ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ИРЭХДЭЭ ШИЛЭН, ЯВАХДАА ШИРЭН

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-08-14

Шилэн Цогоо ширэн Цогоо болохыг хардаг азтай хүнээ гэж баярлаж хөөрөх нь ч хаашаа юм. Азгүй хүнээ би гээд бархирч уйлах нь ч хаашаа юм. Анхлан миний мэдэхээр тэр жилийн сонгуулиар ФМ радиогийн хөтлөгч Цогоо намын хэвлэл мэдээлэлд оччихоод өрсөлдөгч намынхаа нэр дэвшигчийг гүтгэсэн гэж шоронд орж байлаа. Тэр үед бол хөтлөгч Цогоо, Шорон Цогоо болсон юм. Дараа нь Шилэн дансны хууль батлагдахтай зэрэгцэн өрсөлдөгч намынхаа дарга нартай аж ахуйн нэгжүүдийн тайлан тооцоог ухаж баахан манаргав.

“Жиргэгчид” түүнд шилэн Цогоо хэмээх алдар хүртээв. Сайхан нэр шүү, шилэн Цогоо. Нам нь ялсан даруйдаа 60 тэрбумын схемээр түүнд дэд сайдын суудал өгсөн юм даг. Аан эсвэл авсан юм даг. За эндээс л шилэн Цогоогийн шил хагарч, ширэн арьс нь ил гарсан хэрэг. Өнгө зүс нь хар болохоор тэгсэн үү, арьс үс нь үхэр, гахайн шир шиг байсан болоод тэгсэн үү? Аль эсвэл хийж хэрэгжүүлж байсан ажил нь ичмээр байхад өөрөө ширэн царайлсан болоод тэгсэн үү ямартай ч ширэн Цогоо хэмээх нэрийг зүүгээд амжив.

Твиттэр дүүрэн “Хуучин 1000 вагон оруулж ирсэн гэнээ, ширэн Цогоо. Хоолноос нь ялаа гарснаас болоод зарга хийж гэнэ, ширэн Цогоо. ЕБ-ын Сургууль төгсөөгүй гэнэ, ширэн Цогоо. Хуурамч дипломтой гэнэ, ширэн Цогоо. Галт тэрэг унаж гэнээ, ширэн Цогоо” гэх мэт үнэн, худал мэдээлэл өдөр бүр хөвөрнө. Харин мань хүн шинэхэн авсан нэрэндээ зохицсон аятай ширэн царайлаад л тэс хөндлөн юм ярина.

Саяхан Ерөнхий сайд хариуцлага алдсан хэмээн Зам тээврийн хөгжлийн яамны удирдлагуудыг ажлаас нь чөлөөлөхөд мань хүн “би уг нь сүүлийн үед үүсээд буй нөхцөл байдалтай шууд буюу шууд бус оролцоогүй хэдий ч ёс зүйн хувьд хариуцлага хүлээе” хэмээн бас л ширэн царайлав. Өөрийнх нь удирдлаганд байсан салбарт галт тэрэг онхолдож, газрын дарга нар нь архидаж, нэгнээ алж байхад “би шууд буюу шууд бус оролцоогүй” хэмээн яаж хэлж чадаж байна аа. Ёстой л ширэн Цогоо юм даа. Хамгийн сүүлд өчигдөр өөрийн хуудсанд төрийн ордонд инээгээд алхаж буй зургаа оруулаад “Нас минь залуу, дэлхий ертөнц уужим. Хариуцлага ёс зүйтэй төрийн төлөө ажиллах болноо” хэмээн бичжээ. Тэр хүнд өөрийнх нь удирдсан салбарт учирсан хохирол, хүний амь, ажлын алдаа түй ч хамаагүй бөгөөд ёс зүйн хариуцлага хүлээсэн гэдэг нэрээр ширэн нүүрлээд явлаа. Баяртай.