ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

50-100 сая төгрөгийн өртөгтэй эмчилгээг үнэгүй хийлгэх боломж нээгдлээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-19

Хорт хавдрын өвчлөл дэлхий дахинаа чимээгүй тахал болсон гэхэд хэтрүүлсэн болохгүй. Учир нь 2020 он буюу одоогоос ганцхан жилийн дараа гэхэд дэлхий дахинд 32.5 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж, эдгээрийн 8.2 сая нь нас барна гэсэн урьдчилсан тооцооллыг ДЭМБ-аас гаргажээ. Тэгвэл гуравхан сая хүн амтай манай улсад жилд 6000 гаруй хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгддэг аж. Хамгийн харамсалтай нь хорт хавдраар өвчилсөн иргэдийн 66 хувь нь буюу жилд 4000 гаруй хүн энэ тахлын улмаас амьдралыг үүрд орхин ар гэр, үр хүүхдээ өнчрүүлж оддог гэнэ. Энэ өнчрөлийг сэтгүүлч миний бие ч нүдээр үзсэн билээ. Одоогоос хоёр жилийн өмнө ээжийн минь төрсөн дүү 39-хөн насандаа гурван хүүхдээ өнчрүүлээд элэгний хорт хавдраар хорвоог орхиж байсан юм.

Цэл залуухан насандаа дөрөвхөн настай жаахан хүү үлдээгээд одсон эгч минь хорт хавдраас үүдэлтэй нас баралтын дийлэнх шалтгаан болох хожуу үед оношлогдсон байв. Ерөөс хорт хавдраар өвчлөгчдийн 80 гаруй хувь нь хожуу үедээ буюу эмчилгээ авах боломжгүй болсон үедээ оношлогдож байгааг ХСҮТ-ийн захирал, доктор Ж.Чинбүрэн учирладаг. Тэгвэл миний эгч шиг цэл залуугаараа хорвоог орхиж, өнчрөл хагацлыг үлдээгээд оддог энэ эмгэнэлт байдал ард үлдэх боломжтой болсон талаарх сайхан мэдээг уншигч таньд хүргэе. 

 

Бүх төрлийн хорт хавдрыг дэвшилтэт технологиор эмчилнэ

Хорт хавдрыг ямар нэг мэс засалгүйгээр, эм хэрэглэхгүйгээр эмчилж болох туяа эмчилгээний дэвшилтэт технологи “Шугаман хурдас­гуур” аппаратыг өчиг­дөрхөн Монгол Улсад нэвтрүүллээ. Энэхүү баярт үйл явдлыг сурвалжлахаар бид өчигдөр 13:00 цагийн үед ХСҮТ-д очив. ХСҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор Ж.Чинбүрэн тэргүүтэй ХСҮТ-ийн эмч нарын баг тус эмнэлгийн үүдэнд зочдыг угтан авч, нэг бүрчлэн гар барин оруулж байгаа нь тэдний догдолж хөөрсөн сэтгэл, баярт мөчийг илхэнээ харуулах. Хүн ардын эрүүлийн манаанд нойр хоолгүй зүтгэдэг ч жилд 4000 гаруй өвчтөнөө хорт хавдраар алддаг тэд эмчилгээний дэвшилтэд технологи нэвтэрч, хийсэн эмчилгээ нь үр дүнтэй болох болсонд ийн хөөрцөглөхөөс ч аргагүй. Шугаман хурдасгуур аппарат нь богино хугацаанд, бусад эд эрхтэнд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр  эмчлэх боломжтой юм байна. Хамгийн гол нь хорт хавдрын шатлал, хэлбэр, хэмжээнд тааруулсан эмчилгээг тус аппарат хийж, ингэхдээ өвчтөний эрүүл эд эрхтэнд  нөлөөлөхгүйгээр эмчилдэг гэдгээрээ давуу талтай болохыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ үеэр онцолж байв. Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Хавдрын өвчлөл Монголд төдийгүй дэлхий нийтэд аюулын харанга дэлдэж байгаа.

Гэхдээ эрт илрүүлж, оношилж чадвал эдгэрэх бүрэн боломжтой гэдгийг ДЭМБ зөвлөдөг. ХСҮТ-д тулгамдаж байгаа олон асуудал байгаа ч шийдэгдэж байгаа нь түүнээс дутахааргүй олон. Хорт хавдраас үүдэлтэй нас баралтын гол шалтгаан нь хожуу илрүүлэг байсаар байна. Тиймээс ДЭМБ-аас хамгийн гол нь хорт хавдрыг эрт илрүүлдэг байхыг зөвлөж байгаа. Бид 2018 онд 128 зүсэлттэй “Сити” аппаратыг нэвтрүүлж чадсан. Үүний үр дүнд хорт хавдрыг хамгийн жижиг байхад нь илрүүлэх боломж бүрдсэн юм. Тэгвэл оношилсон хорт хавдрыг ямар нэг мэс засал хийлгүйгээр, эрүүл эд эрхтэнд сөрөг нөлөөгүйгээр туяагаар эмчлэх боломжтой боллоо. Хавдрын гол эмчилгээ нь туяа эмчилгээ байдаг. Гэтэл жилд 600 хүн л туяа эмчилгээнд ордог. Энэ аппаратыг нэвтрүүлснээр уг тоог 1000 хүргэх боломжтой болж байна. Өмнө элэгний хорт хавдартай хүмүүс туяа эмчилгээнд орох боломжгүй байсан юм. Гэтэл нийт хорт хавдрын 40 хувийг элэгний хорт хавдар дангаараа эзэлдэг. Тэгвэл “Шугаман хурдасгуур” аппаратыг нэвтрүүлснээр элэгний хорт хавдрыг туяа эмчилгээгээр эмчлэх боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, бүх төрлийн хавдрыг туяа эмчилгээгээр эмчлэх боломжтой боллоо” хэмээн баярлан ярив. Уг аппаратыг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд 20 жилийн өмнө хэрэглэж эхэлсэн бөгөөд манай улс 20 жилээр хоцорсон хэдий ч нэвтрүүлж чадлаа гэдгийг Д.Сарангэрэл сайд энэ үеэр онцолсон юм. “Шугаман хурдасгуур” аппарат нь хорт хавдрыг эмчлэхдээ хүний эрүүл эд эрхтэнд ямар нэг сөрөг нөлөөгүйгээр хавдрын голомтод хүрч эмчилдэг болохыг энэхүү төслийг санаачлагчдын нэг, туяа эмчилгээний их эмч Г.Навчаа ч мөн дахин дахин онцолж байсан юм. Анх энэ төслийг эмч, судлаачдыг баг 2008 оноос санаачлан, 10 жилийн дараа ийнхүү нэвтрүүлж байгаа аж. Туяа эмчилгээний дэвшилтэд технологи болох “Шугаман хурдасгуур” аппаратын талаар туяа эмчилгээний их эмч, төслийг санаачлагчдын нэг Г.Навчаагаас тодрууллаа. 

 

Г.Навчаа: Өндөр хөгжилтэй орны эмчилгээний технологитой эн зэрэгцлээ

-Энэ аппаратыг эмчил­гээнд нэвтрүүлэх хүртэл төслийн багийнхан багагүй хугацаа зарцуулсан байна. Бусад улс орнуудад үүнийг хэрэглэж байгаа юу. Монгол хүний оюун ухаанаар бүтсэн технологи гэж ойлгож байна? 

-Төслийг анх санаачилж байх үед буюу 2008 онд би Туяа эмчилгээний тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан юм. Энэ төслийг тухайн үеийн Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, Л.Төмөрбаатар захирал тэргүүтэй хүмүүс санаачилж байсан. Энэ аппарат нь нэлээд өндөр өртөгтэй учраас тухайн үед шууд дэмжигдээгүй. Тиймээс  энэ аппарат ямар давуу талтай, эмчилгээнд нэвтрүүлснээр ямар ахиц дэвшил, өөрчлөлт гарах талаар таниулах ажил надад оногдсон юм. н.Алтанбагана эмчтэй хамтран миний бие мэргэжлийн хүний зүгээс төсөлд ажилласан. Маш олон удаагийн хурал, шүүлтээр орж явсаар 2013 оноос эрчимжиж, Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй тусламжаар өнөөдөр шугаман хурдасгуурын хоёр аппаратыг суурилуулж байна. Шугаман хурдасгуурын аппаратыг дэлхийн улс орнуудад хэрэглэдэг. Бид дэлхийд байхгүй цоо шинэ зүйлийг хийж байгаа юм биш. Гэхдээ хоцорч явж байсан алдагдлаа нөхөж, өндөр хөгжилтэй орнуудын хэрэглэж байгаа технологитой эн зэрэгцэж ирлээ. 

-Хавдрын эмч болгон энэ аппаратаар эмчилгээ хийнэ гэсэн үг үү. Эсвэл тусгай мэр­гэшсэн эмч байх ёстой юу? 

-Зөвхөн туяа эмчилгээний мэргэшсэн эмч энэ аппаратаар эмчилгээ хийнэ. Улсын хэмжээнд ганц­хан тасаг, 10 орчим эмч, 5-6 физикч, мэргэшсэн инженер ажиллаж байна. Гэхдээ Олон улсын атомын энергийн агентлаг, Монгол Улсын цөмийн энергийн агентлагийн тусламжтайгаар 1995 оноос хойш маш олон эмч мэр­гэжилтнүүд бэлт­гэгдэж байна. Тэгэхээр эмч мэргэ­жилт­нүү­дийн хувьд энэ аппаратыг ашиг­лан эмчилгээ хийх та­лаар эр­гэл­зэх, са­наа зо­вох асуудал байх­гүй. 

-Аппаратын тоог нэмэх бо­ломж бий юу. Өртөг нь хэр өндөр юм бол?

-Энэ хоёр аппаратыг дөр­вөн сая еврогийн өр­­төг­­тэй­гөөр суу­рилуулж бай­на. Одоогоор аппаратын тоог нэмэх шаард­лагагүй. Харин хоёр аппаратынхаа зас­варын урсгал зард­лыг хангаад бүрэн хүчин чадлаар нь ажиллуулбал, манай улсын хавдрын өвчлөлд хан­галттай хүрэлцэнэ гэж үзэж байгаа. Нэг аппаратыг 15-20 жил ашиглах боломжтой. Гол нь урсгал засварын зардал өндөртэй. Маш нарийн аппарат учраас тохируулга байнга хийж байх ёстой. Үүнийг хийхэд мэдээж өртөг гарна. Урсгал зардлыг жил бүрийн Эрүүл мэндийн салбарын төсөвт тусгаад явбал, ямар ч алдаа эндэгдэл гарахгүй. 

-Нэг удаагийн шарлага хийлгэх өртөг нь хэд вэ?

-Маш өндөр технологийн эмчилгээ учраас гадны орнуудад нэг курс эмчилгээ нь 30-50 мянган ам.доллар байдаг. Монгол төгрөгөөр 50-100 сая төгрөг гэсэн үг. Манай улс хорт хавдрыг үнэ төлбөргүй хийх хуультай учраас үнэ төлбөргүй хийнэ гэсэн үг. Өвчнөөсөө салахын тулд гадны орныг зорьж, 50-100 сая төгрөг зарцуулдаг байсан бол эх орондоо үнэ төлбөргүй эмчлүүлэх боломж бүрдэж байгаа юм.

 

...Хорт хавдрын эмчилгээ­ний 60 орчим хувийг туяа эмчилгээ эзэлдэг байна. Энэ ч утгаараа туяа эмчилгээний дэвшилтэт технологи юу юунаас илүү чухал гэдгийг Ж.Чинбүрэн эмч онцолж байв. Тэрбээр “Орчин тойрных нь эрүүл эдийг гэмтээхгүйгээр, хавдрын голомтод хүрч өндөр тунгаар туяа эмчилгээ хийх боломжтой болно гэдэг маш том дэвшил. Заавал мэс засал хийхгүйгээр эмчилнэ гэсэн үг. Уушгины хавдар байлаа гэхэд хавдартай хэсгийг тайрахгүйгээр бүрэн эмчлэх боломжтой болж байна. Тиймээс хавдрын өвчлөл өндөртэй манай улсын хувьд түүхэн том дэвшил боллоо” хэмээн мэдээлсэн юм. Шугаман хурдасгуур аппаратыг суурилуулсан танхимыг хүүхдэд зориулан тохижуулжээ. Учир нь аппаратанд ороход хүүхэд айж, хөдлөх, уйлах зэрэг үйлд­лүү­дийг хийдэг учраас тэдний анхаарлыг сар­ниулж, хөдлөхгүй байлгах үүд­нээс багачуудын дуртай үл­гэрийн баатруудын дү­рээр ханаа будсан тухай ХСҮТ-ийн захирал доктор Ж.Чинбүрэн сонирхуулав. Энгийн туяа эмчилгээний аппарат нь эрүүл эд эрхтэнд сөрөг нөлөөтэйгээс гадна нэг удаагийн шарлага 60 минут байсан бол шугаман хурдасгуур аппарат 15 минутад эд эрхтэнд нөлөөлөхгүйгээр өндөр тунгаар шарлага хийх боломжтой юм байна. Энэ сарын 17-ны өдрөөс эхлэн тус аппаратыг эмчилгээнд хэрэглэж эхэлсэн бөгөөд өчигдрийн байдлаар хоёр өвчтөнийг эмчлээд байгаа сайхан мэдээг энэ үеэр ХСҮТ-ийнхөн дуулгасан юм. Ийнхүү хорт хавдар гэх чимээгүй тахлаар мянга мянган хүн хорвоог орхиж байсан бол мэс засал хийлгэхгүйгээр өвчнөөсөө салах боломжтой боллоо.