, экспортын хэмжээ эрс багасаад байсан. Үүссэн асуудлыг яаралтай шийдвэрлэн, экспортыг идэвхжүүлэх, тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлж, салбар дундын уялдаа холбоог сайжруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болгосон.
Үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж тодорхой үр дүнд хүрч байна. 2025 оны наймдугаар сарын 7-ны өдөр 1000 автомашин нүүрс экспортолсны 851 нь урт хугацаат гэрээтэй аж ахуйн нэгж, 149 нь биржийн арилжаагаар худалдан борлуулсан аж ахуйн нэгжүүдийн нүүрс байна. Энэ нь 2025 оны хамгийн өндөр үзүүлэлттэй экспорт хийсэн өдөр байлаа.
Мөн Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд “Чайна энержи коксжих нүүрс (Тяньжин)” ХХК-ийн худалдан авсан нүүрсний ачилтыг нэмэгдүүлж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар 8 ачаатай галт тэргээр 24,4 мян.тн нүүрсийг тээвэрлэж экспортод гаргалаа. Энэ нь мөн л тухайн тээвэр эхэлснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлттэй өдөр юм.