ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сар шинийн гоёо 15 мянгаас 10 сая төгрөгийн үнэтэй байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-01-17

Уламжлалт сар шинийн  баяр дөхсөн энэ үед худалдааны төвүүдийг  зорьж буй иргэдийн  хөл  хөдөлгөөн  нэмэгджээ. Энгийн өдрүүдэд үдээс өмнө “Нарантуул” ху­далдааны төвд очиход эл  хуль байдаг. Харин өнгөрсөн лхагва гарагийн өглөө үндэс­ний хувцасны үнэ,  заг­вар, чиг хандлага ямар  бай­гааг сурвалжлахаар очиход ёстой л бум  бужиг­наж, түм түжигнэсэн их  хөлийн  газар угтав. Нийслэл гэлтгүй,  хөдөө орон  нутгийн  иргэдийн цуваа хөвөрсөөр. Захын төв хаалганаас эхлээд үүдний гол хэсэг, “Баялаг  ундраа” төвийн урд талбай зэрэг зай завсар бүрт баярын бэлэгний бараанууд өржээ.  Сар шинийн баяр болоход бас ч гэж хэд хоногийн зай байгаа болохоор иргэдийн  сонирхол малгай, дээл, гутал  зэрэг үндэсний хувцасны лангуунд  төвлөрсөн харагдав.  Монголчууд уламжлалт  баяр ёслолоор үндэсний хэв шинжийг агуулсан дээл,   хувцсаар  гоёдог  болсны нэг илрэл болов уу.  Сар шинийн гоёлоо  базаах  олны дундуур явсаар үндэсний хувцас төвлөрсөн эхний хэсэгт  очив.  Үнэ ханш,  загвар  хийц асуусан  худалдан авагчдийн  шуугиан их, бараагаа  тайлбарлаж, борлуулах гэсэн худалдаачдын зав ч тун бага байлаа.  Худалдаачдын лангууг сонирхож, үнэ ханш асууж явахад  дотооддоо үйлдвэрлэсэн үндэсний гар урлал,  хэв шинжийг агуулсан  дээл, гутал, монгол цамц, бүс зонхилж, урд хөршид үйлдвэрлэсэн  гэх тодотголтой үндэсний хувцас энд маш ховор байсныг дурдъя. Хятад, Оросоос ихэвчлэн  зарим тоноглол, туслах  материалуудаа оруулж  ирдэг. Харин бүтээгдэхүүн  болгож гаргахдаа дотоодын  үйлдвэр  цехүүд  өөрсдөө үйлдвэрлэж байгааг худалдаачид ч хэлж байна. Мөн  тэд  хэлэхдээ “Иргэд үнэтэй байна гэх  юм. Бид дээл, гутал, бүс,  малгайгаа жилийн дөрвөн  улиралдаа зарах  боломжгүй, улирлын чанартай борлуулах  боломж гардаг. Мөн нарийн оёдол,  ажиллагаа их  ордог учраас ийм  үнээр  борлуулж  байгаа” гэлээ. 

 

Булган оруулгатай, тод  өнгийн дээлнүүд зонхилжээ

Монгол түмний нэрийн  хуудас болсон үндэсний дээл “Нарантуул”  худалдааны тө­вийн лангууг өнгө загвараараа чимжээ. Энгийн монгол дээлний загвартай, булга болон таримал  үсэн оруулгатай, тод өнгийн  дээлнүүд зонхилж байв. Дээлний үнийн  хувьд материал, загвар,  дотортой  доторгүйгээс хамаараад  харилцан  адилгүй байна. Булган оруулгатай,  дэгжин хээнцэр  загвартай энгийн дээлнүүдийг  190-200 мянган  төгрөгөөр  зарж байв.  Харин  булган оруулгагүй,  хийц сайтай энгийн дээл  180 мянган төгрөгийн ханштай байна. Дээлний хамгийн  доод үнэ 120 мянга, харин  монгол загварын нимгэн  цамцнуудыг мөн л материал, гоёл  чимэглэлээс хамаараад 40-120 мянган төгрөгний хооронд худалдаалж байв. Сүүлийн  үед  гэр  бүлийн  гангараа болоод буй хос дээлүүд 380-550 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Харин хүүхдэд зориулсан дотортой, хантаазтай хос дээл 120-130 мянган төгрөг, цамцнууд  дунджаар 40 мянган  төгрөг болжээ. Бид дээл сонирхож буй иргэнээс сэтгэгдэлийг  нь  сонссон юм. Худалдан авагч Б.Ганболд   “Дээл их үнэтэй байна. Уг нь  монгол  эмэгтэйчүүд нөхөр,  үр хүүхдийнхээ дээлийг өөрсдөө эсгэж,  оёдог  байсан. Даан ч энэ уламжлал  үгүй болж.  Гэхдээ ганц дээдэлдэг  баяраараа үндэсний хувцсаа өмсөж  байгаа нь  сайн  хэрэг  гэж би ахмад  хүний хувьд  бодож байгаа. Хүүхдүүд  дээл авч өгнө гэхээр нь  эхнэр  бид  хоёр үнэ судлаад  явж байна. Гоё ганган дээлнүүд их  байна” хэмээн ярьсан юм.  Дээлийг зөвхөн торгоор хийдэг гэсэн хандлага сүүлийн үед багасчээ. Өөрөөр хэлбэл, биед эвтэйхэн байдлыг бодож энэтхэг торго, солонгос даавуу, пүүсүүгээр дээл, монгол цамц хийлгэх нь түгээмэл болж. Эдгээр нь эдэлгээ удаантай байдаг учраас хү­мүү­сийн со­нир­холд их нийц­дэг ту­хай худал­даачид  хэлж  байлаа. 

 

Хамгийн  үнэтэй малгай 1.2 сая  төгрөг 

Дээлэндээ тааруулж өмсөх малгайнууд хиймэл  таримал үснээс эхлээд чанартай булга,  халиу,  минж, илбэнх зэрэг амьтны үсээр  хийсэн  загварууд  байна.  Хамгийн  хямд  буюу  хиймэл  үстэй лоовуузан  малгай 15- 80 мянган  төгрөг, цэвэр  булган  үсээр хийсэн малгай 220-270 мянган  төгрөгний хооронд  хэлбэлзжээ. Энэ  нь  мэдээж  загвар, оёдлоосоо  шалтгаалж буй. Өөрөөр хэлбэл,  ширээсэн оёдолтой булган лоовууз 250 мянган төгрөг байгаа бол, ширээсгүй энгийн  оёдолтой нь 220 мянган төгрөгөөр худалдаалагдаж байх жишээтэй. Энгийн  булган малгай загвараасаа шалтгаалаад 170-220  мянган  төгрөгөөр  тус тус иргэдийн  гарт хүрч байна. “Нарантуул”  Олон улсын худалдааны төвийн худалдаачин “Цагаан сар  дөхөөд  иргэд  малгай худалдаж авах нь ихэссэн. Энгийн үед булган малгай өдөрт тав орчмыг зардаг  байсан. Харин сүүлийн үед өдөрт 10-15 ширхэгийг  борлуулж байна. Хүмүүс ихэвчлэн булган үстэй лоовуузан малгай авч байгаа. Манайд худалдаж байгаа хамгийн үнэтэй нь 1.2 сая   төгрөгийн үнэтэй минжний үсээр  хийсэн малгай бий. Бид урдаас булга, минж, халиу,  илбэнхний үс,  арьсыг  авчраад гэрээрээ бүх  төрлийн малгайгаа үйлдвэрлэдэг. Булга мэт  харагддаг хиймэл үсээр ч хийж  байна. Энд  байгаа худалдаачид  бүгд л  адилхан” хэмээсэн юм. Халиуны үсээр хийсэн лоовуузан малгай 300, илбэнхний үсээр  хийсэн малгай 280, үнэгэн  малгайнуудыг дунджаар 80 мянган төгрөгөөр зарж байна. Булган үс хүүхдэд  хүндэддэг    эртний уламжлал  байдаг  учир хиймэл  үсэн  малгай зонхилжээ. Залуу хүмүүсийн гоёо  болдог  бүрх  малгайг  сонгох  иргэд  цөөнгүй байлаа.  Монголдоо  үйлдвэрлэсэн нимгэн  бүрх  малгай  эрэгтэй эмэгтэй ялгаагүй, дунджаар 30  мянган  төгрөгний үнэтэй байгаа бол урд хөршөөс оруулж ирсэн бүрх  малгайны  дундаж үнэ 60 мянган төгрөг  байна. Чанарын хувьд ялгаагүй,  харин  герман, орос бүрх  малгайнууд илүү чанартайгаар 80 мянгаас  дээш үнээр худалдаалагдаж байв. 

 

Дээлний чимэг монгол бүс,  гутал дундаж үнэтэй байна

Дээлний хамгийн чухал  гангараа нь мэдээж бүс байдаг. Эрчүүд дурдан  бүснээсээ татгалзаж мөнгөн,  аралтай тоногтой ширэн  бүсийг  түлхүү  сонирхдог  болжээ. Мөнгөн тоногтой бүс хийц, орцноосоо  шалтгаалаад  хамгийн  дээд үнэ нь арван сая төгрөг  байна.  Мөнгөн бүсийг ихэвчлэн үнэт эдлэлийн дэлгүүр болон эртний эдлэлийн  дэлгүүрт  худалддаг учир “Нарантуул”  худалдааны төвд ховор  байлаа. Харин  полиус буюу цалин цагаан  мөнгийг орлуулдаг металаар  тоноглосон чамин хийцтэй,  өргөн  нарийн ширэн бүснүүд  элбэг  байв. Үнийн  хувьд дан ширтэй нь 45, давхар  ширээр  урласан бүс нь дунджаар 70  мянган төгрөгний ханштай байгаа юм. Харин  эмэгтэй ширэн бүс 25 мянган  төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол, мөнгөн аралтай эмэгтэй бүс 700 мянгаас  дээш  үнэтэй аж.  Монголчууд  бидний нүүдэлчин соёл, уламжлалыг илтгэх өөр  нэг  үндэсний хувцас бол гутал.  Монгол  гуталны хээ  угалзны тоо,  хэмжээг  харж тухайн хүнийг хэд орчим  настай гэдгийг шинждэг ард түмэн. Өөрөөр хэлбэл,  монгол  гутал 8-64 угалзтай,  цулгуй гэж байдаг. Залуу хүн төдийлөн  олон  угалзтай гутал  өмсдөггүй, 40 угалзтайг ахмадууд, 64 угалзтайг  өндөр  настан  өмсдөг  аж.  “Нарантуул”  худалдааны төвд ч монгол гутал янз бүрийн  хээ угалзтайгаар байна. Тодруулбал, 32 угалзтай монгол гутал 200-250 мянган  төгрөгний үнэтэй  байгаа бол,  64 угалзтай гутал дунджаар 270 мянган төгрөгний үнэтэй  аж. Монгол үндэсний гуталнаас гадна хромон  гутлыг дээлэндээ тааруулж өмсөж заншсан билээ. ОХУ-аас орж ирсэн хромон  гутал размер хэмжээнээсээ шалтгаалан 350-650 мянган  төгрөг, харин  дотооддоо  үйлдвэрлэсэн орос хромтой, монгол  улалгаатай гуталнууд 120 мянган  төгрөгний үнэ ханштай байна.