ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Номтойбаяр: Ерөнхийлөгчийг хуулиа буцаан тат гэж санал гаргана

O.Admin
2 цагийн өмнө

УИХ-ын чуулганы нээлтийн дараа УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг дэмжихгүй гэлээ.  Н.Номтойбаяр хэлэхдээ “Мэдээж гишүүдийг хариуцлагатай болгох ёстой гэдгийг хоёр гараа өргөөд дэмжинэ.

Гэхдээ энэ хууль хэрэгжүүлэх арга зам дээрээ зөрчилтэй байна. өнгөрсөн хугацаанд энэ хуулийг дэмжихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэний төлөө Ерөнхийлөгчтэй зөрчилдөж буй мэтээр хэвлэлээр бичлээ. Би дахиад хэлье. Сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх талд дэмжинэ ээ. Хэрхэн яаж ажиллах вэ гэдгээ тодорхой болгочихвол хамтран ажиллахад бэлэн.

Төрийн өндөр албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хамгаалалт, хязгаарлалт, хяналт, хариуцлагын тухай хуулийг өргөн барихаар бэлтгэж, үзэл баримтлалыг боловсруулсан. Үүнд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УЕП, ҮХЦ зэрэг 50 гаруй албан тушаалтныг хамруулна. Эрхийг нь хамгаалахаас гадна хариуцлага тооцох, бүрэн эрхээсээ буусных нь дараа эрхзүйн хязгаарлалт хийх тухай юм. 19 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас гадна хоёр хуулийг шинээр өргөн барина.

Энэ хуулиар Ерөнхийлөгч ч өөрөө ёсзүйн хариуцлага тооцуулах хүмүүсийн нэг болсноор хариуцлага илүү тодорхой болно. Баасан гарагт УИХ-ын даргад танилцуулна. Манайх бүлэггүй учраас Н.Учрал дарга манлайлж, МАН, АН-ын бүлэг дэмжих байх гэж найдаж байна. Ерөнхийлөгчийн өргөн барих хууль миний өргөн барих хууль хоёр агуулгын хувьд адил учраас Ерөнхийлөгчийг би хуулиа буцааж татаач гэж хэлнэ. Агуулгыг дэмжиж байгаа ч хэрэгжүүлэх арга механизмыг нь би огтхон ч дэмжихгүй ээ.

Миний үзсэн зовлонт замаар Н.Алтанхуяг, Х.Булгантуяа нарыг оруулж байна. Цэцийн хуралд би өөрөө очиж суусан. Ямар муухай хууль зөрчиж, хүнийг хэлмэгдүүлдэг вэ гэдгийг харсан. Саяхан Ерөнхийлөгчийн тайлан надад вайбераар ирсэн. Харж уншаад дэмжиж яриа өгөөч гэнэ ээ. Гэтэл Ерөнхийлөгч өөрөө ажлаа УИХ-д тайлагнах хуультай. Гэтэл бид таван жил тэр тайланг сонсоогүй. Гадаад харилцаа талдаа ярих юмгүй мундаг байгаа нь үнэн. Тэгэхээр нь би А.Үйлстөгөлдөр, А.Бямбажаргал нарт Ерөнхийлөгчийнхөө тайланг бэлд гэж хэлье.

УИХ-ын дарга Н.Учрал парламентын дарга юм уу, намын дарга юм уу. Шулуухан хэлэхэд, У.Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй юм уу. Үүнийгээ ялгаж салгаж, нотлох маш том сорилттой тулгарч байна шүү. Хэний ч өмнө мөлхөж очиж чадахгүй. Гутлыг нь үнсэж чадахгүй. Г.Занданшатарын Засгийн газар гэж ярьж байгаа ч ард нь Ерөнхийлөгч томилж, удирдаж байдаг. Миний Засгийн газарт орж ажиллаагүй найман шалтгааны нэг нь энэ” хэмээн ярилаа.