ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт тэтгэмж олгох хуулийг дэмжлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-22

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн чуулганы хуралдаанаар хэд хэдэн чухал хуулийн төслийг хэлэлцлээ. Тэр дундаа олны анхаарал татсан нь “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл,  Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын санаачилсан  Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. УИХ-ын  баасан гарагийн чуулганы хуралдааныг тоймлон хүргэж байна.  

 

С.Бямбацогт: Амьжиргааны түвшнээр ялгасан нь Үндсэн хууль зөрчсөн

Хуралдааны эхэнд  “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тус хуулийн төслийг С.Бямбацогт нарын гишүүд  санаачилсан бөгөөд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг амьжиргааны түвшингээр  ялгаварлан олгож буй нь Үндсэн хуулийг зөрчиж байна. Тиймээс   мөнгөн тэтгэмжийг  мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох нь зүйтэй хэмээн үзжээ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгоход 228.000 хүүхэд нэмэгдэж, төсвөөс 41.04 тэрбум төгрөг нэмж гаргах шаардлагатай юм.  Нийт хүүхдийн 90 хувьд олгоход 342.000 хүүхэд нэмэгдэж, 61.56 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарсан байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан  УИХ-ын зарим гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаж, танхимд багагүй маргаан дэгдээлээ.

Тухайлбал, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ““Нийт хүүхдүүдийн 80 хувьд нь танайх өгсөн. Манайх 100 хувь өгсөн” гэж хэрэлдсээр ирлээ. Нүүрснээс орж ирэх мөнгөө улс төрийн эрх мэдэл авахын төлөө хүүхдийн мөнгөнд зарцуулдгаа больё. Эцэг, эхийг нь ажилтай орлоготой болгосон бол өнөөдөр 20 мянган төгрөгөөр гол зогоох  хэрэг байсан уу. Байгаа мөнгөө ингэж үрээд  байвал бид хөгжихгүй. Төр бодлого хэрэгжүүлж хүмүүсээ ажилтай,  орлоготой болгоё. Хүүхдийн мөнгийг авъя гэсэнд өгөх гэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ ийм аргаар цаашид явахгүй шүү дээ. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн мөнгөнд зарцуулсан мөнгөөр аймаг бүрт үйлдвэр барьсан бол тус бүртээ 10 мянган өрх ажилтай, орлоготой болсон байх байсан” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн  “Би энэ хуулийн төслийг дэмжихгүй.  Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Монгол Улс халамжийн бодлогоор явахгүй гэдэг нь мэдэгдсэн. Уралдаж халамжийн бодлого явуулсаар байгаад ядуурал ихсэж, ажилгүй хүмүүсийн тоо нэмэгдлээ. Хүүхдэд нь мөнгө өгч халамжлахаас илүүтэй эцэг, эхийг нь ажилтай болгомоор байна” гэсэн юм. Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүдийн зүгээс тогтоолын төслийг олонхи нь дэмжиж,  анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

 

З.Энхболд: Экспортын орлогыг Монгол Улсаар дамжуулна 

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцуулсан юм. Тус хуулийн төслийн гол ач холбогдол нь  төгрөгийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын улсын нөөцийг эзэмшин удирдахад чиглэх аж. Мөн  гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүргийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглаж валютын орлого олдог хуулийн этгээдийн мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монголбанк гүйцэтгэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор төслийг боловсруулжээ.  Хуулийн төсөлд Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тодорхойлсон хэмжээний экспортын гадаад валютын орлого олдог шаардлагыг хангасан хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болохоор тусгажээ.

Хууль батлагдсан тохиолдолд Монголбанкинд  байршуулсан, тодор­хой шаардлага хангасан хуулийн этгээдийн дансаар дамжуулан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, тэдгээрийн экспортын орлогыг Монгол Улсаар дамжуулах эерэг үр нөлөөтэй хэмээн үзжээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн зүгээс “Хуулийн төсөл батлагдсанаар валютын эдийн засгийн харилцааг оновчтой зохицуулж өгнө.  Ингэснээр зах зээлд оролцогчдын үйл хөдлөл оновчтой байх, зах зээлийн механизм үр ашигтай ажиллах, эдийн засаг дахь төрийн оролцоо зохистой байх боломжийг бүрдүүлнэ. Хөрөнгийн чөлөөт урсгал, зохицуулалттай хөвөгч ханшийн дэглэмийн талаарх заалтуудыг хуульд тодорхой тусгаснаар макро эдийн засгийн бодлогын сонголтыг тодорхой болгож, төрийн мөнгөний бодлогын бие даасан байдлыг дээшлүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдалд дэмжлэг болно. Гадаад секторын статистик, валютын дотоодын захын ханш, валютын арилжааны мэдээний хамрах хүрээ, чанар, давтамжийг сайжруулах боломжтой болно” гэсэн саналыг хэлж байсан юм.  Хуралдааны төгсгөлд тус хуулийн төслийг олонхийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын санаачилсан хуулийн төслийг олонхи дэмжиж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.