ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхэд осолд өртөхгүй гэх баталгаа алга

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-03-10

НИТХ-ын Тэргүүлэгчдийн  2015 оны 10 дугаар сарын 16-ны хуралдаанаар  “Сургуулийн эргүүл”-ийн ажиллах журмыг хэлэлцэн баталсан. “Сургуулийн эргүүл” нь нэг удаад дөрвөн эцэг, эхийг эргүүлд гаргаж хоёр эргүүл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах. Хоёр нь сургуулийн ойр орчимд хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэх үүрэгтэй аж. Мөн тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага сургуулийн удирдлага, эргүүлд ажиллаж байгаа сурагчдын эцэг, эхэд мэргэжил, аргазүйн дэмжлэг туслалцаа үзүүлж, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэлд шуурхай үүрэг гүйцэтгэж ажиллана гэжээ.

Түүнчлэн сургуулийн орчинд “Сургуулийн эргүүл­ийн” үүрэг гүйцэтгэж байгаа иргэнд ажил олгогч байгууллага цалинтай чөлөө олгоно хэмээн заасан байдаг. Энэ журам мөрдөгдсөнөөр дөрвөн жил үргэлжилж байгаа “School police” буюу сургуулийн эргүүл хэвшил болсон гэхэд болно. Нийслэлийн сургуулиуд сургуул­ийн эргүүлийг тогт­мол сайн ажиллуулж байгаа тул гэмт хэрэг, замын осолд бага насны хүүхэд өртөх нь багассан гэж Цагдаагийн байгууллага мэдэгддэг. Дээрх журмыг сургуулийн захиргаа биш эцэг, эхчүүд сайн мөрдөж байгаа гэхэд болно. Үр хүүхдээ гэж санаа зовохгүй эцэг, эх үгүй.

Тэдэнд нэг өдөр цалинтай байна уу үгүй юу хамаагүй. Харин сургуулиас гаргаж өгсөн хуваарийн дагуу жилдээ нэг удаа эргүүлд гарах нь үүрэг гэж үздэг. Бүр хариуцлагатай гардаг гэдгийг энэ сарын 6-ны өдөр “Ирээдүй” цогцолборын хоёрдугаар дунд сургуулийн орчим миний бие сургуулийн эргүүлд гарахдаа мэдэрлээ. “Манай анги” 44 хүүхэдтэй. Бид дөрөв сүүлийг нь мушгаж байгаа ажээ. НИТХ-ийн баталсан журмаар бол бид дөрөвийн хоёр нь тус сургуулийн арын зам дээр /”Өнөр” хорооллын ар талын авто зам/ үлдсэн хоёр нь сургууль орчимд өдрийн 12:00 цагаас үдшийн 19 цаг 30 минут хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгэх ёстой. Бид цагтаа цуглаж, сургуулийн нийгмийн ажилтнаас заавар авч, цагдаагийн хатаазаа өмсч, эрээн модоо бариад гарлаа.

Нийгмийн ажилтан “Арын замын хоёр гарц байгаа тэнд хоёр хоёроороо зогсоорой. Энэ замыг л сургууль цуглах тарах үед сайн анхаарах хэрэгтэй. Осолтой зам.Өдрийн цагт сургууль дотор болон гадна орчинд эргүүл хийнэ” гэсэн үүрэг өгсөн болохоор бид хуваагдан зам руугаа явлаа. Хүүхдүүд ганц нэгээрээ хичээлдээ цувран ирж байна. Гарцаар зарим нь гарахгүй хэнэггүй алхана. Дуудаж цагаан шугаман тэмдэглэгээтэй гарцаар гаргах гэж нэлээд сүртэй юм болов. Үг хэлэхэд тоож байгаа үгүй нь мэдэгдэхгүй дүүхэлзээд л “халуун ялаархаж дүүнгэтсэн үхэр адил” харагдав.

Мөн жолооч нар яасан их хурдан давхидаг юм. Гарц байгаа, хүүхэд гарч байна гэдгийг бараг мартчихсан юм шиг ээ. Нэг залуу гарцаар гарч байгаа хоёр жаахан хүүхдэд бараг тулаад зогсов. “Хүүхэд гарч байна шүү дээ. Зогчих л доо” гэтэл “Тулж зогсвол сайхан байдаг юм” гэв. Гэтэл нэг хижээл насны эмэгтэй хүүхдээ хөтлөөд гарцгүй газраар зүтгэсээр байгаад зам гарчихав. “Гарцаараа гараач” гэтэл “Сурчихсан юмаа” гэчихээд хэнэг ч үгүй яваад өгөв. Ер нь эцэг, эхчүүд хүүхдээ чирээд гарцгүй газраар зүтгэх нь их юм. Ингэж үлгэрлэж байгаа болохоор хүүхдүүд нь гарцаар яаж гарах вэ дээ гэсэн бодол тээн 14:00 цаг хүртэл зам дээрээ “ноцолдлоо”.

Хичээл эхэлсэн болохоор нам гүм болов. Автомашинууд ч уралдаж байгаа мэт замаар хурдалсаар... Бид сургуулийнхаа орчимд цуглан ярилцлаа. Б.Мөнхшүр: - Би зургаан жил сургуулийн эргүүл хийж байна. Хүүхдийнхээ төлөө жилдээ нэг удаа зам дээр зогсоход болохгүй юм байхгүй. Гэхдээ манай жолооч нар их соёлгүй юм. Хүүхэд гарцаар гарч байхад зогсох их дургүй байдаг. Зөвхөн өөрийгөө л бодох юм. Хүн чинь нийгмийнхээ төлөө, өрөөлийн төлөө амьдардаг шүү дээ.

Гарцаар гарч яваа хүүхдийг хэдхэн хором зогсоод өнгөрөөх сэтгэлийн тэнхээ жолоо барьж яваа хүмүүсийн ихэнхэд нь дутагдаж байна. Ганц хоёрхон хормоо харамлаж байж нөхөж болшгүй гарз учрахыг үгүйсгэх аргагүй гэв. Харин Ү.Дэмбэрэл: -Хүүхдийнхээ төлөө хүн болгон л сургуулийн эргүүл хийж байна. “Өнөр” хорооллын арын зам их эвгүй газар. Энд хурд сааруулагч л тавих хэрэгтэй. Жолооч нар зогсох дургүй шүү дээ. Мөн энэ олон гараажуудыг бүгдийг нь буулгах хэрэгтэй. Тэр хойно шил лааз авдаг цэг хоёр ажилладаг.

Архичид тэнд түүсэн лаазаа тушаагаад хэдэн төгрөгтэй болчихоод энэ олон гарааж дунд архидаж, ил задгай бие засдаг. Орой болохоор энэ хавь харанхуй учраас дээрэм их гардаг. Би одоо болтол охиноо /зургадугаар анги/ зөөж байгаа. Эмэгтэй хүүхэд болохоор айгаад байх юм гэлээ. Эцэг, эхчүүд ийнхүү ярьж байна. Энэ хоёрхон хүний яриа манай нийгмийн дүр зургийг тодоос тод илтгэх шиг санагдана. Тийм ээ хүн болгон л ийм айдас өвөрлөж явна. Дөрвөн эргүүл маань ийнхүү хүүрнэн сургуулиа тойрч явтал нэг л мэдэхэд хичээл завсарлах болчихжээ. Тус сургуулийн сүүлчийн хонх 18 цаг 50 минутад дугардаг юм байна.

Харин хүүхдүүд  19 цаг 20 минут гэхэд л хэсэг хэсгээрээ гэр рүүгээ ганц нэг алхах аядаж эхлэв. Тэд явах их дургүй байгаа бололтой. Дэлгүүр хэснэ. Хэсэг ярьж зогсоно. Зарим нь цүнхээ газар овоолж хаячихаад л тоглоно. Ингэж байтал харанхуй болж үдшийн гэгээ тасарлаа. “Өнөр” хорооллын арын замын гэрэл асдаггүй. Таг харанхуй. Хүүхдүүд харанхуй боллоо гэсэн үү харихаар шийдэн яарч байгаа бололтой цувж эхлэв. Гэтэл машинуудыг нь зогсоох гэж ёстой үйлээ эдэлнэ гэдэг шиг л юм болов. Зогсч өгөхгүй юм.

Бид хоёрын нэг нь замын голд зогсч байгаад нөгөө нь дагуулан зам гаргаж, зарим машиныг нь бүр биеэрээ хүртэл хааж байж зогсоов. Ер нь энэ зам дээр хүн явж байна гэдгийг мэддэг жолооч тун ховор бололтой юм. Иймэрхүү л адал явдал дүүрэн хуйсагнуур салхитай нэгэн өдрийг үдлээ. Сэтгэл минь ч ороо бусгаа хуйсагнуур харилаа. Монголын минь ирээдүйн гал голомтыг манах үрс маань ямар их аюул дунд алхаж явна вэ гэхээс сэтгэлийг минь урах шиг болно. Зовлонг хүн биеээрээ туулж байж мэдэрдэг гэдэг дээ.

Тэгвэл бяцхан үрсэд маань тохиолдож болзошгүй замын осол аюулыг найман цагийн хугацаанд биеэрээ мэдэрлээ. Монголчуудын хамгийн их зорчидог ОХУ-ын Улаан-Үүд хотод явган хүн авто зам дээр /гарцгүй газар байсан ч хамгаагүй/ хөл тавьж харагдвал алсад яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасч, дөхөж ирээд зогсдог. Түүнийг хэн ч эрээн модоор зогс гэж дохидоггүй. Харин манайд гарцаар гарч яваа хүүхдийн аль нэг зайгаар нь хурдан гарчихая гэж улам хурдаа нэмэх нь хачирхалтай. Нийслэлчүүд аз жаргалтай хот гэж мөрөөдөж суухаар аюул, осолгүй хот болохын төлөө хүн бүхэн сэтгэл, оюунаа чилээх хэрэгтэй юм шиг санагдана.