ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТОЙМ: Жагсагчид юу хүсэв, Засгийн газар юу хийв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-12-12

Нүүрсний хулгайчидтай тэмцэх, тэдний нэрсийг зарлах хариуцлага нэхсэн жагсаал өнөөдөр наймдахь өдрөө үргэлжилж байна. Жагсаалын эрч, утга учир эхний хоёр өдрийнхөөс 360 градус эргэж, өнгөт хувьсгал, цаашлаад нэг хүний дарангуйлал, парламентын тогтолцоог түлхэн унагах гэсэн ашиг сонирхлын хэлбэрийг агуулахаас гадна нүүрсчдийн гар хөлүүд хаа сайгүй шургалан Засгийн газрыг огцруулах тэмцэл болон хувирч буй.

Гэвч өдрөөс өдөрт зорилготой, захиалгатай жагсагчдын үнэн дүрийг ард иргэд таньсаар байгаа учраас өнгөт хувьсгалд уриалсан, өөрсдийгөө уснаас хуурай гаргах гэсэн хэсэг бүлэг нүүрсчдийн эрх ашиг үнэнд гүйцэгдэх нь тодорхой биз ээ.

Жагсаалын зорилго үндсэн агуулгаасаа хальж буй ч сошиал орчны эсэргүүцэл, бухимдсан ард түмний уур намжаагүй учраас нэгэнт эхлүүлсэн тэмцлээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дуусгахаас өөр аргагүй. Дуусгахын тулд тэр энэхүү албан тушаалдаа байх ёстой. Нүүрсчдийн хүслийг биелүүлж огцорч хэрхэвч болохгүй юм. Төрийн ордонд цаашлаад улс төр, намдаа ганцаардаж, хүчгүйдэж байгаа бол ард түмнээсээ дэмжлэг хүсээд ч хамаагүй үлээсэн шүглийнхээ дууг үнэн болгох учиртай. Цаашдаа ч Засгийн газрын хийж буй үйлдэл, хэлж буй үг, гаргаж буй үр дүн цаг ямагт олны анхаарлыг татах нь тодорхой юм. Өнгөрсөн найм хоногийн хугацаанд Л.Оюун-Эрдэний Засгийн газар ямар үр дүн гаргав гэдгийг тунгааж, хамтдаа дүгнэлт хийцгээе.

БЭТ-ийн томилгоо бүх зүйлийн учгийг тайлна

Хариуцлага нэхсэн, нэр шаардсан жагсагчид Төрийн ордонг гороолохоос ч өмнө Засгийн газар валютын урсгалыг нэмэгдүүлэх үүднээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, БЭТ томилох шийдвэрийг аравдугаар сарын 26-ны өдөр гаргасан байдаг.

Өөрөөр хэлбэл, хяналтгүй мөнгө их хэмжээгээр гараад буйг мэдсэн учраас Бүрэн эрхэт төлөөлөгч томилсноор нүүрсний урсгалыг хянах боломж бүрдүүлсэн юм. Ингэснээр тус компани 1062 автомашинаар 110.618 мянган тонн нүүрс тээвэрлэж, рекорд тогтоов.

Бүрэн эрхэт төлөөлөгч очсоноос хойш 369.5 сая ам.долларын, нийтдээ 4.2 сая тонн нүүрс борлуулсныг харахаар ямар их мөнгө хяналтгүй урсаж байсныг бэлхнээ ойлгох биз ээ. Ковидын хүнд цаг үе, хил гаалийн хаалттай байдлаас үүдэн орлого нь эрс буурсан бус эсрэгээрээ хулгайн нүүрс их хэмжээгээр тээвэрлэж, бүх мөнгийг хувьдаа авч байсныг БЭТ-ийн томилгооны дараах нүүрсний ашиг, тээвэрлэлтийн хурдаас та бид үзлээ, харлаа.

Нүүрсний хулгайн “акул”-уудын баривчилгаа эхлэв

“Эрдэнэс Тавантолгой”-г 2017 оноос эхлэн удирдаж байсан Б.Ганхуягийг баривчилснаар нүүрсчид үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж эхлэв. Б.Ганхуягийг олон нийт “жараахай” гэж хардаг ч тэр энэ бизнест “акул” гэдгийг мартуузай.

Хоёр ч Засгийн газрын үед компани удирдаж, таван жил нүүрстэй зууралдах хугацаандаа 350 гаруй мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлт хийхгүйгээр бүртгэлгүй гаргасан хэрэгт холбогдоод байна. МОХ-ны найзуудтайгаа хийсэн нүүрсний хулгайн мөнгөөрөө барилгын бизнест хөрөнгө оруулах замаар мөнгөө угаасан гэх асуудал ч өдгөө АТГ-т шалгагдаж байна.

А.Бакейн шахаасаар орж ирсэн Х.Нурлат, Т.Аюурсайханы туслах асан Б.Отгонжаргал, Оюутны холбооны анд, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нартай хамтран хийсэн хулгай энэ хэдхээн хүнээр дуусахгүй.

Цаашлаад, Б.Ганхуягийн нүүрсний хулгайн мөнгийг барилгын салбарт оруулж, угаасан гэх үндэслэлээр “Хишиг арвин индустрал” компаний удирдлага баригдав. Б.Ганхуягийн эхнэр, эгч, хүргэн нь баригдлаа. “Эрдэнэс Силвер Ресурс”-ын Т.Мөнхбаяр, ГЕГ-ын дарга Б.Асралт гэх мэтээр хариуцлага тооцох, шалгуулах хүмүүс ч ар араасаа баригдаж, АТГ-т шалгуулж эхлэв. Нүүрсний том “акул”-уудын даалгаврыг биелүүлж байсан “жараахай” нар буюу хилийн боомтуудад байсан жижиг албан тушаалтнууд ч баригдлаа, бас шалгуулж эхэллээ. Тэдний өгөх мэдүүлэг олон том “акул”-уудыг барих, цагдан хорих хөдлөшгүй баримт болох нь ээ.

Нууцын зэрэглэлтэй есөн гэрээний ардах “акул”-ууд

Тэрбумаар бус их наядаар тоологдох нүүрсний хулгайг хийж байсан хамаг том эздийг зарлах нь цаг хугацааны асуудал болоод байна. Жагсаал эхэлснээс хойш Засгийн газрын хамгийн том хийсэн ажил нь ҮАБЗ-өөр хэлэлцэн нууцын зэрэглэлд оруулсан байсан есөн оффтейк гэрээг ил болгосон явдал.

Эдгээр есөн гэрээ нь 2017-2019 онд хийгдсэн бөгөөд төмөр замын гэрээнүүд хэдэн төгрөгөөр хийгдсэн, хэн хэн гарын үсэг зурсан, нэг км төмөр замын өртөг хэд байсныг нийтээрээ мэдэх боломж бүрдэв. Энэ бол Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын үед хийгдсэн нууцын зэрэглэлтэй гэрээ.

Тухайн үед ЗГХЭГ-ыг Л.Оюун-Эрдэнэ удирдаж байсан учраас өөрт нь ч бас хамаатай. Гэсэн ч тэднээс айхгүйгээр гэрээг ил болгоно гэдэг бол яах аргагүй эр зориг. Нам дамжсан ах нарынхаа дарамт шахалтаас үл айж, км төмөр замыг ямар өртгөөр барьж, яаж улсаа цөлмөснийг ил болгосноороо үлээсэн шүглийнхээ үр дүнг үзэж байна, тэр.

Энэхүү есөн гэрээний тав нь Гашуунсухайт, Богдхан төмөр замын төслийнх. Тавуулаа “Бодь интернэшнл” буюу “Голомт”-ын Д.Баясгалан, А.Амундра нартай холбогдоно. Тавуулаа тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай учиг сэжмээр сүлбэлдсэн.

Эдгээр есөн гэрээнд Н.Удаанжаргал, Б.Ганхуяг гэсэн МОХ-ны найзууд гарын үсэг зурсан. Хамгийн их асуудал дагуулж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд гэхэд л “Бодь интернэшнл” групп 1.282 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээ зуржээ. Нийт 4.4 их наяд төгрөг гэсэн үг. Нэг км төмөр замын өртөг нь 16 тэрбум төгрөг. Энэ бол улсаа дампууруулж, шууд утгаар эх орноо тонон дээрэмдсэн гэрээ байсныг өнөөгийн Засгийн газар ил болгож өглөө.

110 сая ам.долларыг урьдчилж авсан тус компани үлдсэн 895.6 сая ам.долларын төлбөрөө нүүрсээр авахаар гэрээ хийхдээ Гашуунсухайтаас гадна Замын-Үүдийн боомтоор 2020-2024 оны хугацаанд тээвэрлэхээр тохирчээ. Хил гаалийн нөхцөл байдлаас үүдэн нүүрсний ханшид өөрчлөлт орно, хамгийн түрүүнд Бодь группын нүүрсийг тээвэрлэх ёстой гэх мэтээр даварсан гэхэд дэндүү даварсан заалттай гэрээг Засгийн газар нийтэд ил болгож, хамгийн том хулгайч нарын нэрсийг иргэд олж харав. Цаашдаа ч олон гэрээ ил болж, олон хулгайч нар нэртэйгээ, гарын үсэгтэйгээ ил болох нь ээ.

Өргөтгөсөн ажлын хэсэг ба Шуурхай штаб

Засгийн газрын хийсэн өөр нэг үр дүнтэй ажил бол “Нүүрсний хулгайтай тэмцэх ажилд дэмжлэг үзүүлэх шуурхай штаб” болон “Өргөтгөсөн ажлын хэсэг” байгуулсан явдал. Цагдаа, шүүх, тагнуул, АТГ-ын шилдэг мөрдөгч нарыг багтаасан тус ажлын хэсэгт 21 аймгаас мөн 1-3 мөрдөгч багтаж ажиллана. Тэд 2011 оноос эхлэн нүүрсний бүх мэдээллийг шүүрдэж үзэх, нүүрсний хулгай хийгдсэн он цагт төрд ажиллаж байсан хүмүүсийг шалгах, байцаалт авах зэргээр баримт цуглуулах аж.

Харин Х.Нямбаатар сайдаар ахлуулсан Шуурхай штаб нь “Өргөтгөсөн ажлын хэсэг”-т мэдээлэл олж өгөх, яам агентлагтай холбох, олон улстай харьцах, хоёр улсын хоорондох гэрээний дагуу гаднаас мэдээлэл цуглуулах ажилд нь дэмжлэг болох гэнэ.

Мөн УЕП-т хандаж нүүрсний хулгайн асуудлаар шалгуулж буй хүмүүсийн нэрсийг ил болгох хүсэлт тавилаа. Үүнээс гадна жижиг Тавантолгой буюу орон нутгийн “Тавантолгой” ХК-д бүрэн эрхэт төлөөлөгч томилсон ч тус уурхайгаас алга болсон нэг мөрөгцөгийн учрыг олох, тус ордоос хулгайлсан хулгайч нарыг олж илрүүлэх ажилд томоохон түлхэц болох нь ээ.

...Энэ мэтээр маш олон үр дүнг Засгийн газар гаргаж байна. Хулгайч нарын эсрэг үнэн сэтгэлээрээ тэмцсэн залуусын тэмцлийн үр дүнд Засгийн газрын ажил ч нэг алхам урагшлав. Хэрвээ нүүрсчид санасандаа хүрч Засгийн газрыг унагачихгүй бол цаашдаа ч олон үр дүн гарч, нүүрсний хулгайч нар буланд шахагдах сайн цаг айсуй. Тиймээс жагсаж тэмцэж буй залуус маань хэн нэгний өдөөн хатгалга турхиралтад автахгүйгээр эрүүл ухаанаар асуудалд хандаж, эхлүүлсэн тэмцлийг нь эцэст нь хүргэхийн тулд Засгийн газраа дэмжих ёстой хэмээн сэтгэж сууна. Тэмцэл үр дүнд хүрч чадахгүй, нүүрсчид санасандаа хүрч энэ Засгийн газар унаж гэмээнэ хариуцлага хүлээх хүн олдохгүй, эргээд л тамын тогоондоо эргэлдсээр байх билээ.