ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гараагүй байгаа шийдвэрийг улстөржүүлэх хэрэгтэй гэж үү, үйлдвэрлэгчид ээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-29

Үндэсний томоохон хүнс үйлдвэрлэгч компани тавгийн ул боов, бялуу зэргийг тонн тонноор нь хөлдөөж орхиод, худалдаанд гарах өдрөө он сар тавиад явуулдаг тухай үйлдвэрт ажиллаж бай­сан найзаасаа сонсчихоод чихэндээ итгээгүйсэн. Хиамны худалдагч хийж байсан танил эгч он сар өөрчлөх нь худалдахаас хэцүү хэмээн ярьж байсныг сонссоноос хойш хиам­ны хэрэглээгээ нэгмөсөн цэгцэлж байв. Өглөө бүр шинэхнээрээ хэрэглэгчийн сагсанд очих ёстой хүнсний бүтээгдэхүүний тухай итгэмээргүй зүйл олон яригддаг ч үндэсний үйлдвэрлэгчдээ өмөөрч зогссон нь олон. Гэвч, дэлгүүрийн лангуун дээр “ирээдүйд” үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалах болсон энэ цагт тэдэнд итгэх итгэл бага багаар алдарч эхэлж буйг нуух юун. Тэгвэл үйлдвэрлэгчдийн түгээлтийн машиныг өдрийн цагаар зам тээврийн хөдөлгөөнд оролцуулахгүй байх тухай яриа гарахтай зэрэгцэн өглөө бүр талхаа халуунаар нь хүргэж чадахгүйд хүрлээ хэмээн эсэргүүцэж эхлэв, тэд. МҮХАҮТ-тай нийлж байгаад төв талбайд түгээлтийн машины эсэргүүц­лийн жагсаал зохион байгуулах талаар ярьж, улстөржиж эхэлжээ. Үнэхээр л өглөө үүрээр үйлдвэрлээд хэрэглэгчийн гарт хүргэдэг бол ярих юм алга аа.

Бялууны цех шөнөжин ажиллаж, аравдугаар сарын 29-ны өглөө хэрэглэгчид очих бялууг үйлдвэрлэдэг бол асуудал огтхон ч байхгүй дэмжинэ. Гэвч начир дээрээ тийм биш гэдгийг тэд бас бид ч мэдэж байна. Тийм байхад гараагүй шийдвэрийн төлөө улстөржиж, өглөө үдэш­гүй улстөржсөн эсэргүүцэл явуулаад байгааг дэмжээд сууж чадахгүй нь. Гараагүй шийдвэр хэмээн тодотгосны учир нь, өнгөрөгч тавдугаар сарын 28-нд НИТХ-аас замын түгжрэлийг бууруулах чиг­лэлээр 70 дугаар тогтоолыг гаргасан байдаг юм. Энэхүү тогтоолд ганцхан түгээлтийн машины цагийг хязгаарлах талаар тусгаагүй. Ерөөс замын түгжрэлийг бууруулахын тулд гарц гаргалгаа юу байгааг судалж, нэгдсэн шийдвэр гаргахыг чиглэл болгосон юм билээ. Өглөө ажлын цаг, сургууль, цэцэрлэгийн цуглах цагтай давхцан түгээлтэд гарч байгаа машинуудыг үүрээр түгээлтэд явуулах, мөн ЕБС-иудыг автобустай болгох, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, орон сууцны орц гарцыг хаасан хашаа хайсыг буулгаж, зам чөлөөлөх, тодорхой цаг хугацаанд урсгалыг нэг чиг болгох, ЕБС-иудад замын хөдөлгөөний чиглэлээр хичээл сургалт явуулах, жолооны курсуудын сургалтад замын хөдөлгөөний соёлын талаар мэдээлэл өгөх, нийтийн эзэмшлийн талбайг сайн дураараа зогсоол болгон ашиглаж байгаа иргэд, аж ахуйн нэгжид хариуцлага тооцох  зэрэг зохицуулалт­ыг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгожээ. Энэ бүхнээс судалж үзсэний дүнд хамгийн үр дүнтэй, хэрэгжих боломжтойг нь шийдвэр болгож гаргахыг Хотын дарга Су.Батболдод даалгасан юм билээ.

Тэгэхээр түгээлтийн машиныг хориглох шийдвэр гараагүй гэсэн үг. Хотын дарга судалгаа явуулж байгаа бөгөөд заримыг нь туршилтаар хэрэгжүүлж эхлэв. Зам чөлөөлөх ажил эрчимтэй хийгдэж, явган хүний зам хааж, хашаа барьсан олон аж ахуйн нэгжийн шат, байрыг албадан буулгасан нь иргэдийн талархлыг хүлээв. Өөрийнх нь явах урсгал түгжрэлтэйг мэдсэн атлаа уулзвар луу нэвтэрч, түгжрэл үүсгэдэг асуудлыг цэгцлэх үүднээс “Шар дөрвөлжин” буюу “yellow box”-ийг хэрэгжүүлж эхэллээ. Мөн л тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч байна. Энэ мэтээр их хотод амьдрах энгийн л дадлыг хэвшүүлж, дүрэм журмаар зохицуулахад замын түгжрэл тодорхой хэмжээнд буурч байгаа нь худлаа биш л дээ. Гэтэл түгээлтээ хийж л байвал хотын түгжрэл буурах эсэх нь хамаагүй гэсэн аминчхан үзлээр хандаж, эцэслэж гараагүй шийдвэрийг улс төрийн зорилготой эсэргүүцэж, жагсаал цуг­лаан хийнэ гэх мэтээр сүрдүүлж байгаа нь зохисгүй байна, үйлдвэрлэгчид ээ. Хэрэглэгчийн эрх ашиг нэг номерын асуудал мөн үү гэвэл мөн. Үүнийг ойлгохгүй хүн байхгүй. Бид ч шинэхэн хүнс идмээр байна. Хөлдөөсөн биш өглөө эртлэн хийсэн бялуу идмээр байх юм. Хоёр гурав хоночихсон өндөг шарж суухыг хэн ч хүсэхгүй. Тиймээс хэрэглэгчиддээ цоо шинэхэн талх, өглөө нь үйлдвэрлэсэн бялуу, өндөг хүргэхийн тулд яаж ажиллах вэ гэдгээ олон нийтийн сүлжээгээр сүржигнэж, улстөржүүлж бус орж суугаад ярих ёстой биз дээ. Хэвлэлийн хурал хийж, жагсаал цуглаанд уриалж байснаас хотын даргатай орж уулзаад гарц шийдэл ярихад болохгүй зүйл огт алга.

Үндэсний үйлдвэрлэл хэдийгээр хувийн хэвшлийнх байсан ч гэсэн та бүхний өмнө нийгмийн хариуцлага гэдэг зүйл байдгийг мартуузай. Нэг түгээлтийн машиныг чинь зургаан жижиг машин болгож хөдөлгөөнд оруулна гэсэн “жижигхэн” сүрдүүлгээс илүү жаргал зовлонгоо ярилцаад, гарц шийдэл яриад сууж байвал илүү дээр байх юм. Нөгөөтээгүүр, амархан муудах хүнсний түгээлтээ өдрийн цагаар хийгээд саван вок, шампунь зэрэг импортлогч компаниудаас сүлжээ дэлгүүрүүдэд хүргэдэг бараа бүтээгдэхүүн түгээдэг машинуудыг хязгаартай буюу орой 20.00 цагаас хойш замын хөдөлгөөнд оруулах гэх мэтээр гарц гаргалгаа олон байгаа. Түгээлтэд гарч байгаа 884 машин, түүнээс бараа авдаг 7800 хүнсний дэлгүүрийн эздийг энд буруутгах гэсэнгүй. Гагцхүү шийдвэр болж гараагүй зүйлийг улстөржүүлэх хэрэг байгаа юм уу. Хатуухан хэлэхэд, хөлдөөсөн бялууг өглөө, орой түгээхэд чанарын ялгаа гарах юм болов уу даа. Эсэргүүцсэн шиг ээ, ярьсан шиг ээ өглөө бүр шинэхэн хүнсээр биднийг хангаарай гэж хүсье. Өглөө түгээдэг цагаа ердөө л 2-3 цагаар урагшлуулчихвал болоод л явчих асуудал. Тэгээд ч ажлын цаг нь эхэлчихээд байхад хүнсний дэлгүүр нь онгойдоггүй, “залхуу” худалдаа эрхлэгчидтэй улс яаж ч хөгжих вэ дээ.