ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Яармагийн ялгадас дунд хөвсөн нэгээхэн хэсэг

Ц.ЭНХТҮВШИН
2019-04-16

Олны мэдэхээр Яармагийн хоёрдугаар буудлын хойд тал буюу Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд Арьс ширний ажилчдын 80 айлын орон сууц гэж хүн амьдрахад бэрх, тэр тусмаа ингэж амьдарч байна гэхэд үнэмшимгүй газар байх аж. Бараг хагас зуун жилийн насжилттай энэ байрнуудын чанар, өнгө үзэмж нэгэнт өнгөрчээ. Хана туурга, хаалга цонх, дээвэр тааз нь гэж авах юм алга. Гагцхүү “Үүнээс цааш газар үгүй” гэдэг шиг өөр орох оронгүй 80 өрх энэ газар амьдарч байх юм.

Байрны гадна орчин ярих юм биш. Харин иргэд нь дор бүрнээ л  хичээж буй юм билээ. Олон хүн дотор сайнтай муутай л хорвоо. Хэтэрхий муудсан ч гэлээ ядаж л гэр дотроо цэмбийж суугаа айл олон байсан. Энэ 80 айл жорлонгүй. Жорлон нь битүүрч гадуураа гол ус мэт хальсан байгаа нь “гишгэх газаргүй” харагдана. Өвөлдөө битүүрч дүүрсэн бохир урь ороход гэсч хайлаад ёстой л амьдарч буй иргэдээ хөвүүлэх нь.  Бүх айл гадуур бие засдаг гэж хэлэхэд буруудахгүй. Учир нь нойлууд нь тэр чигээрээ “бялхсан”. 00-ын эргэн тойронд гялгар уутанд түнтийтэл хийсэн “хог” энд тэндгүй. 

Энэ хогоо ядахад хогийн цэг рүүгээ хийчихэж болдоггүй юм уу гэхэд хог биш ээ. Хүний ялгадас гэх юм. Учрыг тодруулбал: Зарим нь гэртээ хувин тавиад гялгар уутанд бие засч хүндрээд түүнээ гаргаж хог руу хаягдаг гэвэл та үнэмших үү. Мэрэгжлийн хяналтын байгууллагаас энэ байруудад хүн амьдрах ямар ч боломжгүй хэмээн дүгнэлт гаргаад удаж байна. Гэтэл ямар нэгэн дорвитой арга хэмжээ өдий хүртэл авсангүй гэж хэлж болно. Энд  20 айлын дөрвөн орон сууцанд 80 өрх амьдарч  байсан бөгөөд  одоогоор гурван байр нь урьдын адил  харин хоёр давхар нэг шинэ барилга байгаа аж.

Caption

2017 онд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориу­­лалт­­тай барилгыг буул­гаж, шинээр барих төс­лийг хэрэгжүүлэхээр болж энд­хийн 80 өрхийн оршин суугчдын саналыг авч гарын үсэг зуруулан баталгаажуулж,  90 гаруй хувийнх нь  дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр болжээ.  Эхний ээлжинд 10 дугаар байрыг буулгаж суурин дээр нь 40 айлын хоёр давхар байрыг 2.5 тэрбум төгрөгөөр барьжээ. Барилга баригдаж дуусаад ашиглалтад ороход 10, 12 дугаар байрны оршин суугчдыг оруулна хэмээн анхнаасаа хэлцэж яриад гэрээгээ хүртэл бай­гуулчихсан гэдэг.

Гэрээ байгуулахаас гадна аль хаалганд хэнийх гэдэг айлыг  оруулахаа ч хүртэл  хуваарилчихсан, цахилгааны гэрээгээ хийлгэж тоолуураа ав гээд Хан-Уул дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй иргэдээр гэрээ хийлгүүлчихсэн байжээ.  Ингээд барилга баригдаж дуусаад, улсын комисс 2018 оны арванхоёрдугаар сарын 22-нд хүлээж авсан байна. Улмаар шинэ байрандаа 2019 оны гурав­дугаар сард орох гэтэл бай­дал өөрч­лөгдлөө хэ­мээн иргэдэд хариу өгчээ. Учир нь Нийслэлийн гэр хороолол дахин төлөв­лөлтийн газ­раас  оршин суугчдад байрны түлхүүр өгөх болоход, “Хуучин байраа буулгуулсан  20 айлыг шинэ байранд оруулж үлдсэн 20 айлын байрыг төр авна гэсэн шийд гарсан” хэмээн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Б.Батбилэг хэмээх эрхэм хэлжээ.  

Энэхүү бохир заваан орчинд амьдарч буй айлуудыг  судлаад үзэхэд ихэнх нь идэр залуу насандаа Арьс ширний үйлдвэрт ажиллаж байсан ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд,  эмзэг бүлгийнхэн, өрх толгойлсон эмэгтэйчүүд байхын дээр амьдралын төлөө зүтгэж буй залуус ч байна. Удахгүй 40 айл тав тухтай сайхан байранд орно гэх мэтчилэн УИХ-ын гишүүд, нийслэлийн дарга нар телевиз, хэвлэл мэдээллээр рекламдаж, шинэ байранд  40 айлыг оруулж амьдрах нөхцөл ахуйг нь сайжруулна хэмээн мөн ч их шоудацгаажээ.

“Сонгуулийн өмнөхөн л ийм төсөл хэрэгжүүлэх гэж байгаа гээд л хам хум л баахан санал аваад хурал хийгээд байшин барих үйл ажиллагаа эхэлсэн дээ” хэмээн энэ байрны оршин суугч Д ярьж байлаа. Иргэдийнхээ  төлөө хорооны Засаг дарга н.Ганболд  гэх залуу гүйсэн ч үр дүн нь хангалтгүй, тэр залууг ч ажилгүй болгож мэдэх нь байна гэж нэрээ хэлэхээс татгалзсан өөр нэгэн иргэн үг дайлаа. “40 айлын орон сууцанд гаднаас ямар нэгэн нөлөө орох шинжтэй гэсэн үнэн худал мэдэгдэхгүй яриа гараад эхэлмэгц бид холбогдох хүмүүсээс асууж эхэлсэн.

Caption

Жишээ нь, Сү.Батболдыг  дарга байхад энэ талаар магад­лан асуу­сан байдаг. “Яаж төлөвлөсөн түүгээрээ л орно” гэж  хэлсэн. Түүнээс хойш хэд хэдэн удаагийн иргэдтэй уулзах уулзалтынх нь үеэр манай тойргоос гарсан УИХ-ын гишүүд, бусад эрх мэдэлтнүүдтэй уулзах үеэр олонтаа магад­лан асууж бай­гаа. Гэтэл одоо болохоор байдал өөрөөр эргэж иргэдийн сэтгэл зүйгээр Б.Батбилэг дарга тоглож байна. Өнгөрсөн гуравдугаар сард  эдгээр байрны түлхүүр уг ажлыг гардан гүйцэтгүүлсэн Гэр хорооллын дэд бүтцийн  газрын хэлтсийн дарга н.Даваадулам гэдэг эмэгтэйн сейфинд байсан.

40 айлын орон сууцны түлхүүр бэлэн байсан хэр нь төр мэдэлдээ авсан гэх 20 айлын асуудлаас болоод өнөөдрийг болтол орох ёстой иргэд нь байр савандаа орж чадахгүй  хүлээгдэж байна” хэмээн “Яармагийн шинэчлэл” сууц өмчлөгчдийн холбооны дарга Д.Баярмаа ярилаа. Төсөл бүрэн хэрэгжиж  цаашид бусад байрнуудын нөхцлийг сайжруулна гэж бусад иргэд харж хүлээлт үүсээд байгаа. Энэхүү шинээр баригдсан байранд 10,12 дугаар байрны иргэд орчихвол 12 дугаар байрыг буулгаад суурин дээр нь яг үүнтэй адил байр баригдаж 9 ба 11 дүгээр байрныхан орж гэмээд хорооны иргэд төвлөрсөн халаалт болоод усан хангамжтай, 00-ын өрөөтэй тохилог сайхан байранд амьдарна.  

Нийслэлд амьдардаг атлаа “баасан” дундаа амьдарч байгаа нэг хэсэг иргэдийг балчиг дотроос гаргамаар байна. Сонгогчдынхоо итгэл найдвар болж сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүн Л.Болд та байдлыг газар дээр нь ирж харсан хүний хувьд анхаарлаа хан­дуул­на уу хэмээн сонгогчид танд үг дайлаа. Б.Батбилэг та хэлсэн ярьс­наасаа ухарч, эгэл жирийн ир­гэдээрээ даажиг­нахаа боль.