ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

БАЙР СУУРЬ: Улс төрийн намууд бүсчилж хөгжихийн тулд популизм биш бодлого ярья гэв

O.Admin
2024-02-01

Монгол Улс 2001 онд УИХ-ын 57 дугаар тогтоолоороо “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталж байсан бол эдүгээ 22 жилийн дараа дээрх үзэл баримтлалд тулгуурлан Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого буюу Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг эхлээд байгаа билээ.

Түүнчлэн, Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан юм. Энэ хүрээнд “Бүсчилсэн хөгжлийн форум-2024” нэгдсэн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

Форум хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд парламентад суудалтай намууд Бүсчилсэн хөгжлийн урт хугацааны тогтвортой бодлогод нэгдсэн ойлголтод хүрсэнийг энэ үеэр талууд онцолж байв. Намын дарга нар энэ удаагийн сонгуулийн дүн хэрхэн гарахаас үл хамаарч, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого тогтвортой үргэлжилнэ гэдгийг онцлон тэмдэглэж байв. Тэгвэл, парламентад суудалтай улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга болон намын дарга нар бүсчилсэн хөгжлийн хэрхэн дүгнэсэн талаарх байр суурийг уншигч танд хүргэе.

Д.Амарбаясгалан: Тойргийн эрх ашигт нийцсэн бодлогыг халж, хөгжлийн том бодлого хэрэгжүүлье

/МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/ 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, парламентын гишүүдийн тоог нэмэхээр болсон. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн хуулийг холимог системд шилжүүлэхээр заасан. Өмнө нь сонгуулийн хуулиар холимог системд шилжээд  нэг сонгуулийн дараа буцсан тохиолдол бий. Холимог системийн үр өгөөж  2-3 циклийн сонгуулийн дараа гарах учиртай. Тиймээс можиратори тойргоос 78 гишүүнийг, 48-ыг порпорцианаль системээр буюу намын нэрээр сонгодог болно.

Энэ бүгдийн цаана улс орны хөгжлийн том бодлого хэрэгжүүлье,  тойргийн эрх ашигт нийцсэн бодлогоос бүрэн татгалзъя гэсэн агуулга бий. Парламентад суудалтай намууд ярилцаж ойлголцсоны үндсэн дээр Монгол Улсад анх удаагаа бүсчилсэн тойргийн системийг нэвтрүүлсэн. Нэг тойргоос нэг гишүүн биш, 10, ес, долоон гишүүн сонгогдох нөхцөл боломжийг бий болгож чадсанаар бүсийн хөгжлийг авчирч чадна гэж үзэж байгаа. Энэ удаагийн бүсчилсэн хөгжлийн бодлогыг 2003 онд яригдсан бүсчилсэн хөгжлийн бодлогоос ялгаатай авч үзэх ёстой. Энэ удаагийн бүсчилсэн хөгжлийн бодлого тухайн бүсийн онцлогт тохирсон, бүсэд багтаж буй аймаг орон нутгийн хөгжил боломжийг нь дэмжихэд чиглэсэн.

Баруун бүсэд Говь-Алтай, Завхан, Ховд, Увс гэсэн дөрвөн аймаг багтсан.  Бүсийн төв нь эдийн засаг, бизнесийн төв гэдгээрээ Ховд аймаг байх боломжтой. Тэгвэл Баруун бүсийн мал аж ахуй, газар тариалангийн хангалт хийх боломжтой аймаг нь Увс. Харин байгалийн үзэсгэлэн, цаг уурын байдлаараа Завхан аялал жуулчлалын төв болох боломжтой бол Говь-Алтай сэргээгдэх эрчим хүчний төв буюу ногоон эрчим хүчний төв болж хөгжих боломжтой юм. Говь-Алтайд 1000 оюутантай АШУҮИС-ийн салбар байдаг.

Үүгээрээ ч баруун бүсийн эрүүл мэндийн салбарын төв болох боломжтой. Энэ мэтээр илүү прагматик байдлаар харж ажиллаж байна. 2024 оныг Засгийн газраас Бүсчилсэн хөгжлийн дэмжих жил болгож зарласан. Өнгөрсөн намар Ерөнхий сайд орон нутгаар тойрч ажиллахдаа аймаг орон нутгийг бүсчилсэн хөгжлийн интеграцид орох боломжийг бий болгоё, аймгуудыг холбох автозамын төслийг эхлүүлье гэсэн шийдвэр гаргасан. Ингэснээр бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжих суурь нь тавигдаж байна гэж үзэж байгаа. Үүнийг улс төрийн намууд манлайлах ёстой. Улс төрийн намууд нэгдэж, бат зогсож чадвал улс оронд хөгжлийн бодлого ирнэ.

Лу.Гантөмөр: Хөрөнгө оруулагчдыг дэмжсэн бодлого гаргаж ирэх нь зүйтэй

/АН-ын дарга/ 

-Говийн бүс салхи, нар, түүхий эд буюу баялагийн нөөцтэй. Байгаа нөөцөө хэрхэн ашиглах нь бүс нутгийн хөгжлийн хамгийн чухал хөшүүрэг. Үүнд төр засаг ямар боломж олгох вэ. Татварын ямар хөнгөлөлт байх вэ. Жишээ нь, эрчим хүчний нөөцтэй говийн бүсэд эрчим хүчний үнийг чөлөөлнө. Говьд ус хамгийн хэрэгтэй. Усыг тэнд аваачхын тулд асар их хөрөнгө оруулалт хэрэгтэй. Эргээд эдийн засагт ашигтай байхын тулд усны үнийг чөлөөлнө гэх ч юм уу. Энэ мэтээр бид тодорхой бүсүүд дээр тохирсон хөрөнгө оруулагчдыг дэмжсэн бодлого гаргаж ирэх нь зүйтэй.

Парламентад суудалтай намууд ойлголцож, зөвшилцөөд Үндэсний баялагийн сангийн хуулиа нэгдсэн байдлаар гаргахаар тохиролцсон. Хууль нэгдсэн байдлаар гарснаар Монгол Улсын баялагийн тухай байр суурь хоёрдмол байхаа болино. Гурван талт маргаанд орохоо болино. Ирээдүйн өв сан нь юу вэ, Төсвийн тогтвортой байдлын сан гэж юу вэ, хуримтлалын сан, хувьцааны ашиг нь ямар байх нь тодорхой болсноор аяндаа уул уурхайн бодлого тогтвортой болно. Хөрөнгө оруулалтын бодлого тогтворжино. Тиймээс үндэсний баялагийн санд том босготой өөрчлөлт хийж болохуйц хууль гаргая гэсэн бодолтой байна.

Т.Доржханд: Популизм хийхээсээ илүү бодлого ярья

/ХҮН-ын дарга/

-Эдийн засаг сэргэж буй нь бодит үнэн. Ам.долларын ханш тогтворжсон, инфляци буурч, макро үзүүлэлт сайжирч буй нь үнэн. Гэхдээ манай эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, улс төрийн байдлыг дагаж савладаг.

Бид сонгуульд ялах гэж иргэдээ хуваадаг бус эсрэгээр тогтвортой, залгамж чанартай, урт хугацаанд үргэлжлэх, дотоодын болон гадны бизнес эрхлэгчдэд ойлгомжтой, бизнесээ төлөвлөхөд эдийн засгийн болоод улс төрийн орчин найдвартай бөгөөд бизнесээ хийхэд тогтвортой орчныг бүрдүүлэх нь бидний үүрэг. УИХ-д суудалтай гурван намын дарга нар хоёр дахь удаагаа эдийн засгийн форумд гурвуулаа хамт оролцлоо.

Үүгээрээ иргэд, бизнес эрхлэгчид, гадны хөрөнгө оруулагчдад сонгуульд аль нь ч ялсан Монгол Улсын Засгийн газрын өнөөгийн болон ирээдүйн бодлого тогтвортой байна гэсэн сигнал өгөхийг зорьсон. Үүнээс гадна, эдийн засгийн бодлогыг тогтвортой хадгалагдана, гадна дотны бизнесүүдэд ээлтэй байна. Иргэдийн бодит орлогыг өсгөх чиглэлээр улс төрийн намууд нэг байр суурьтай байна.  Үр дүнд нь та бүгд эргэлзэхгүйгээр бизнесээ хийж, ажлын байр бий болгож, орлого ол, Монголын эдийн засагт хөрөнгө оруул гэсэн дохиог өгөхийг хүсэж байгаа юм.

Монгол Улс өөрсдийн төлөвлөлт байхгүйгээр 70 жил явж ирсэн. 30 жил зах зээлийн эдийн засгийн тогтолцоогоор явсан. Гэхдээ үр дүнд нь өнөөдөр монголчууд бүгд өртэй байна. Том бүтээн байгуулалтыг том бүсдээ хийдэг байя. Монгол Улс уламжлалт буюу МАА, уул уурхай, аялал жуулчлал гэсэн үндсэн гурван салбартай. Бүс нутагтаа эдгээр салбарын алийг нь хаана хөгжүүлэх юм бэ гэдэгт бодлогоороо мэтгэлцэе. Популизм хийхээсээ илүү бодлого ярья. Бүгд тэгш хангамжтай байх хэрэгтэй байна. Бид шийдэл дээрээ төвлөрч чадвал хөрөнгө оруулалтаа шийдэх боломжтой. Гэхдээ бүгдийг улсын төсвөөс шийдэх боломжгүй тул хувийн сектор, гадны хөрөнгө оруулалт маш чухал гэдгийг онцгойлон тэмдэглэмээр байна.