ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин дүүргүүдийн Эрүүл мэндийн төвд ажиллав

O.Admin
6 цагийн өмнө

Улаанбаатар хот хуурай, эрс тэс уур амьсгалтай учир эмнэлгийн салбарын өвөлжилтийн бэлтгэл, тэр дундаа томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг тусгайлан авч үзэх шаардлагатай байдаг.

Энэ хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын өвөлжилт болон улирлын томуугаас сэргийлэх хариу арга хэмжээний бэлтгэл ажил, нөхцөл байдалтай нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холбогдох албаныхан танилцаж, Налайх, Хан-Уул, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа.

2025 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр эрүүл мэндийн салбарт нийт 31 барилга, байгууламжийн төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 55.6 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Тиймээс эрүүл мэндийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, барилгын санхүүжилт зэрэгт шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалт, тулгамдсан асуудлыг үе шаттай шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин онцоллоо.

Сүүлийн жилүүдэд томуу, томуу төст өвчний идэвхжлийн үргэлжлэх хугацаа уртасч 37 долоо хоног буюу жилийн 250 хоногт үргэлжлэх болсон нь эрүүл мэндийн байгууллагуудын ачааллыг нэмэгдүүлж байгааг салбарынхан хэлж байв.