Шуурхай мэдээ
Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна
Дархан, Сэлэнгийн бүсэд ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах этгээдтэй хэлэлцээ хийх, гэрээний төслийг тохирох үүрэг бүхий Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаар ахлуулан Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар шийдвэрлэлээ.

Дархан, Сэлэнгийн бүсэд ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах этгээдтэй хэлэлцээ хийх, гэрээний төслийг тохирох үүрэг бүхий Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаар ахлуулан Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар шийдвэрлэлээ.
Тус төсөлд хөрөнгө оруулагч сонгон шалгаруулах ажиллагааг энэ оны дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй зарлаж, Гадаад харилцааны яамаар дамжуулан ган, металлургийн салбарын тэргүүлэгч 30 гаруй компанид урилга хүргүүлжээ.
2026 оны аравдугаар сарын 22-нд оролцогчдоос ирүүлсэн материал, баримт бичгийг сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан шалгуур, шаардлагын дагуу үнэлж, БНХАУ-ын “Бээжин Жианлунг” (Beijing Jianlong Heavy Industry Group) групптэй хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлийг хэлэлцэхээр шийдвэрлэжээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлэхдээ "“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор” барих асуудлаар олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт энэ оны эхээр зарлаж, 60 гаруй аж ахуйн нэгж /ААН/-д урилга хүргүүлсэн.
Хоёр ААН нь эцсийн шатанд шалгарч, хураангуй жагсаалтад үлдсэн байсныг өнгөрөгч наймдугаар сард та бүхэнд танилцуулсан билээ.
Өнгөрсөн долоо хоногт батлагдсан үнэлгээний журмын дагуу шийдвэр гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Дархан-Уул аймгийн Орхон суманд баригдах төслийг хэрэгжүүлэгчээр БНХАУ-ын "Бээжин Жианлунг" (Beijing Jianlong Heavy Industry Group) компани шалгарлаа.
651.2 га газрыг хамрах тус бүтээн байгуулалтын газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Ерөнхий сайдын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж, шалгарсан ААН-тэй хэлэлцээр хийнэ. Шаардлагатай бол УИХ-д танилцуулсны дараа ирэх хавраас бүтээн байгуулалт эхэлнэ. Баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, цементийн үйлдвэр гэсэн дагалдах бүтээн байгуулалттай том хэмжээний цогцолбор. Төсөлд 800 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт гарах бол 4 жилийн хугацаанд барьж, ашиглалтад оруулахаар товлоод байна. Монгол Улс дотооддоо гангаа үйлдвэрлэдэг болсноор арматурын үнэ багадаа 20 хувиар хямдарна. Энэ эргээд бүтээн байгуулалтад нөлөөлөх боломж үүснэ.