ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Сандаг-Очир: Хүний эмийн зөвлөлийнхөн өөрсдөө эм, эмнэлгийн хэрэгслийн бизнестэй

O.Admin
2024-04-15

Эмийн сонсголын үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир асуулт асуухдаа хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг гаргадаг Хүний эмийн зөвлөлийн гишүүд өөрсдөө эм, эмнэлгийн хэрэгслийн бизнестэй хамааралтай хэмээв.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Манайх шиг эмийн зохицуулалтаа хувийн хэвшилд, Бөмбөгөрийн эмийн сангуудад, онлайн худалдаачдад даатгасан улс хэд байдаг юм бэ. ЭМЯ эрүүл мэндийн салбарын бодлого тодорхойлдог байгууллага. Та бүхэн юу хийж байна. Эмийн асуудал улсын үндэсний аюулгүй байдлын асуудал мөн үү. ЭМЯ, Хүний эмийн зөвлөл, тэнд орсон гишүүд нь өөрсдөө эм, эмнэлгийн хэрэгслийн бизнестэй хамааралтай. Асуудал нь маргааш илчлэгдэнэ. Өнөөдөр өвчтэй иргэдийн төлөөлөл ирсэн байна. 4092 эм хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад орсон ч, хэрэгтэй эм нь ороогүй байна. Үүнд ямар эм ороод байна. Хүний эмийн зөвлөл ямар эмүүдийг оруулаад байна. Өөрсөддөө ашигтай, хамааралтай эмийг оруулаад байна уу. Шаардлагатай эм нь яагаад орохгүй байгаа юм. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар дүн шинжилгээ хийж үзсэн үү.

ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг:

-Дэлхийн ихэнх улс эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлдэг. ЭМЯ зохицуулалт хийдэг. 1995 оноос хойш Монгол Улс эмийн тусламж үйлчилгээг бүрэн хувийн хэвшилд шилжүүлсэн. Ямар эмийг бүртгэх, ямар шаардлагаар тусгай зөвшөөрөл олгох, ямар эм хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад орох эсэхийг төр зохицуулж хянаж ирсэн.

Эмийн үнэ, эмийн чанарын асуудалтай холбоотойгоор төр өөрөө худалдан авалтад оролцох ёстой гэж үзсэний үндсэн дээр Тендерийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Агентлаг байгуулагдахаас өмнө эмийн хяналт салангид байсан. Энэ нь эмийн үнийн өсөлт, чанартай холбогддог. ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц салангид байж байгаад 2021 оноос Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлагийг байгуулж, бусад улс орны жишгээр нэгдсэн зохион байгуулалтад шилжсэн. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд эмийн чанарын асуудлыг төр өөрөө хариуцахаар байгаа. Үйлдвэрлэгч болон гадны олон улсын байгууллагаас чанартай эмийг шууд болон дамжуулан худалдан авах заалтыг тусгасан. Эхний ээлжинд төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудад өргөн хэрэглэгдэж байгаа 300 гаруй төрлийн эмийг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан худалдан авахаар саналаа явуулсан. 330 нэр төрлийн эмнээс 10 гаруйг нь хэт цөөн гэх шалтгаанаар буцаасан. Тэгэхээр төр өөрөө энэ оноос эмийн худалдан авалтад орж, үнэ чанарын асуудалд оролцоно.