ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Байгалийн өмнө өвдөг сөхрөөгүй ухаан

Т.БУЯНДЭЛГЭР (сэтгүүлч)
2020-07-03

Нар сарыг ээлжлэн угтаж, өдөр хоногийг  мартах шахам хөдөлмөрлөхийг шаарддаг газар тариалангийн салбарт зүтгэж яваа энгийн нэгэн гэр бүлийг “Эгэл амьдрал” буландаа онцоллоо. Тэд бол Дархан-Уул аймагт газар тариалан эрхлэдэг Балжхүүгийн Төмөрбаатар,  гэргий Чоймболын Батзаяа нар юм. Төмөрбаатар гуай Булган аймгийн Хутаг-Өндөр суманд Ц.Балжхүү  Ш.Цэрэндэжид нарын хоёр дахь хүү болон мэндэлжээ. Тэрээр 1980-1990 онд  Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1-р арван жилийн сургуулийг дүүргэж ОХУ-ын Орел хотноо 1990-1992 онд хөргөлтийн машинист мэргэжлээр төгсөж ирээд 1992-1993 онд цагдаагийн 801-р цэргийн ангид алба хаасан аж.  Тэрбээр, эхээс 10-уулаа буюу дээрээ таван эгч, нэг ах, доороо гурван эрэгтэй дүүтэй. 1980-аад онд том эгч нь (22настай) нийслэл рүү сурахаар явж, ах нь (19настай) цэргийн албанд байх хугацаанд эцэг нь өөд болж бага балчраасаа амьдралын хатууг амссан хэмээн бидэнд хуучилсан юм. Ээж нь 18 настайгаас эхсүүлээд нэг ой ч хүрээгүй найман хүүхэдтэй хоцорч, амьдралынхаа төлөө чадан ядан зүтгэх нь тэр.  Том эгч нар нь дүү нараа асарч Б.Төмөрбаатар  дүү нартайгаа хэдэн малаа хариулж ахынхаа эзгүйд өрхийн тэргүүний үүрэг гүйцэтгэнэ. Аавыгаа өнгөрснөөс хойш арван жилийн хугацаанд эгч нар нь Дархан болон нийслэл хот руу номын мөр хөөхөөр явж, хөвгүүд л ээжийнхээ дэргэд үлдсэн гэдэг. Харин бага дүү нь арван нас хүрч ээждээ тус дэм болохуйц мундаг эр болсон учраас тэднийг одоо сурч, ажилла хэмээн эгч нар нь Дархан хотоос дууджээ. Ингээд ах дүү гурав газар тариаланд хүч үзэхээр зориг шулуудан ирсэн нь өнөөдрийн бүтээсэн амьдралын эхлэл,  түүчээ болсон юмсанж.

Дархан хотод ирээд, хэсэгхэн хугацаанд ажилласны дараахан  1996 онд Б.Төмөрбаатар гуай гэргий Батзаяатайгаа танилцаж дөрвөн хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болжээ. Төд удалгүй өрх тусгаарласан идэр залуу тусдаа тариалан эрхэлж, шаргуу хөдөлмөрлөсний эцэст Улсын аварга тариаланч хэмээх эрхэм алдрын эзэн болж чаджээ. Анх төмс, лууван, сонгино, шар, хүрэн манжин гэх хүнсний ногоо тариалсаар 24 жилийнхээ босгон дээр сая  нэг улсаас ийнхүү үнэлүүлсэн нь энэ аж. Нөр их хөдөлмөр, бүтээл гаргасан эрийн цаана сайн, халамжтай гэргий байдаг гэж ярьдаг даа. Түүн шиг  Б.Төмөрбаатар гуай “ханьтайгаа хамт олон жил зүтгэсний үр дүн дээ. Хань минь ямар сайн ар тал гээч” хэмээн бахархан ярих дуртай. 

Харин түүний эхнэр нь,  “Ажилчдаа манлайлан шаргуу ажиллах нь нэг талаараа тэдэнд урам өгнө. Нөгөө талаас эрүүл мэндэд ч сайн” хэмээн даруухан, инээмсгэлэн өгүүлсэн юм. Тэрбээр,  1974 онд агноромич Ө. Чоймбол Ч. Аюушжав нарын хоёр дахь хүүхэд болон Дархан-Уул аймгийн Орхон суманд төржээ. Сумынхаа 8-р арван жилийн сургуулийг 1990 онд дүүргэж Хөнгөний техникумд Ноосны технологич мэргэжлээр 1993 онд төгсч ирээд Төмөрбаатартай ханилсан.  Гаднаас нь харахад дөрвөн хүүхдийн ээж гэж хэлмээргүй гоолиг биетэйг ч хэлэхүү,  наснаасаа нэлээд залуу харагдана  билээ. Тэрбээр, үүнийгээ  их хөдөлгөөний ач тус гэж байлаа.

Тэдний тариалангийн салбарт амжилтад хүрсэн нь эцэг Чоймбол гуайн нөлөө их бөгөөд түүний ажлын туршлагаас суралцан, зөвлөгөөг нь дагасаар өдий зэрэгт хүрсэн гэдгээ дурдаж байлаа. Өдгөө тэд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт байрлах 20 га газартаа төмс, хүнсий ногоо тариалж хүн амыг эх орны хөрсөнд ургасан хүнсээр хангаж ажиллаж байна. Түүнээс гадна, аймгийнхаа зарим иргэдийг ажлын байраар хангаж, өдгөө үндсэн хоёр ажилчин, нэг тогооч болон зун, намрын их ажилд 20-50 хүнийг өдрөөр цалинжуулан байрлуулж ажиллуулдаг байна. Мөн Дархан хотноо байрлах 150-200 тонны гурван зоориндоо ногоогоо хадгалан ирэх хавар хүртэл хүн амыг хүнсний ногоогоор хангаж байгаа билээ. Зундаа ногооны талбайдаа гэр барин суурьшиж услагаа болон зэрлэг ургамлаас ногоогоо хамгаалах их ажилтай.

Б.Төмөрбаатар гуай, “Ган их болж бороо хур багатай бол услагаа их хийнэ. Услагаа их хийхэд түлш их орно. Тиймээс хур бороо л бидний хангай дэлхийгээсээ их гуйдаг зүйл дээ. Гэхдээ 6,7 сардаа орвол их сайн. Учир нь төмс, лууванг бодвол сонгино эрт гардаг ногоо тул хураах цагаар ус нь ихэдвэл ялзрах талтай. Ер нь их эмзэг ногоо гэх үү дээ.   Хэрвээ тэгэх юм бол алдагдалд орно шүү дээ” гэж  хэлсэн нь хүнсний ногоо тариална гэдэг их мэдлэг оюун, авьяас билиг, хөрөнгө хөдөлмөр шаардсан ажил гэдгийн харж болохоор байна. Халуунд халж, хүйтэнд хөрөхийн хэцүүг асуувал “Хэдийгээр байгалийн өмнө хүчин мөхөс ажил ч гэлээ ногоогоо сайхан ургуулаад арвин ургац авч ард иргэдийнхээ гарт хүргэх үед сэтгэл тэнийгээд сайхан болчихдог юм” гэсэн нь аливаа мэргэжил бүхний гэгээлэг тал нь хүнд аз жаргал болдог гэдгийг бодогдуулах шиг. Ганц гэм нь ногоо гүйцэд болох үед хол ойрын малчид ногооноос хулгайлах явдал мэр сэр байдаг гэнэ. “Зарим нь ч хэлээд, гуйгаад авдаг юм. Сүү тараг, мах шөл авдаг хэдэн малчид бий. Монгол хүн юу байна түүгээрээ солилцоод болдог л юм. Харин ганц нэг хэнэггүй нөхдүүд л гуйж чадахгүй зөөгөөд байх юм. Уг нь ч ихээр авах биш 5,10 шуудайхан л зөөдөг. Яахав хангай дэлхийн хишиг буяныг хуваалцдаг л юм чинь гээд зүгээр өнгөрөөдөг ч 5,10 ч гэсэн хүний хөлс хүч шингэсэн юм болохоор уг нь хэлээд авч байвал зүгээр юмсан. Залуучууддаа хэлэхэд, хөдөлмөрлөж олсон хоол л хамгийн амттай байдаг юм шүү” гэлээ. Ингэж хад чулуунд бүдчин байж чирж өсгөсөн 10 хүүхэд нь ажилтай төрөлтэй, амжилттай яваад Ш.Цэрэндэжид гуай баярлаж, бахдан 31 ач зээ, 16 жичээ тойруулан налайн суудаг гэнэ билээ. Хамгийн том жич нь энэ жил 17 нас хүрчээ. Б.Төмөрбаатар гуай “Гучаа үзэх гээд л ануухнаараа байгаад байх шиг санагддаг юм. Ээж маань хүүхдэд их хайртай. Би харъя, би харъя над дээр аваад ир л гээд байдаг. Хүүхдээс уйдна гэж харин ч нэг байхгүй дээ хэмээн инээгээд суудаг. Юм гэдэг их учиртай. Аав минь их залуугаараа өөд болсон ч  ижий маань 90 настай золгох гээд явж байна. Нэг нь нөгөөгөө нөхдөг гэдэг нь энэ байхдаа. Ижийнхээ ачаар л өдий зэрэгтээ явж байна. “Бурууг хийвэл хатуу ээж” гэж сайхан дууны үг байдагчлан ээж маань бидэнд их ширүүн ханддаг байсан. Аргагүй шүү дээ, ийм олон хөвгүүд чинь дийлдэхгүй. Тэрний хүчинд л энэ зэрэгтэй байна даа. Тэрнээс биш яаж ч явах байсан юм билээ. Ижийтэйгээ өдий нас хүртлээ хамт байгаадаа их л баярлаж явдаг даа. Хүн ер нь зовлон үзэх тусмаа ухааждаг юм билээ” гэж ижийнхээ тухай ярьсан сайхан үгээр бид яриагаа өндөрлөсөн юм.