ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тангарагийн эзэд

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-22

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2012 оны тавдугаар сарын 08-нд Дорнод аймгийн Баяндун сумын нутагт гарсан гал түймрийг унтраахаар очсон онцгой байдлын албан хаагчид галын уулганд өртөх үеэр 48 настай Г.Багабиш 23 настай А.Болорсүхийг дарж хэвтэн өөрөө 90 гаруй хувьтай түлэгдэж, улмаар шархаа даалгүй амиа алдаж байлаа. Цэл залуухан нэгэн албан хаагчаа өөрийнхөө алтан амиар хамгаалсан түүний баатарлаг үйлс цагийн эрхэнд бидний дурсамжаас алга болж байх шиг. Жил гаруйн өмнө Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын баазад болсон хээрийн дадлага, сургуулилтын үеэр гранат дэлбэрч, байдал биш болсныг мэдэрсэн ахмад Б. Мөнгөншагай биеэрээ дарж хэвтэн бусдынхаа амийг аварч байлаа. Хэрвээ туршлагатай ахмад ийм шийдвэр гаргаагүй бол дэлбэрэлт 50-250 метр газарт тархаж, багийн бүх цэргүүд нь амиа алдах эрсдэл гарах байсныг тэрхэн хугацаанд шуугиж яриад л мартжээ, бид. Эх орныхоо аюулгүй байдлын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэнэ хэмээн сүлдэт тугандаа өргөсөн тангаргаа ингэж л биелүүлж, бусдын амь насны төлөө өөрийгөө золиосолжээ.

Эрэлхэг хөвгүүд минь дээ. Эх орон, элгэн түмэн чинь та нарыгаа мартаагүй л явна шүү. Хоёр сайхан баатарлаг хүүгээ алдсан тэр өдрүүд их л уйтай байсансан. Цээжин дээр бөглөсөн тэр их уй гашуугаа гадагшлуулж чадахгүй, залгиж ч чадахгүй уймарч, бусдын амь насны төлөө өөрийгөө зольж чадсан залуусынхаа төлөө монголчууд эмгэнэн харуусч байв. Дахиад тийм мэдрэмжийг амсахгүй юмсан, ахиад нэг хүүгээ алдахгүй байхсан гэсэн залбирлыг олон хүн амандаа шивнэсэн билээ. Гэвч орчлон хатуу юм. Хэдхэн өдрийн өмнө дахиад л хоёр “шонхор” тэнгэрт халив. Эх нутгийнхаа энгэрт, ээвэр газрын хөрсөнд дахиад хоёр халуун амь мөнх нойрслоо. Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан энэ сарын 15-нд албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдлаа. Залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан хоёр этгээдийг зогсоохыг оролдож, улмаар машинаас нь зүүгдэж явахдаа унаж хүнд гэмтэл авчээ. Тархиндаа хүнд гэмтэл авч, сэргэх найдвар бага гэсэн хариу авсан ч олон монголчууд нийтээрээ түүний төлөө залбирлаа.

Насан буурал ээж нь цайныхаа дээжийг нулимсаа дотогшоо залгин өргөж, нарт орчлонг хамт туулж явсан хань нь бурханаас түүний амийг тасралтгүй гуйж байв, энэ өдрүүдэд. Өнчирч үлдсэн дөрвөн үр нь ч өглөө үдэшгүй залбирч суусан нь дамжиггүй. “Хагалгаа амжилттай боллоо” гэсэн мэдээлэл гарахад бүгд л сэтгэл уужран амьсгаа авч, баярын сэтгэлээ ч нуугаагүй. Гэвч хагалгааны дараах хүндрэлээ давж чадалгүй нас барсан гашуун мэдээ тэр үдшийн тэнгэр шиг л сэтгэл жиндүүлэв. Эвий дээ. Олон хүн халаглаж, бас харамсаж сууна. Зарим хийтэй нэг нь машиных нь номерыг тэмдэглээд үлдэхгүй дээ хэмээн буруутгаж байх шиг. Гэвч 22 жилийн амьдралаа эх орон, эгэл түмний аюулгүй байдлын төлөө зориулна гэж тангараг өргөсөн албан хаагчаас тийм амиа хичээсэн үйлдэл хэзээ ч гарахгүй ээ. Учир нь тэд тангараг өргөсөн юм шүү дээ. “Монгол Улсын ИРГЭН БИ цагдаагийн албанд орж ажиллахдаа төрийн хуулийг дээдлэн биелүүлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үйл хэрэгт чин шударгаар зүтгэж, шаардлага гарвал амь насаа үл хайрлахаа батлан тангараглая” хэмээн сүлдтэй тугандаа тангараг өргөсөн учраас гэмт хэрэгтнийг зүгээр харж зогсоод явуулж чадаагүй нь тодорхой биз.

Цааш давхиж яваад өөр нэгний амийг хөнөөж, дахиад гэмт хэрэг үйлдвэл өөрийгөө хэрхэвч уучлахгүй гэдгээ мэдэж байсан учраас харж зогсоод явуулж чадаагүй байх. Үлдэж хоцрох дөрвөн үр, халамжит хань, үнсээд үлдсэн эмгэн буурал ээжийнхээ төлөө амьдрах ёстойгоо мэдэж байсан ч эх орон, эгэл иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах тангараг нь түүнээс ч илүү үнэ цэнэтэй байжээ. Уйтай байна. Сэтгэл өвдөж, эмгэнэн харуусч байна. Ээжийнхээ энгэрт тэврүүлээд үлдсэн тэр жаалхан охины өмнөөс, ээждээ түшиг болох дааж давахгүй том ачаа үүрч үлдсэн гурван дэрсхэн хүүгийнх нь өмнөөс, орчлонг хамт туулна гэчихээд орхиод одсон ханийхаа араас “гомдож”, бас бэтгэрч суугаа тэр бүсгүйн өмнөөс уйлмаар байна. Хүний орчлонгоос түрүүлж явсан үрийнхээ төлөө мэгшин уйлж суусан буурал ээжийнх нь өмнөөс нэг л зүйлийг хүсье, та бүхнээс. Д.Батсайхан агсан ажлаа хийсэн юм шүү. Буугаад үлдчихгүй дээ гэж буруутгаж, түүний араас үгийн зэвээр битгий сүлбүүрдээч, монголчууд аа. Тангараг өргөсөн ямар ч хүнээс ийм л үйлдэл гарах байсан юм.

Тиймээс үлдэж хоцорсон гэр бүл, үрээ алдсан буурал эхийнх нь сэтгэлд сэвтэй зүйл битгий яриарай. Орон байрны дэмжлэг өгөхөө амласан Ерөнхий сайдад талархая. Тэтгэмжийг нь өгөхөө амласан цагдаагийн удирдлагуудад ч бас талархах нь зүйн хэрэг юм. Мөрдэс нэгт анд нөхрөө мөрөн дээрээ тавиад эцсийн замд нь үдсэн олон мянган цагдаагийн албан хаагчдын харуусал, зүрхнийх нь шарх эдгэж амжаагүй байна. Тэднийг ч битгий буруутга. Нэг нөхрөө гэмт хэрэгтний гарт алдчихаад байхад дахиад л Булган аймгийн Гурванбулаг суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан залуухан цагдаа зам тээврийн осолд өртөж амиа алдсан харуусалтай мэдээ дуулдав. Малын хулгайн хэрэгт сэжиглэгдсэн гэмт этгээдийг байцаахгүй хорьж, хүний эрх зөрчлөө хэмээн олон нийтийн сүлжээгээр бичлэгийг нь цацсаны дараа залууд асар их дарамт иржээ. Энэ бүхнийг тэсч гарах, цаашлаад орчлонд ирээд нэг сар ч болоогүй бяцхан үрээ эмчлүүлэх гэж бичиг баримт хөөцөлдөж явахдаа зам тээврийн осолд өртөж, амиа алджээ. Дахиад л залуухан бүсгүй бэлэвсэрч, 0-5 насны гурван өнчин хүүхдээ тэврээд хоцорчээ.

Талийгаачийн сар 15 хоногтой бяцхан үр нь шарлалт нь хүндэрч элгэндээ нөлөөлсөн, цөс нь шүүж чадахгүй байгаа гэсэн маш хүнд оноштой ЭХЭМҮТ-д хүргэгдэж иржээ. Цагдаагийн албан хаагчдын ар гэрийнхэн хандив цуглуулж, хүүхдэд нэн шаардлагатай эмчилгээний зардал мөнгийг босгосон ч сумаас сум дамжин ажилладаг эр нөхрөө дагаж явсан бүсгүй өнөөдөр орох оронгүй үлдэж хоцорлоо. Бид хамтдаа байвал юуг ч бүтээж чаддаг даа. Нэгэн сайхан аавыг орон байртай болгож чадсан тохиолдол саяхных. Тэгвэл энэ бүсгүйд ч халуун гараа сунгаж яагаад болохгүй гэж. Тэр цагт дэндүү гомдолтой энэ орчлонгоос буцсан залуугийн сүнс амирлах билээ. Хүний эрхийн төлөө ажилладаг гэх нэгэн өмгөөлөгчийн хийсэн бичлэг залуу гэр бүлийн амьдралыг тэр чигээр нь эргүүлж орхилоо хэмээн ар гэрийнхэн нь гомдолтой яваагаа нуусангүй. Монголчууд минь дээ. Бид дэндүү цөөхүүлээ. Гуравхан сая атлаа нэгнийхээ мууг үзэж, бусдын амьдралыг уландаа гишгэх шаардлагатай гэж үү.

Албан үүргээ гүйцэтгэж яваа цагдаагийн албан хаагчийн ажилд хөндлөнгөөс оролцох эрхийг хэн өгчихсөн юм бэ, тэдэнд. Монгол төр нь тангараг өргөсөн албан хаагчдаа хамгаалъя. Ганцхан цагдаа ч биш цэрэг, онцгой байдалд ч энэ мэт биеэ хамгаалах зэвсэг, техник хүрэлцээгүйгээс олон залуус золгүй байдлаар амиа алдаж байна. Бусдын үхлээс алдаа хайх гэхээс илүү хоёр албан хаагчийн харамсалтай үхэл бидэнд юу ойлгуулав гэдгийг эхлээд ярилцая. Гэмт этгээдүүдтэй улаан гараараа үзэлцдэг цагдаагийн албан хаагчдаа орчин үеийн техник, технологиор хангах шаардлагатай болжээ. Ардчилсан улс орон гэсэн малгайн дор хэн ч юу ч хэлж ярьж болдог, бусдын ажлыг уландаа гишгэдэг замбараагүй байдлыг таслахсан. Дахиад хэлэхэд, тэд тангарагийн эзэд юм шүү. Биднээс ялгаатай зүйл нь тэр. “Өргөсөн тангаргаа зөрчвөөс төрийн хуулийн дагуу хатуу цээрлэл хүлээнэ” гэсэн үгийг олон аавын хүү цэхлэн зогсоод хэлдэггүй учраас л тэднийг хайрлаж, бас хамгаалмаар байгаа юм. Зоригт хөвгүүд минь эх орон чинь та нараар бахархаж байна. Үеийн үед дурсан санах болно оо. Үлдэж хоцорсон үр хүүхэд чинь энэ хорвоод үнэнээр амьдрах нь дамжиггүй. Учир нь олон, олон монголчууд тэднийг чинь хамгаалж, хайрлаж байгаа учраас эх нутгийнхаа энгэрт үүрд өлгийдүүлж, амар амгалан нойрс доо. Ум сайн амгалан болтугай.