ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Иргэдийн ухамсаргүй байдлаас үүдэж эх орон минь шатаж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-04-14

Өвөлдөө цасгүй, хавартай хур бороо багатай байгаагаас үүдэж, энэ жил бүх нутгаар хуурайшилттай байгаа. Үүнийг Онцгой байдлын ерөнхий газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас бүтэн хоёр сарын хугацаанд сануулж, хөдөө гадаа явахдаа тамхины ишээ хаяхгүй байх, шүдэнз гал болж өгвөл хэрэглэхээс татгалзах талаар сануулсан. Бүр уриалга хүртэл гаргаж, хэвлэл мэдээллээр ч хангалттай сурталчилгаа явлаа. Гэсэн ч мэдээлэлд хамгийн ойрхон байдаг нийслэлийн иргэд энэ сануулга, анхааруулга, сурталчилгаа мэдээллийг тоож ч үзсэнгүй. Хаврын улирал эхэлснээс хойш хүний буруутай үйлдлээс болж өчнөөн хөрөнгө мөнгө зарлагадан гал унтрааж, иргэдийн эд хөрөнгө хүртэл сүйдлээ.

Тухайлбал, энэ сарын 02-нд мухар сүсэгт автсан хоёр эмэгтэй Богд хан уулын Хүрэл тогоотын аманд арц уугиулж байгаад гал алдсан байдаг. Улмаар хэргийн газраас зугтах гэж байхад нь тэднийг байгаль хамгаалагч нь зогсоосон бөгөөд урьдчилсан байдлаар 50 сая төгрөгийн торгууль ногдуулсан билээ. Тэгвэл энэ долоо хоногийн амралтын өдөр хоёр ч газар их хэмжээний гал гарлаа. Богд хан ууланд дахиад гал гарсан бол хашааныхаа шар өвсийг шатааж байгаад гал алдсан иргэнээс болж Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Гоодойн аманд гал гарч, 10 гаруй айлын зуслангийн байшин, хоёр гэр юу ч үгүй шатжээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын албан хаагчид шуурхай очиж галыг унтраагаагүй бол дахиад хэчнээн айл эд хөрөнгөөрөө хохирох байсныг таашгүй. Өөр нэг эх сурвалжийн хэлж буйгаар хашаагаа гагнаж байгаад оч үсэргэснээс гал түймэр гарсан байж ч магадгүй юм байна. Энэ мэтээр дандаа иргэдийн хайхрамжгүй байдлаас болж хэдэн зуун сая төгрөгийн эд хөрөнгө шатаж, мөн эх орон минь шатаж, үнс нурам болж байна. Ууланд битгий алх гэж уриалаад байхад гарна.

Татсан тамхиныхаа ишийг хаа хамаагүй шиднэ. Мухар сүсгээ гэр орондоо үйлд гэж байхад л ууланд гарч арц уугиулна. Өөрийнх нь хашаа гоё байвал өрөөлийнх нь хамаагүй гэсэн аминчхан үзлээс болж шар өвсөө шатаах нэрээр гал алдана. 2019 он гарснаас хойш шар өвсөө шатааж байгаад гал алдсан гэх дуудлага Онцгой байдлын Ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Нийслэлийн Гал түймэртэй тэмцэх хэлтэст 30 гаруй ирж, тухай бүр нь галыг унтраажээ. Ийм арчаагүй, амиа хувиа хичээсэн байж болох уу. 2019 оны эхний гурван сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 1.200 удаа гарч, 3.3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 20 хүн нас барж, дөрвөн хүн түлэгдэж гэмтэн 58 толгой мал хорогдож, 555 гэр орон сууц шатжээ. Дандаа хүний буруутай үйлдлээс энэ бүх хохирол гарсан.

Дөнгөж өчигдөрхөн зуслангийн байшин шатаж, иргэдэд сануулсаар байхад л өнөөдөр 12.00 цагийн үед “Шадивлан” зусланд дахин гал гарлаа. Иргэд мөн л шар өвсөө шатааж байгаад гал алдсан байж магадгүй гэж үзэж байгаа гэнэ. Хэргийг цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ. Нийт зургаан айлын байшин галд өртсөнөөс гурав нь юу ч үгүй шатжээ. Сүүлийн үед гарч байгаа галын дуудлагууд дандаа хүний буруутай байдлаас болж байгааг албаны хүн дахин мэдэгдэж байна.

Бид яагаад ийм хариуцлагагүй юм бэ. Дахин, дахин сануулсаар байхад л өнжмөл өвс шатааж, эсвэл татсан тамхины ишээ хаядаг, гагнуур хийж оч үсэргэдэг асуудал давтагдсаар байх юм. Эх орноо юу ч үгүй түймэрдэж дуусгачихаад л ухаарах гээгүй юм бол иргэн бүр хичээж, мэргэжлийн байгууллагуудын үгэнд нэг удаа ч болтугай орооч гэж гуйя.