Ардчилал гэх нэрийн дор хэн дуртай нь сошиал орчинд солиорч болдог өнөөгийн нийгэмд “Миний хэлсэн бүхэн туйлын үнэн. Миний явж байгаа зам л хамгийн зөв. Чиний үзэл бодол хамгийн буруу” гэж хэт туйлшрах үзэл давамгайлах болов.
Хамгийн хорлонтой нь нийгмийг соён гэгээрүүлэх, үнэн хийгээд тэнцвэртэй мэдээллээр иргэдийг хангах учиртай хэвлэл мэдээллийн байгууллага, тэр тусмаа сэтгүүлчид нь хэт нэг талыг барьж, “миний зөв, чиний буруу” гэдэг өнцгөөр асуудалд хандаж, тэр байтугай улс төрийн эрх ашиг нэвт үнэртсэн асуудлаар нэг талд гарч зогсчихоод, өөрөөс нь өөр үзэл бодолтой байгаа хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдээ бүүллийдэж, доромжилж сууна гэдэг утгагүй хийгээд увайгүй үйлдэл юм.
Сэтгүүлч хүн нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй болохоос даган хийсэх учиргүй. Үзэл бодлыг нь чөлөөтэй хүргэх буюу эх сурвалжийн тэнцвэртэй байдлыг хангах үүргээ тэр чигээр нь умартсан тэд төр хийгээд улстөрчид бол бүгд худал, жагсаж буй залуус л харин туйлын үнэнийг ярьж байна хэмээн хэт туйлширч, түүндээ бүр гүн автчихаад улс төрийн асуудлыг тэнцвэртэй хүргэсэн нэгнээ худалдагдсан мэтээр ялгаварлан гадуурхаж буй энэ үйлдэл алсдаа Монголд дарангуйлал бий болох, чөлөөт хэвлэлийн амыг боох эх үндэс болно гэдгийг өнөөгийн залуу сэтгүүлчид мэдсэн ч мэдэн будилж буй нь харамсалтай. Товчхондоо, Төв талбайд өрнөж буй улс төрийн эл акц хийгээд Төрийн ордонд болж буй үйл явц цаанаа ямар том агуулгыг хөндөж буй, улс орны хувь заяаг хэн хаашаа хөтлөх вэ гэсэн өргөн сэдвийг ул суурьтай ухаж гаргаж ирэх хэвлэл мэдээлэл цөөрч, эсрэгээрээ өнгөц буюу нэг хүнийг л огцруулах, нийтээр жигшүүлж, үзэн ядуулах, нийт массыг үүндээ итгүүлэх гэсэн хоёр талын улайрал цөөхөн хэдхэн монголчуудыг хагалан бутаргах үйлдэл рүү түлхэж буй нь харамсалтай.
Монгол Улс өөрөө ардчилсан улс. Аажим, аажмаар бид ардчиллаа алдаж буй энэ цагт хэвлэл мэдээлэл нь ядахдаа эрүүл саруулаар сэтгэж, углуургаар нь асуудалд хандахгүй хоёр талд гарч хэрэлдээд байвал төд удахгүй талцах хэвлэл ч байхгүй болж амаа үдүүлэх эсэх нь цаг хугацааны асуудал билээ.
Гэтэл хэвлэл нь өөрөө жагсагчидтайгаа хамт гудамжинд гарчихаад орилж хашгирч, “Миний дэмжиж байгаа тал бол туйлын үнэнийг өгүүлж байна. Чиний дэмжиж байгаа тал бол худалдагдсан” хэмээн улангасч, түүнийхээ төлөө нэг талыг хэт барьсан сэтгүүлзүй хийж, түүнийгээ үнэний талд зогслоо, би бол шударга сэтгүүлч хэмээн эндүүрч байх юм.
Сэтгүүлзүйн үндсэн үүрэг бол буруутгагдсан талын үгийг ч нийтэд хүргэх. Адгийн муу хэрэг үйлдсэн алуурчинд нь биеэ өмөөрөх, үг хэлэх эрх чөлөө гэж байдаг учраас түүний үгийг сэтгэл хөдлөлд автахгүйгээр хүргэж байх нь сэтгүүлчийн хийгээд түүнийг ажиллуулж байгаа хэвлэл мэдээллийн үүрэг байлтай. Гэтэл нэг талд гарсан сэтгүүлзүй хийгээд сэтгүүлчид “Миний дэмжсэн хэсэг л хамгийн үнэн. Харин өөр бусад нь бол худалдагдсан” хэмээн нийтэд зарлаж, түүнийгээ ил тодоор хашгирч гүйх нь хэр зохистой вэ.
Энэ хэрхэвч эрүүл сэтгүүлзүй биш. Сэтгүүлзүй өөрөө ингэж “гудамжинд” гарч, сэтгүүлчид нь хоёр талд гарчихаад “миний, чиний тал” хэмээн хэрэлдэх эхлэлийг ч улстөрчид өөрсдөө тавьж өгсөн гэхэд хэтийдэхгүй. Тэд өөрийн хүрээллийг бий болгож, хэвлэл мэдээллийг мөнгөөр угжихаас гадна инфлүүсэр, твиттерийн жиргээч нар гэх мэт бүхэл бүтэн армитай болсон. Мөнгөө төлөөд хөгжмөө захиал гэсэн зарчмаар нэгийг нөгөөгөөр нь бариулж идүүлдэг энэ байдал сүүлийн 10 жил лавтай амь бөхтэй оршив. Үр дүнд нь ард түмэн ч хоёр хуваагдсан мэдээлэл дунд тархиа угаалгаж, хоёр талцан хэрэлдэх болсон. Үүний тод томруун жишээ ч өнөөдөр Төрийн ордны гадна болж буй “Ухаа худагаа аваръя” хийгээд “Улсын Ерөнхий сайдыгаа огцруулъя” гэх хоёр жагсаалын дүр төрх.
Гэлээ гэхдээ тэд хоёулаа л үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй улсын эгэл жирийн иргэд. Хэдэн төгрөгөөр ч бай, хэнд худалдагдсан байсан ч тэдэнд үгээ хэлэх эрх нь одоогоор байгаа. Хэнийх нь талд зогсох вэ гэдэг нь тэдний сонголтынх. Гагцхүү хоёр талын үгийг ижил тэгш хүргэх учиртай, аливаа сэтгэл хөдлөлөө дарж асуудлыг яг цензуртэй хүргэх учиртай хэвлэл мэдээлэл нь нэгнээ ялгаварлан гадуурхаж “Бид л хараат бус сэтгүүлзүй хийж байна”, “Би шударга үнэний талд зогсож байна” хэмээн дөвчигнөх нь хэр зүйд нийцэх үйлдэл вэ.
Ерөөс энэ улсад өөрөөс нь өөр үзэл бодолтой нэгнээ дээрэлхдэг, доромжилдог, нийгмээрээ гутаан доромжилдог, үр хүүхэд, хань ижил рүү нь хүртэл дайрч доромжилдог болов. Инфлүүсэр нэртэй хэсэг нь нийгмийг хагалан бутаргаж, түүгээрээ эгогоо тэжээж, төрийн мөнгөөр санхүүждэг болсон. Улстөрчид ч үүнийг нь уухайлан дэмжиж, санхүүжүүлж улсаа хэдэн хэсэг тасдах санаархлаа бүрэн дүүрэн биелүүлж байна.
Ийм цөвүүн цагт ядахдаа хэвлэл мэдээлэл нь худалдагдсан хэмээн нэгнээ бөөрөлхөж суух бус олон талын эх сурвалжийг сонсож, олон янзын дуу хоолойг яг мэргэжлийн байдлаар хүргэж, эрүүл саруулаар энэхүү зодооны цаадах эрх ашгийг олж хармаар байгаа юм. Хоёр заан тэврэлдсэн ч, зодолдсон ч дунд нь байгаа өвс сүйддэг гэгчээр нам, мөнгө хоёроор сүжрэлдсэн улстөрчид хийгээд бизнесмэнүүд нэгэн цагт тэврэлдэх цагт энэ улсад харин эрүүл сэтгүүлзүй гэгч алга болсон байх вий.