ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гэрч: Цагдаа, эмнэлгийнхэн ирэхэд талийгаач амьсгаатай байсан

O.Admin
2018-05-01

Машин ачилтынхан нас барсан эрэгтэйг машинтай нь хамт журамласан талаарх мэдээлэл олны анхаарлын төвд байна. Үнэн худал нь мэдэгдэхгүй, сураг таамгийн шинжтэй тэдгээр мэдээллийг нягталж, олон нийтэд үнэн бодитой хүргэх зорилгоор тус хэргийн араас сурвалжиллаа.

Баянгол дүүргийн 20 дугаар хо­роо­ны нутаг дэвсгэр, бид­ний нэрлэж заншсанаар Гур­вал­жин­гийн гүүрний урд талд байрлах “Хөсөг трейд” ХХК-ны эзэмшлийн автомашины ТС-6 журмын хашаанд, Ниссан маркын машин дотор эрэгтэй хүн нас барсан байдалтай олдлоо гэх дуудлага энэ сарын 23-ны өдөр цагдаагийн газарт иржээ.

Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтсийн алба хаагчид хэргийн газарт үзлэг хийхэд 57 настай, эрэгтэй Г, өөрийн эзэмшлийн суудлын машиндаа ямар нэгэн гадны нөлөөгүйгээр нас барсан байдалтай олджээ. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 10.4.1-ээр эрүүгийн хэрэг үүсгэн, Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Эрүүгийн хуулийн уг заалт нь “Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход хүргэсэн, гарцаагүй байдалд хүргэсэн” гэсэн байгаагаас үзвэл цагдаагийнхан уг хэргийг амиа хорлолт гэж үзэж байгаа бололтой.

Үхлийн шалтгааныг нарийвч­лан тогтоохоор Шүүхийн шин­жил­гээний үндэсний хүрээ­лэнгийн шинжээч томилогдон ажиллаж байгаа бөгөөд дүгнэлт нь хараахан гараагүй байгаа аж. Хэрвээ дүгнэлт гарах аваас хэзээ нас барсан, угаартсан уу, осгосон уу, гадны нөлөөтэй юу, эсвэл амиа хорлолт байсан уу гэдэг нь тодорхой болох гэнэ.

Шүүхийн шинжилгээний дүгнэлт 20 хоногт эцэслэн гардаг тул түүнээс өмнө таамаг мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг эх сурвалж хэллээ. Ямартай ч, хэргийн газарт эхний үзлэгийг хийхэд цогцос хөлдөж, хөшилт үүссэн байдалтай олдсон тухай цагдаагийн газрын эх сурвалж мэдээлсэн юм.

Биднийг “Хөсөг трейд” ХХК-ний журмын хашаанд очиж, болсон хэргийн талаар сураглахад тэнд ажил­ладаг хүмүүс цагдаагийн байгуул­лагаас зөрүүтэй мэдээлэл өглөө.
Тодруулбал, талийгаач Г-ийн машиныг анх Баянгол дүүргийн төв зам дагуу нэгдүгээр эгнээнд байрлуулсан байхад нь 2017 оны аравдугаар сарын 20-ны өдөр “Авто гранд мастер” ХХК-ний ачлагын баг цагдаагийн зөвшөөрөлтэйгээр ачиж, тус журмын хашаанд авчирчээ.

Машиныг анх ачиж ирэхэд дотор нь хүн байгаагүй гэдгийг журмын хашааны жижүүр баталж байв.

Талийгаач машинаа авахаар гурван ч удаа журмын хашаанд ирсэн гэх бөгөөд ямар нэгэн шалтгааны улмаас машинаа авч чаддаггүй байсан бололтой. Журмын хашаанд суудлын автомашин хонуулахад хоногийн 4000 төгрөгийн төлбөр авдаг гэнэ. Тэнд нэг сар байлгахад сарын 120, хоёр сар байлгахад 240 мянга гэх зэргээр төлбөр нь өсч байдаг аж. Үүнээс үзвэл ачилтын болон машиныг удаан хугацаанд байрлуулсан төлбөр өндөр гараад авч чадахгүй байсан байж ч болзошгүй байна.

Тус журмын хашаанд ажилладаг, нэрээ нууцлахыг хүссэн эрэгтэй “Талийгаач журмын хашаан дахь машинд анх олдохдоо амьд байсан. Цагдаа, түргэний тэрэг ирээд түүнийг амьсгаатай байхад нь авч явсан” хэмээн батлан хэллээ.

Журмын хашааг бүхэлд нь хянадаг хяналтын камер байдаг аж. Тэрхүү камерын бичлэгт ч талийгаач Г-ийн амьд ахуйдаа дэлгүүрт орж, гарч байгаа болон журмын хашаанд орж, гарч байгаа бичлэг байсан гэнэ. Харин тэрхүү бичлэгийг нь цагдаагийнхан хэргийн нотлох баримт болгон авч явжээ.

Журмын хашааны жижүүрүүд иргэдийн өндөр үнэ бүхий эд хөрөнгийг хариуцаж байдгийн хувьд сардаа дор хаяж нэг удаа зогсоолд журамлагдсан бүх машинуудыг шалгадаг аж. Түүнчлэн журмын хашаагаар ямар ч хүнийг сул чөлөөтэй оруулж гаргадаггүй гэдгээ хэллээ. Хэвлэлд бичээд байгаа шиг талийгаач машиндаа гурван сар болсон зүйл огт байхгүй, байх ч боломжгүй гэдгийг хэлж байна.

Шүүхийн шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах үед бүх зүйлийн учиг тайлагдана гэдэгт найдаж байна. Ямартай ч, хэргийн мөрөөр сурвалжлахад ийм дүр зураг гарч ирлээ.