ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийслэлийн иргэний хувиар гэртээ байж тус болооч

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-11-21

Дотооддоо 142 тохиолдол бүртгэгдсэн цар тахалтай монголчууд, тэр дундаа тангараг өргөсөн албан хаагчид 10 хоног тулалдаж байна. Энэ хугацаанд ...дугаар хорооны Доржийн эрх ашгийг ч хангахаар шийдвэр гаргах гэж Нийслэлийн Онцгой комисс болон УОК-ын гишүүд хэрэндээ л зүдрэв. Нэг шийдвэр гаргахаар нэг хэсэгт нь таалагдахгүй, нийтэд хамаатайг гаргахаар нөгөө хэсэг нь зүхэж занах гэх мэтээр эхийг нь эцээж тугалыг нь тураахгүйн тулд гаргасан шийдвэрээсээ ч хэд, хэдэн удаа ухрах асуудал үүслээ.

Тухайлбал, УОК-оос гаргасан өдрийн цагаар тэг зогсолт хийж, шөнийн цагаар хүнсний тээвэр явуул гэсэн шийдвэрийг хэдэн өдөр хэрэгжүүлсэн ч шөнийн нойроо авах шаардлагатай гэсэн жижиг дэлгүүрүүдийн шаардлагаар гаргасан шийдвэрээ өөрчлөхөд хүрэв. Уг нь манайхаас бусад улс оронд хүнсний тээвэр ихэвчлэн шөнөөр явдаг гэдгийг хүн бүхэн л мэднэ. БНСУ, Японд ажиллаж амьдардаг монголчууд, оюутнууд ч хүнсний тээвэр хүргэлтийн ажилд шөнөөр ажиллаж, мөнгө олдог.

Ингэснээр өглөө бүхэн цоо шинэхэн өндөг, талх, бусад хүнсний бүтээгдэхүүн иргэн таны гарт хүрдэг гэсэн үг билээ. Харин манайд энэ бүхэн нутагшаагүй учраас түгжрэлийг зохицуулах гэсэн төрийн шийдвэр хэдхэн хоногийн настай болж, гаргасан шийдвэрээсээ ухрахад хүрлээ. 1.4 сая хүн амтай метрополитан хот атлаа шөнөөр ажилладаг дэлгүүр байхгүй, лангуун дээр хэд хоног болчихсон хөгцөрсөн талх иддэг, өндөг нь хоногтоо заримдаа өнжөөд лангуунд ирдэг учраас хадгалалтын хугацаагаа гүйцэхгүй мууддаг зэрэг олон асуудал байгаа. Уг нь замын түгжрэл, цаг зав, түгээлтийн машин хүлээдэг, олон жолооч зэрэг ажиллуулдаг зэрэг бэрхшээлтэй асуудлаа нэг мөр шийдэхийг хүсвэл хүнсний дэлгүүр, худалдааны төвүүд ээлжийн ажилтан гаргаж шөнөөр бараагаа хүлээн авдаг, хүргэлтийн машин нь хоногоор ээлжилдэг 2 ээлжийн жолоочтой болчихвол ид түгжрэлийн цагаар 5 машин, 5 жолооч ажиллуулахаас хамаагүй бага зардлаар асуудлаа шийдэж болох билээ.

Даанч бид ийм соёлд суралцах яагаа ч үгүй учраас энэ тухай яриаг түр хаая. НОК ч шийдвэрээ цуцалсан учраас илүү үг дэмий биз. Цаашдаа цар тахлын дараа хотын соёлын тухай ярих гэж байгаа бол QR кодтой албан ёсны түгээлтийн машин нь шөнөөр түгээлтээ хийдэг зэрэг шинэ соёлд суралцах л шаардлагатай болох ёстой. Зөвхөн шөнөөр архи зардаг гэсэн явцуу үзлээр дэлгүүрээ хаасаар байвал түгжрэлийн асуудлаа ч шийдэж чадахгүйд хүрэх билээ.

Өвчин тахал гарчихлаа гэж сануулсаар байхад л ширхэг өндөг, толгойн эм авах нэрийдлээр иргэд дэмий шахуу гадагшаа гарч байгаа нь худлаа биш шүү. Хүний аминд хүрдэг өвчин шүү гэж хэлээд байхад л караокед орсноо нууснаас болж нэг орцны зургаан айлын 18 хүн халдвар авчихлаа. Халдвар авсан хүн нь маршрутаа худлаа мэдүүлснээр өнөөдрийн байдлаар 142 хүн вирусаар өвдчихлөө.

Хоногт л энэ тоо 21-ээр нэмэгдээд байвал буурай хөгжилтэй бидний хувьд өвчлөлөө дарж дийлэх үү. Зөвхөн уушгины сүрьеэ өвчнөөр жилдээ 5000 иргэнээ алддаг улс орон атлаа иргэд бид яагаад ийм хариуцлагагүй байна вэ. Эмнэлгийн хүрэлцээ хангамж, эмчийн тоо, эдийн засгийн боломж нь дааж давах билүү, нийслэлчүүд ээ. Бид л ганцхан төрийн шийдвэрээ эсэргүүцэж байна. Гэтэл Дархан, Эрдэнэт, Говьсүмбэр зэрэг аймгууд тэг зогсолт хийж, хүнс эмээ хүргэлтээр аваад болж л байна.

Нийслэлд ч хүнсний хүргэлт, эмийн хүргэлт гарчихсан. Ухаалаг утсаа ганцхан тогшоод л бүгдийг хаалганыхаа гадна авчрах боломжийг ашиглаж чадахгүй ширхэг талх, өндөгний төлөө гадагшаа гүйж байгаа нь худлаа биш. Шагийн архи дуудлагаар авч уудаг, яагаад шөнөдөө 100, 200 –гаараа эрүүлжүүлэхэд орж байна вэ. Яагаад хүнсээ харин авч чадахгүй байна вэ. Ажлаа гэрээсээ хий гэж шахсаар байхад албан байгууллагадаа дуудах нь хэний эрх ашиг вэ гэвэл даргын л үзэмж, эрх ашгийн асуудал. Ээлжээр ажиллуулах, шаардлагатай биш бол гэрээс нь ажиллуулах боломж байсаар байхад заавал оффис руу ир хэмээн шахаж байгаа асуудал зөндөө бий. Мөн ах, дүүгээрээ очих, хөл хориог амралттай эндүүрч айл хэсэх хүмүүс ч байгаа учраас иргэний үнэмлэхний QR кодыг таниулж, энд амьдардаг хүн мөн үү гэдгийг шалгана хэмээсэн нь буруутгах асуудал биш болчихоод байгаа юм.

Халдвартай орцноос гарсан иргэн хаагуур явснаа нуугаад байвал хот тэр чигээрээ эрсдэлд орох учраас хүний эрхийг зарим талаараа зөрчих шийдвэр гаргавал буруу хэмээн зөрүүдлээд суухад хэцүү цаг үе иржээ. Халдвар тархаж эхэлсэн гэдгийг мэдэгдээд 11 хоног өнгөрсөн, караоке тоглолт үзсэн хүмүүс халдвар авсан байж болзошгүй гэдгийг сануулан шинжилгээ өгөхийг долоо хоногийн турш шаардсаар байхад  нэг ч хүн очихгүй байна гэдэг нь бидний ямар ухамсаргүй байгааг харуулж буй юм. Нийслэлийн иргэн нэг бүрийн төлөө гаргасан шийдвэр гэдгийг цаг ямагт санаж, нийтээрээ есхөн хоног тэвчицгээе.

Улсын болон нийслэлийн онцгой комиссын шийдвэрээ дагацгаая. Нөхцөл байдал бидний тооцоолсон шиг амархан биш. Цар тахлыг бага эрсдэлтэй давахын тулд чармайж болохгүй юу, бүгдээрээ. Караокед орсноо, тоглолт үзсэнээ нуулаа гээд та эдгэхгүй, эрүүл болчихгүй. Илүү олон хүнд өвчин тараана.

Ганц талхны төлөө гарч гүйлээ гээд та төрийн шийдвэрийг дагаж байгаа хэрэг биш. Талхан дээрээ өвчин аваад орж ирэх эрсдэл ч бас бий гэдгийг санаж, гэр гэртээ л байцгаая. Тахлын хязгаарлалтыг хумихад мэргэжлийн байгууллагадаа иргэн хүний хувиар туслая. Аргаа барсандаа тэд хөдөлгөөнийг хорьж байна. Иргэний үнэмлэхээр шалгана гэлээ. Зорчих цагийг хязгаарлаж, зорилготой гарсан уу гэдгийг хянаж буй учраас зүгээр л гэртээ байж тус болооч.