ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ч.Алтанбагана: Эрдэнэс Тавантолгой компани нь уурхайн удирдлага, менежментийг бүрэн хариуцна

O.Admin
7 цагийн өмнө

Засгийн газар хоорондын хэлэлцээр, хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр тохиролцсон. Энэхүү төмөр замын төслийн ТЭЗҮ болон нарийвчилсан зураг төслийг БНХАУ-ын “Төмөр замын зураг төслийн корпорац” гүйцэтгэсэн бол барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “CRCC” корпорацын охин компани болох “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” хэрэгжүүлнэ.

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын урт 19,5 км, 8-31 метр өндөр дан болон хос зам бүхий 9,4 км урт гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай.

Төслийн нийт өртөг 902 тэрбум төгрөг бөгөөд УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлнэ. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ, тээвэр логистикийн чадавх, эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болно. Тэгвэл нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх дэд ажлын хэсгийн ахлагч, "Эрдэнэс Тавантолгой" компанийн Уул уурхай, технологийн газрын дарга Ч.Алтанбаганаас байр суурийг нь сонслоо. 

Тэрбээр, "Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын хил холболттой холбогдуулан нүүрсний урт хугацааны гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван гэрээ байгуулагдаж байгаа. Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэрээний дэд ажлын хэсгийг ахалж ажиллалаа. Энэ хүрээндээ “Эрдэнэс Тавантолгой” 2023 онд ордын нөөцөө шинэчлэн баталж, 29 хувиар буюу 8.3 тэрбум тонн болгосон бол уурхайн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ажиллаж байна. 2030 оноос 20 сая тонноор олборлолтыг нэмэгдүүлэх гэрээг “Чайна Энержи” компанитай байгууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” компани нь уурхайн удирдлага, менежментийг бүрэн хариуцна. Харин “Чайна Энержи” нь туслан гүйцэтгэгч зарчмаар явах юм. Эхний тендер сонгон шалгаруулалт наймдугаар сарын 31-нээс өмнө хийгдэнэ. Тавантолгойн ордын Ончхараат, Бортолгойн ордыг өмнө хийсэн буюу 1988 оны хайгуулын тайланд үндэслэн нөөцийг бүрэн тогтооно. Дэд бүтэц болон хайгуул судалгааны ажлыг “Чайна Энержи” компанийн охин компани бүрэн хийх юм. Олон улсын гэрээгээр явна гэж ойлгож болно.

1988 онд хийгдсэн эрэл үнэлгээний шатанд байгаа хоёр талбай буюу тэрбум нүүрсний нөөцтэй гэсэн урьдчилсан дүнтэй байгаа. Нарийвчилсан хайгуул судалгааны ажил хийснээр “Чайна Энержи” операторын ажил хийж, 220 сая дээр олборлолт хийх юм. Үлдсэн хэсэг дээр нь “Эрдэнэс Тавантолгой” компани олборлолтоо хийгээд явна гэсэн үг. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээн дээр дэд бүтцийн төслүүд давхар орсон. “Эрдэнэс Тавантолгой” компанийн цаашдын санхүүгийн эх үүсвэрээс шалтгаалж төмөр замтай холбох, ачих, нүүрс баяжуулах, химийн бүх төслүүд тусгагдана.

Эдийн засгийн үр өгөөжөө тооцоод төслүүдийг цаашдаа хэрэгжүүлээд явна. Нүүрс худалдан авах гэрээний төлбөр ам.доллароор орж ирээд “Чайна Энержи”-гийн охин компани дээр хийгдээд явна. Олборлолтын гэрээнд хамтарсан аж ахуйн нэгж дотоодод байгуулагдаж, төлбөрийг төгрөгөөр авна. Баруун, зүүн цанх дээр явж байгаа зарчмаар явна. Ордын нөөцийн 30-40 хувь нь эрчим хүчний нүүрс байгаа. Эрчим хүч, коксжих нүүрс өөрөө хоёр өөр зах зээл. Нэг нь энерги, нөгөөх нь ган үйлдвэрлэх. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компани бодлогын хүрээнд эрчим хүчний нүүрсээ экспортлох чиглэлийг илүүтэй анхаарч байгаа" гэв.